Б.ДОЛГОРСҮРЭН: Монгол улс дижитал эдийн засаг руу шилжих нь тодорхой болчихсон

Admin | 2022-03-27


Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй Вирутал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай  хууль тойрсон асуудлаар ярилцлаа.

-Виртуал хөрөнгөө хуульчилсан улс хэчнээн байдаг вэ?

-Дэлхийн 130 орчим улс виртуал хөрөнгийг зохицуулсан хуультай. Литва, Балт орчмын улсууд бие даасан хуультай. Бусад орны хувьд хууль эрх зүйн тогтолцоо, үндэсний онцлог, хэв маягтаа тулгуурлаад өөр өөр байгаа. АНУ, Европын холбооны улсууд гэхэд л Үнэт цаасны зах зээлийн хуулиараа зохицуулчихдаг. Койн, токеныг үнэт цаас гэж үзвэл үнэт цаасны хуулиар зохицуулна гээд л явчихдаг. Хувьцаатай адилтгаад үзчихдэг гэсэн үг. Бүх улс мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх чиглэлээр хуультай байдаг. Зарим орон энэ чигийн хуулиараа зохицуулчихдаг. Өндөр эрсдэлтэй, мөнгө угаах боломжтой учраас  улс орнууд виртуал хөрөнгийг  хуулиар зохицуулаад байгаа юм. Тийм учраас улс орнууд виртуал хөрөнгийн асуудлыг өөр өөрийн өвөрмөц шийдлээр хуульчилж зохицуулдаг. Манай улс бүх хувилбарыг судалсан. Монголын хууль эрх зүйн орчны тухайд Үнэт цаасны хууль, Компанийн хууль гэх мэт органик хуулиар койн токеныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ бүхнийг бодолцож үзээд бие даасан хууль баталсан.

-Виртуал хөрөнгийг ор тас хорьсон улсууд бас байна. Манай улсын хувьд яг ямар шалтгаанаар бие даасан хуультай болъё гэж шийдсэн юм бол?

-Бүх улсад хоёрхон сонголт бий. Нэг бол Орос, Хятад шиг хориглоно. Эсвэл тодорхой хэмжээнд зөвшөөрч хяналтдаа авах. Монгол улс хоёр дахь замыг нь сонгочихлоо. Хүссэн хүсээгүй технологи хөгжиж байна. Ийм байхад хоригловол урт хугацаандаа манай улсад  л хохиролтой. Тэгж хараад бие даасан хууль баталсан хэрэг л дээ.

-Виртуал хөрөнгийн чиглэлээр бие даасан хууль батлагдсанаар хэрэглэгчдэд үүсэх давуу тал гэвэл та юуг онцлох вэ?

-Хэрэглэгчдэд олон давуу тал үүснэ. Илт залилангийн муу юм руу орох эрсдлийг нь хааж өгнө гэсэн үг. Энэ мэт эрсдэл харьцангуй багасна. Хууль батлагдахаас өмнө айхавтар үйл явц өрнөөд өнгөрснийг та мэдэж байгаа. Хэн дуртай нь койн гаргасан. Үүнээс болж олон хүн мөнгөөрөө хохирсон, цөөн зарим нь ч овоо мөнгөжсөн байх. Хууль батлагдсанаар бүх зүйл тодорхой болж байгаа. Хэн дуртай нь койн гаргахаа болино. Хэн дуртай нь платформ ажиллуулахгүй. Шалгуур хангасан нь л платформ ажиллуулна.

-Цахим биржийг платформ гэж тодотгоод байна уу?

-Ер нь бол платформ гэх нь зөв л дөө. Платформ байгуулахад хөрөнгө шаардаад байхгүй. Хүссэн нь цөөхөн доллар зарцуулаад байгуулчихаж болохоор хямд өртөгтэй. Өмнө нь нийгэмд танигдсан нэр хүндээрээ платформ байгуулаад хөрөнгө мөнгө татчихдаг байсан бол одоо тэгэх боломжгүй. Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэж авсан хүмүүст л эрх үүснэ. Бүртгэлгүй этгээд койн гаргаж чадахгүй гэсэн үг. Ингэчихээр энэ зах зээл ойлгомжтой, тоглоомын дүрэм нь тодорхой болчихож байгаа юм.

-Хуулийн онцлох зохицуулалтуудаас сонирхуулаач?

-Шилжилтийн үеийн зохицуулалтыг хийсэн. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш дөрвөн сарын дараа СЗХ бүртгэж эхэлнэ. Ингээд харахаар бүртгэл маань ирэх зургадугаар сарын 26-наас эхэлнэ. СЗХ энэ өдрөөс эхлэн хүсэлт хүлээж авна. Дараагийн нэг өвөрмөц зохицуулалт гэвэл бүртгэж эхэлснээс хойш гурван сарын дотор буюу ирэх есдүгээр сарын 25-ны дотор өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй платформыг эзэмшигчид амжиж бүртгүүлсэн байх ёстой. Тэр хугацаанд бүртгүүлээгүй бол шууд хаагдана.

-Виртуал хөрөнгийн зах зээлд оролцогчид платформоо бүртгүүлэхэд ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ?

-Энэ чинь цэвэр технологи. Тэр утгаараа олон улсад мөрдөгддөг технологийн шаардлагууд тавигдана. Үүнээс гадна Монгол улсын стандартаар тогтоосон кибер аюулгүй байдал, хувь хүний нууц гэх мэт бүх шаардлагыг хангасан байх ёстой.

Төрийн бүртгэсэн платформ койнуудыг өөр дээрээ лист хийгээд явна аа даа. Түүнээс гарсан үр дагаврыг төр хариуцахгүй гэж хуульчилсан. Энэ платформын онцлог нь асар өндөр хэлбэлзэлтэй. Өнөөдөр мянган төгрөг байснаа маргааш нэг төгрөг болохыг үгүйсгэхгүй. Эсвэл өнөөдөр нэг төгрөг байснаа маргааш мянган төгрөг болж өсөхийг ч үгүйсгэх аргагүй. Энэ онцлогийг хэн ч хянах боломжгүй. Ямар нэг үйлдэл хийгээд зогсоох аргагүй өвөрмөц онцлогтой. Тийм учраас “Ийм онцлогтой зах зээлд оролцож байгаагаа ойлгож, өөрийн мөнгөө итгэл үнэмшлээрээ хийгээрэй” л гэж байгаа.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэр хатуу байгаа вэ?

-Энэ хуулийг дагаад 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хүмүүсийн сонирхол татахаар өөрчлөлт гэвэл Зар сурталчилгааны тухай хуулийг онцолмоор байна. Энэ хуулиар таван үйл ажиллагаа хийхийг хориглосон. Үүнийг  зөрчвөл зөрчлийн хэргээр захиргааны арга хэмжээ авна. Илт худал мэдээлэл өгч өөрсдийгөө сурталчлахыг хориглосон. Олон нийтэд зориулсан зар сурталчилгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжина. Илт худал мэдээлэл дамжуулбал, тийм чигийн контент бэлдэж өгвөл хариуцлага хүлээнэ гэсэн үг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд энэ чиглэлээр цацах реклам сурталчилгаагаа бидэнтэй ярьж зөвлөж гаргасан нь дээр юм билээ. СЗХ-ноос ОНМХ-ийн гол байгууллагуудад сануулга, зөвлөмж бүхий албан бичиг хүргүүлнэ. Үүнээс гадна Эрүүгийн хуулиар ял авах хатуу хариуцлага бий. Залилангийн схем ажиллуулсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

-Мэргэжлийн төвшинд хариуцлагатай тоглогчдод л илүү өндөр боломж байгаа юм байна даа.

-Тэгж ойлгож болно. Ер нь их өндөр босго тавьж байгаа. Мэргэжлийн ёс зүйтэй байх шаардлага тавигдана. Эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг энэ салбарт оруулахгүй. Аль болох ил тод, цэвэр байвал энэ зах зээлд орж байгаа хүмүүсийн эрсдэл багасна. Түүнээс биш эрсдлийг 100 хувь хаах боломжгүй.

-Виртуал хөрөнгийн дэлхийн хөгжил, чиг хандлага цаашдаа илүү хөгжиж өргөжих нь тодорхой болчихсон. Тэр хэрээр хуулийн зохицуулалт нь илүү нарийсч таарах байх?

-Хүссэн хүсээгүй бүх зүйл дижитал руу шилжиж байна. Манай улс ч гэсэн цахим үндэстэн болохоо зарлачихсан. Тусдаа яам байгууллаа. УИХ-д байнгын хороо байгуулсан. Монголын технологи дэлхийд мундагтаа орж байгаа нь олзуурхууштай.

IT технологийн шийдлээрээ дэлхийд гэж яригдаж байгаа. Наад захын жишээ гэхэд л гар утсаараа бүгдийг амжуулж байна. Банк орох хэрэгцээгүй болчихлоо. Даатгал хийлгэе гэвэл гар утаснаасаа л амжуулчих боломж нээгдсэн. Ингэчихээр хэрэглэгчид маш төвөггүй амьдарч байна. IT технологийн энэ хурдацтай дэвшил бүх шатанд явах ёстой. Монгол улс дижитал эдийн засаг руу шилжих нь тодорхой болчихсон. Үүнд СЗХ манлайлах байр суурьтай оролцоно гэж хараад ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)