Ц.БАРХАС: Эрчүүдийн нийгмийн асуудлыг шийдэхдээ эхлээд боловсролд нь анхаарах хэрэгтэй

Admin | 2022-03-15


Эрчүүдийн нийгмийн асуудал, тулгамдаж буй зарим зүйлсийн талаар “Аппрентис Монгол” шоуны ялагч, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Борлуулалт, маркетинг хариуцсан дэд захирал Ц.Бархастай цөөн хором ярилцлаа.

-Нийгэмд эрчүүд хангалттай манлайлал үзүүлдэг. Харин эрчүүдэд чиглэсэн нийгмийн үйлчилгээ дутмаг, хүйсийн тэгш бус байдал гарч байгааг та тоон илэрхийллээр сонирхолтой тайлбарлаж байсан?

-Манай улсын хэмжээнд 60 урологийн эмч байдаг юм байна. Урологийн 60 эмчийг улсынхаа нийт эрчүүдийн тоонд хуваавал нэг эмчид 26 мянган эрэгтэй оногдож байна гэсэн үг. Эдгээр 26 мянган эрэгтэй урьдчилсан сэргийлэх байдлаар нэг эмчид 30, 30 минутаар үзүүлэхээр дугаарлалаа гэхэд тухайн эмчид 4.5 жил шаардлагатай. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд дугаарлаж буй үйлчлүүлэгч 4.5 жил хүлээх шаардлагатай болж байгаа юм. Үүнээс харахад эрчүүд төрийн  бодлогын гадна үлдсэн байгааг тод харуулж байна.

-Эрчүүд дийлэнхдээ би яах вэгэсэн хандлагатай байдаг?

-Эрчүүдийн асуудал бол улс эх орны асуудал юм. Үүнийг ганцхан эрчүүд гэх тусдаа ойлголтоор ойлгож болохгүй. Гэр бүл гэдэг зүйл эхнэр нөхөр гэх хоёр хүнээс бүрдэж бий болдог шүү дээ. Эрчүүдийн асуудлыг шийдэж байж урагшилна.

-Төрийн тэргүүн эрчүүдийн асуудлыг шийдэхэд анхаарал хандуулаад эхэлчихлээ. Нэн түрүүнд юуг анхаараасай гэж хүсч байна вэ?

-Би эрчүүдийн боловсролыг нэн тэргүүнд гэж боддог. Залуучууд боловсролтой байвал өөрийн эрүүл мэнддээ аяндаа анхаардаг болно. Боловсролтой хүн эхнэртээ гар хүрч болохгүй юм байна гэдгийн мэддэг болно, архи уух нь бага байна. Мөн өөрийн болоод иргэн хүнийхээ үүрэг оролцоог ойлгодог, мэддэг, ухамсарладаг болно. Тэгэхээр бүх зүйлийн үндсэн суурь бол боловсрол юм. Иймд эрчүүдийн боловсролд хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байна. 

-Боловсрол гэдэг системийн урт хугацааны үр дүнгээс хамааралтай. Өөрчлөлтөд багагүй хугацаа шаардагдах байх даа?

-Манай хүү яах вэ, охиноо л боловсролтой болгоё гэх энэ хандлага сүүлийн 30 жил оршин байлаа. 30 жил энэ маягаар явсан зүйлийг гурван сарын дотор өөрчилнө гэдэг хэцүү. Гэхдээ энэ хандлагаа өөрчлөхийн тулд өнөөдрөөс хичээхгүй бол цаашид нийгмийн хөгжил тэнцвэртэй явж чадахгүй. Өөрчлөлтийн салхи оруулах ёстой. Урт хугацаа шаардах боловч өөрчлөлтийг эхлүүлэх л ёстой.

                                                                                                      А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)