Ц.ТӨМӨРХУЯГ: Монголын нийгэмд мөнгөгүй л бол тэсэж үлдэх, амьдрах нөхцөлгүй цаг ирсэн

Admin | 2023-09-15


“ТНГРИ” энтертайментийн анхны “СОНГОУЙЛ 2000X кино бүтээл өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 21-нд нээлтээ хийв. Уг бүтээлийн туслах дүрд тоглосон Монголын Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягтай нээлтийн үеэр цөөн хором ярилцлаа. (Архив 2022.01.23)

-Та уг бүтээлд ямар дүр дээр ажиллав. Дүрээрээ үзэгчдэд юу ойлгуулахыг зорьсон бэ?

-Улс төрд нөлөө бүхий нэгэн хүний дүрийг бүтээх гэж ажилласан. Томоохон компани хариуцсан босс  гэж ойлгож ч болох юм. Ямар ч уран бүтээлийн эсрэг дүр байсан жүжигчин хүн чинь заавал өмөөрч тоглодог шүү дээ. Нийгмийн хууль, түүний хэрэгжилт, хуулийн цоорхойг ашиглагчид, тэдний хэрхэн хуулийн цоорхойг ашиглаж ард иргэдийг хохироож мөнгөний төлөө зүтгэж байгаа өнөөгийн нийгмийн төрхийг харуулахыг зорьсон. Монголын ард түмний бодол яалт ч үгүй мөнгөөр дүүрэн байна. Мөнгөгүй л бол монголын нийгэмд ч тэсэж үлдэх, амьдрах нөхцөлгүй цаг ирсэн. Тэгэхээр хүн болгон л мөнгөний төлөө явж байгаа.

-Таны хувьд сөрөг талын дүрийг ихэнхдээ бүтээдэг. Тэдгээр дүрүүд ч мөн бодит амьдралд байдаг. Тийм дүрүүд дээр ажиллахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Хүн болгоны судлагаанаас болно л доо. Зарим киноны зохиолоосоо шалтгаална. Аль болох эерэг дүрүүд эсрэг дүрүүдийг бүтээхэд тодорхой хэмжээгээр  өмөөрч л тоглоно. Нийгэмд өнөөдөр хуулиас гадуур амьдарч байгаа, хуулийн хүрээнд хязгаарлагдаж амьдрахгүй байгаа олон хүн бий. Манай Монголд маф бүлэг байна гэх нь юу юм. Гэхдээ тодорхой хэмжээний бүлэг,  хуулийн сул талт орон зайг мэдрэн ашиглаж, завсар зайгаар нь авлига гэж том зүйлийн үндсийг тавьж, мөнгөөр бүгдийг нь шийдэж байгаа хүмүүс цөөнгүй бий.

 

-Эдгээр бүтээлүүд нийгмийн ямар нэг асуудлыг хөндөж байгаа юу?

-Товчхондоо нийгэмд болж буй үйл явдлын процесс. Нийгмийн ирээдүйг урьдчилан харж зөгнөсөн бүтээл биш. Нийгэмд буй залхиа, булхай өөр ямар асуудлууд байгаа билээ дээ бүгд мэднэ. Тэр бүрийг л гаргах гэж, энэ бүтээлээр хүмүүст сэргээш өгөх гэж, ийм зүйл болоод байгаа шүү гэж сэргээн сануулах сэдлийг өгч чадах бүтээл болов уу гэж хувьдаа бодож байна.

-Таны өмнө бүтээж байсан дүрүүдээс юугаараа онцлог байв?

-Зохиол бүр ситвац нь ондоо. Босс нөлөө бүхий хүний дүрүүд дээр өмнө нэлээн ажиллаж байсан ч уран бүтээлчийн хувьд гэвэл дүр бүрээ ялган тоглох чадвартай байх чухал. Дүрийн нөхцөл бүр өөр учир тухайн нөхцөлд тохируулан яаж ажиллах вэ гэдэг зүйлээрээ ялгагддаг. Гэхдээ нийгэмд яг байгааг харуулах нь гол юм.

-Та сүүлийн үед ямар бүтээлүүд дээр ажиллаж байна?

-Одоогоор 5-6 бүтээл дээр ажиллаж байна. Нэг нь гэвэл “”Хулигаан гээд залуучуудын сэдэвтэй, энэ сарын 30-нд зураг авалт нь дуусах кинонд ажиллаж байгаа. “Фантастик” продакшны 30 ангит кино мөн эхлэх гээд уншлагын шатандаа ороод, бэлтгэл ажил явагдаж байгаа гээд иймэрхүү уран бүтээлийн ажлуудтай байна даа.

Ц.Ганчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)