Бид идэр есийн хүйтэнд гадуур бага явж, ганц нэг гарахдаа байдгаараа дулаалан гарахыг хичээдэг. Харин бидний мэдэхээр Багшийн дээдийн урд байрлах нүхэн гарц дотор морин хуур тоглодог настанг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүний хувьд өглөө 08:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл хүйтэн цементэн дээр морин хуураа тоглож суудаг юм. Түүнийг С.Жаргалсайхан гэдэг ажээ. Увс аймгийн Түргэн суманд төрсөн бөгөөд хөдөө сумандаа мал маллаж байгаад 25 жилийн өмнө буюу 1997 онд Улаанбаатарт орж иржээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.
-Анх морин хуураа яаж сурч байв. Энд морин хуур тоглоод хэр удаж байна вэ?
-Морин хуураа амьдралаа залгуулахын тулд хувиараа өөрөө сурсан. Энэ нүхэн гарцанд морин хуураа тоглоод зургаа дахь жилээ болж байна. Өглөө 8:00-17:00 цагийн хооронд тоглодог.
-Та ямар ая тоглох дуртай вэ?
-Цацал дууг морин хуураараа тоглох дуртай.
-Гэртээ хэдүүлээ амьдардаг вэ. Гэр тань хол уу?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Гэр 32-ын тойрогт байдаг. Өглөө оройдоо автобусаар яваад л ирдэг. Хоёр хүүхдэдээ мөнгө хураахыг хичээдэг. Нас биед хүрээд хүнээс гуйж амьдрахгүй амар шүү дээ.
-Энд суухад танд тулгардаг бэрхшээл юу байна?
-Өдөржингөө сууж олсон мөнгийг минь энэ хавийн согтуучууд шүүрээд л аваад явчихдаг. Үнэхээр зовлонтой. Хааяа хүмүүс ирж хөөж тууна. За одоо явлаа гээд л явахгүй гүрийгээд суугаад байдаг юм. Яадаг юм. Би гэм хийж байгаа биш. /Инээв/
-Хүмүүсийн харилцаа хандлага ямархуу байна?
-Харилцаа хандлага яахав дээ, гайгүй. Энэ олон хүн дунд янз янзын л ааштай хүмүүс байх юм.
-Гадаа хүйтэн байна, ялангуяа нүхэн гарц дотор. Яагаад заавал энэ газрыг сонгосон юм бэ?
-Эндээ суух амар байдаг юм. Хүний хөл ихтэй газар шүү дээ. Хааяа даа хоёр гар мэдээгүй болж, өдөржингөө хуураа тоглохоор тохой тэнийхгүй болтлоо хөших үе олон. Гарандаа бээлий өмсмөөр байвч морин хуураа тоглож чадахгүйд хүрнэ. Даарсан ч яахав дээ. Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин юм шүү дээ.
-Анх хотод ирээд юу хийдэг байв?
-Дэнжийн мянгад мах зөөнө, юм шуудайлна, нүх ухна. Олон ажил хийдэг байсан. Одоо ч надад олддог ажил гэж юу байхав.
-Бидэнд амьдралынхаа жаргалтай мөчөөсөө хуваалцаач?
-Найзтайгаа байсан үе маань надад сайхан байсан даа. Ганц найз байдаг байсан. Нэрийг нь "Бөх" Болдоо гэдэг байсан. Хамгийн сүүлд хэзээ уулзсанаа санахгүй байна. Холбоогүй болоод уджээ.
-Цагаан сарынхаа баярыг хэрхэн тэмдэглэх вэ?
-Юмны үнэ арай дэндүү байна. Энэ жилийн Цагаан сард олон юм бэлдэхгүй ээ. Тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ нэмнэ л гээд байдаг худлаа л ярих юм. Хамаатны хүн жоохон бууз өгсөн. Тэгээд л болгочихно доо.
Тэрээр өдөржин морин хуур тоглож хоногийн хоолоо залгуулна. Учир нь тэтгэвэрийн мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй учир үүнээс өөр сонголтгүй гэж ярих аж. Заримдаа хүмүүс настай хүн даарчихлаа гэсээр халуун уух зүйл авч өгдөг гэнэ. Бидний ард морин хуураа тоглосоор үлдэв. Хүмүүсийн холхилдоон дунд ая нь бүдэг бадаг сонсогдсоор алсрав.
А.Мөнхнаран
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 16 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 17 цагийн өмнө
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 19 цагийн өмнө
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 21 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 22 цагийн өмнө
Б.НЯМТАЙШИР: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмж...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16