С.НЯМГЭРЭЛ: Монголын биржүүдийн нэгдсэн холбоонд криптовалютын Coinhub, Complex, DAX зэрэг 14 байгууллагын гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна

Admin | 2022-05-03


  Монголын биржүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал С.Нямгэрэлтэй ярилцлаа.

-Монголын биржүүдийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг танилцуулахгүй юу. Учир нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид гэсэн шинэ ойлголт гарч ирсэн шүү дээ?

-Сайн байна уу, юуны өмнө та болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүрье. Монголын Биржүүдийн нэгдсэн холбоо нь энэ оны эхээр үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар үнэт цаасны бирж, Coinhub, Complex, DAX, Trade.mn, Capex, Corex, Zoos Digital Exchange, CoinMart, X-Meta, Stock Chain, NCX, NomadX зэрэг 14 байгууллагын гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай холбоо нь Монголын уламжлалт хөрөнгийн зах зээл болон технологид суурилсан виртуал хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилготой болно.

-Тухайлбал үнэт цаасны, криптовалютын гээд тусдаа хэдэн бирж манайд байна вэ?

-Түрүүн дурдсан манай холбооны гишүүн Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар үнэт цаасны бирж нь үнэт цаасны бирж билээ. Криптовалютын биржийн хувьд манай холбооны гишүүдээс гадна 4-5 бирж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн албан бус тоо байгаа.

-Криптовалют гэх ойлголт хүчтэй орж ирж байна. Танай холбооны зүгээс монголын крипто биржүүдийг хэрхэн зохицуулж, уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар мэргэжлийн холбоогоор дараах дүгнэлтүүдийг гаргахаар зохицуулсныг дурдах нь зүйтэй болов уу: 

  1. мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан эсэхэд 
  2. дотоод хяналтын болон мэдээллийг хадгалах системтэй эсэхэд  
  3. хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах тогтолцоо, автомат хяналтын системтэй эсэхэд

Цаашилбал, Холбоонд биржүүдийг зохицуулах бүрэн эрх байхгүй, бид өнөөдрийн байдлаар биржүүдийн хоорондын уялдаа холбоо болон хамтын ажиллагааг хангаж ажиллаж байна.

-Танай салбар тэлж байна. Тиймээс холбооны зүгээс цаашдаа ямар шинэ ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Хамгийн эхний ээлжид манай холбоо нь Монголын эрх бүхий төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, зохих албан хаагч нарт нь энэхүү шинээр бие болсон салбарын талаар танилцуулах зорилготой ажиллаж байна. Цаашлаад манай холбоо нь 10 жилийн болон оюутан залууст энэхүү салбарын талаар ойлготой болгохын төлөө зохих ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)