Хоёр чингэлэг биш хоёр зуун чингэлэг оруулж ирмээр байна, Л.Халтар сайд аа!!!

Admin | 2021-12-08


Д.ДАВААСҮРЭН

Энэ долоо хоног бүхэлдээ МАН-ын Их хурлаар амьсгаллаа. Гор нь ажил хийх хүнгүй хурал хуй, ой гэж гүйсээр Чуулганаа ч бүтэн хийсэнгүй. Цөөн суудалтай АН-ынхан ч амаа үдүүлсэн аятай чимээгүй өнгөрөв. Эцэст нь бид хоёр чингэлэг ачаатай хоцров бололтой.

Яаав, нөгөө ТЭГ цэгээс өдөрт хэдэн арваар нь чингэлэгтэй бараагаа оруулаад ирнэ, маргааш, яг маргааш гэсээр өнөөдрийг хүрлээ. Монголын маргааш ямар дуусах биш. Хамгийн сүүлд Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар “БНХАУ-ын талаас хоёр чингэлэг ачаа оруулж ирлээ” хэмээн мэдээлэл өгсөн. Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Замын-Үүдэд очсон. Гадаад харилцааны дэд сайд Эрээн дэх консулын газрынхантай, цааш нь БНХАУ-ын талтай холбогдож байгаа байх. Үдээс хойш тодорхой чиглэл гарна гэж найдаж байна. Хятадын талаас “Хилийн боомтууд дээрх халдварын дэглэмээ чангатгаж, аль болох халдваргүй, ногоон бүс болгох тал дээр анхаараач ээ” гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан. Харамсалтай нь манай талаас хилийн боомтуудаа ногоон бүс байлгаж чадаагүй. Цаашид бид ч гэсэн зүгээр суулгүй хилийн боомтууд дээрээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих ёстой. Дундын бүсэд байгуулсан талбай нь 50 орчим чингэлэгийн багтаамжтай. Энэ бол эхний шатных. Цаашдаа байнгын тээвэр эхэлбэл 50 чингэлгээр эхэлнэ гэсэн үг. Ингээд эхлэхээр хоёр талаас техник, тоног төхөөрөмжийн хувьд нэмэх шаардлага байгаа эсэхийг харна. Олон хоног ярьсан учраас БНХАУ-ын талаас хоёр чингэлэг орж ирж байгаа. Одоо Гашуунсухайт боомтын хувьд ч гэсэн хүнд нөхцөл байдал үүсээд байна. Ганцмод боомтод очоод шинжилгээ өгсөн зургаан жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан. Нөхцөл байдлаас хамаарч, БНХАУ-ын талаас ямар шийдвэр гаргах нь тодорхой биш байна. Гадаад харилцааны яамаар дамжуулан албан мэдээлэл ирэх байх” хэмээн ярьсан.

Хил хаалттай, бүх л юм хомсдолтой энэ үед өдөрт хоёр биш 200 чингэлэг оруулж ирмээр байна. Ядаж эхний ээлжинд цаанаас заасан 50 чингэлэгээ асуудалгүй оруулж ирж байж бид хомсдлын асуудлаас бага багаар гарна.

Гэтэл манай төр засгийн удирдлагууд олон хоног ярьж, гуйж гувшиж байж арай гэж хоёр чингэлэг оруулж ирсэн юм аа даа, янз нь. Тэрийгээ баатарлаг гавьяа байгуулсан аятай ярьж байна. Хил хаалттай үед хоёр чингэлэг оруулж ирлээ гэсэн ухааны юм ярих нь. Хамаг бурууг тээврийн жолооч нар руу тохож, хариуцлага нэхээд байх шиг. Нөгөөтэйгүүр Хятадын талаас бэлтгэлийн гүйцэтгэлийг шалгадаг ч байнга бэлтгэл хангагдаагүй гэх шалтгаан яригдах боллоо. Тийм дарга тэгж Замын-Үүдийн боомт дээр ажиллаж байна л гэх юм. Ядаж бэлтгэлээ хангачихаж чаддаггүй төртэй улс юм уу, бид чинь.  Тэр дундаа салбарын сайд нь ийм тайлбар хийгээд суухаас үнэндээ ичих хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)