Т.УНДАРМАА: Жилд 6000 орчим хүн хавдартай бүртгэгдэж байна. Үүний 75 хувь нь хожуу шатандаа орсон байдаг

Admin | 2022-01-27


Манай улсад хавдар судлалын салбар 1960-аад оноос бие даасан салбар болж тусламж үйлчилгээгээ үзүүлсээр өдийг хүрсэн билээ. Гэвч хорт хавдраар өвчилж буй иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр байна. Хавдрын өвчин тойрсон асуудлаар ХСҮТ-ийн Нөхцөл байдал, хавдраас сэргийлэх арга замын талаар хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаатай ярилцлаа.

-Манай улсад өнгөрсөн оны байдлаар хавдартай 6000 шахам хүн бүртгэгдэж,  4000 гаруй хүн нас барсан гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр хавдартай хүмүүс хүндэрсэн үедээ эмнэлэгт хандаж байна уу?

-Тийм. Хавдартай хүмүүсийн тоо нэмэгдэхээр хүмүүс эмнэлгийн байгууллагуудыг хожуу үед нь илрүүлээд байгаа юм шиг ойлгодог. Жилд дунджаар 5900-6000 гаруй хортой хавдар хүн оношлогдож байна.  Үүний 75 хувь нь хожуу үе шатандаа орсон байдаг. Үлдсэн 25 хувь нь эрт үе шатандаа буюу эмчлэгдэх боломжтой үедээ эмнэлэгт хандаж байна. Хавдарт эрт үеийн хүчтэй шинж тэмдэг гэж биед илэрдэггүй. Хүний биед хавдар шүү гэж шууд мэдрэгддэггүй гэсэн үг. Нэлээн хожуу үедээ л шинж тэмдэг биед илэрдэг. Тиймээс л иргэд урьдчилсан сэргийлэх үзлэгтээ сайн дураараа байнга хамрагдах шаардлагатай байна. 

-Хавдраар өвчилж буй хүмүүсийн дийлэнх хувийг аль насныхан эзэлж байна вэ?

-2021 оны хавдрын тохиолдолд дүгнэлт хийж үзэхэд 45-аас дээш насны хүмүүс нийт хавдрын тохиолдлын 86 хувийг эзэлж байх жишээтэй.

45 нас гэдэг бол хүний ажил хөдөлмөр эрхэлж байх нас шүү дээ. Хэрэв халдварлах чадвартай хавдраас урьдчилан сэргийлж чадвал өвчлөхгүй байх бүрэн боломжтой. Гэхдээ урьдчилан сэргийлэх боломжгүй удам дамжсан хавдар гэж бас бий. Тухайлбал, хөхний хавдар, бүдүүн гэдэсний хавдар ордог. 

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хэр хугацааны давтамжтай орох хэрэгтэй вэ?

-40-өөс дээш насныхан жил бүр хэвлийн ЭХО-д харуулах, жилд нэг удаа ходоодоо дурандуулах, 30-аас дээш насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээ өгчихвөл хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

-Манай улсад ямар төрлийн хавдар зонхилж байна вэ?

-Дэлхий дээрх хүн амын дунд нийтдээ 19 сая гаруй хорт хавдар тархсанаас уушгины хавдар, хөхний хавдар, бүдүүн, шулуун гэдэсний хавдар давамгай байна гэсэн судалгаа бий. Харин манай улсын хувьд жилд оношлогдож байгаа хорт хавдрын нийт тохиолдлын 33-35 хувийг элэгний хавдар эзэлж байна. Энэ бол сүүлийн 20 жилд тогтмол бүртгэгдэж байгаа тоо. Дараа нь ходоодны хорт хавдар, уушгины хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар болон улаан хоолойн хорт хавдрууд орж байна. Эдгээр зонхилж буй хавдрууд нь халдварын буюу урьдчилан сэргийлэх боломжтой хавдар байгаа юм.

-Дээрх хавдруудыг удамшлын бус учраас урьдчилан сэргийлэх боломжтой хавдрууд гэж хэллээ.  Яаж урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Элэгний хавдрын эрт илрүүлэлтийн үед B, C болон дельта вирусын халдвартай байгаа эсэхээ шинжилгээгээр мэдэх ёстой. Харин умайн хүзүүний хорт хавдрын хувьд гурван жилд нэг удаа үзлэгт орох хэрэгтэй. Өвчлөлийн статистик мэдээнээс харвал 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа бол 55-60 насны эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолдож байна. Улаан хоолойн хавдарт 40-өөс дээш насны хүмүүс уян дурангийн аргаар улаан хоолойгоо дурандуулж байх хэрэгтэй.

-Хавдартай иргэдийн хичнээн хувь нь ХСҮТ-д оношлогдож байна. Эмнэлгийн ачааллын тухайд?

-Хавдар тал дээрээ ачаалал өндөр байдаг. Хөл хорионы үед ч энгийн үетэйгээ ижил ачаалалтай ажилласан. Мөн ачаалал нэмэгдээд байгаа шалтгаан нь хөдөө орон нутагт хавдрын оношлогооны тоног төхөөрөмж тэр дундаа хавдрыг ялган оношлох төхөөрөмж дутагдалтай байгаагаас үүдэлтэй. Нийт оношлогдож буй хавдрын 30 хувийг ХСҮТ дангаараа оношлож байна.

-Нэгэнт хавдартай гэдгээ мэдсэн хүмүүс эмчилгээнээс гадна юуг анхаарах хэрэгтэй талаар та зөвлөхгүй юү?

-Мэдээж хавдрын онош сонссон хүмүүс сэтгэл санааны хувьд хүнд байдалд ордог. Хамгийн гол нь яаж түүнийг даван туулах вэ гэдгийг л сэтгэл зүйчтэйгээ ярилцаж, тэднээс тусламж авах нь зөв. Энэ нь сэтгэл санааны байр байдал эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлнө. Хавдар зөвхөн хувь хүний өвчин бус гэр бүл, нийгмийн өвчин. Гэр бүлийн нэг хүн хавдар туслаа гэхэд гэр бүлээрээ шаналж, зовдог. Урт хугацааны туршид шүү дээ.

                                                                                                         А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)