Н.ЗОЛЖАРГАЛ: Экспортоо нэмчихэд л оны сүүлээр эдийн засаг сэргэх боломжтой

Admin | 2022-05-03


Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын "Өдрийн сонинд" өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-Ковидын хямрал, геополитикийн хурцадмал байдал дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр байна. Дэлхийн тодорхойгүй байдал хэдий хүртэл үргэлжлэх бол?

-Ковидын айхавтар хүнд үеийг бид ямар ч байсан давсан. Гэтэл угсруулаад Орос-Украины нөхцөл залгачихаар дэлхий нийтээрээ тодорхойгүй байдалд орчихлоо л доо. Энэ тодорхойгүй байдал хэдий болтол үргэлжлэхийг таамаглахад хэцүү ч богино хугацааных биш гэдэг нь ойлгомжтой болчихлоо.

-Ойрын жилүүдэд дэлхий нийтээр сорилт хэвээр байх асуудлууд гэвэл та юуг онцлох вэ?

-Нефть, газ, хүнсний үнийн өсөлт, валют эх үүсвэрийн өртөг ойрын жилүүдэд сорилт хэвээр байх болов уу.

-Манай эдийн засаг хэцүүхэн байгаад ковид, дэлхийн геополитикийн нөлөө их бий ч засаг төрийн буруу бодлого улам нэрмээд байна гэсэн шүүмжлэл бий. Үнэхээр тийм байна уу, эсвэл бид яалт ч үгүй гадаад нөлөөллөөс болоод ийм байдалд хүрчихэв үү?

-Ковидоос болж дэлхийн эдийн засаг хоёр жилийн турш хямарсан, манайд ч яг тийм сөрөг нөлөө үзүүлснийг бид мартах гээд байна л даа. Одоо өрнөөд буй шүүмжлэлийн цаана ийм шалтгаан байх шиг.

Ковидын жилүүдэд иргэдийн орлого буурсан. Төсөв, ДНБ-д ч сөргөөр нөлөөлсөн. Эдийн засаг 2020 онд -5.3 хувь хүртэл агшсан. 2021 онд сэргэлт байсан ч тэр нь хангалттай байж чадсангүй. Эдийн засаг дөнгөж 1.4 хувиар өссөн. Ковидын өмнөх үетэй харьцуулахад одоо ч хасах хэвээрээ л яваад байгаа. 2022 оны эхэнд эдийн засгийн өсөлтийг таван хувь гэж тооцож байсан ч ОУВС хоёр хувь өснө гээд таамаглачихлаа. Өрхийн орлого, бизнес, банкуудын тухайд ч хүлээлт ер нь сөрөг талдаа болж байна. Нэг үгээр хэлбэл, 2020 оны уналтыг бид хоёр жил мачийгаад ч нөхсөнгүй. Гэтэл Орос, Украины үйл явдлаас болоод дэлхий нийтээрээ цоо шинэ хүндрэл рүү орчихлоо. Энэ явдал дэлхийн хэмжээнд эрчим хүч, хүнсний үнийг өсгөлөө. Товчхондоо үнийн өсөлт ганц манай ч биш дэлхийн асуудал болоод байна. Энэ оны хоёрдугаар сараас хүнсний үнийн ирээдүйн төсөөлөлд маш том асуудал үүсээд эхэллээ. Шуудхан хэлэхэд хүнс, эрчим хүчний үнийн ирээдүй бүрхэг байна. Манайх шатах тослох материалаа 100 хувь импортолдог, гурил ногооныхоо хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй улс. Дайнаас үүдэлтэй шинэ нөхцөл байдал бүх төсөөллийг сөрөг болгочихлоо. Ковидоос үүдэлтэй асуудлуудаасаа гарах гэж ядаж явтал дахиад шинэ сорилттой нүүр туллаа. Ингээд дүгнэхэд биднээс хамааралтай зүйл цөөн байна. Тэгэхээр үүнтэйгээ дасан зохицож цаашид яах вэ гэсэн сонголтын өмнө ирснээ ойлгох учиртай. Чиний буруу миний буруу, хямрал хэр удаан үргэлжлэх вэ мэт шүүмжлэл таамгуудаа цэгцлээд цаашаа яаж явах вэ гэсэн сонголтын өмнө ирчихлээ л дээ, улсаараа. Миний бодлоор өнгөрсөн хоёр жилийн ДНБ, инфляц, төсөв гэх мэт үзүүлэлт олон улсын түвшинд сул харагдаж байгаа ч манай улсын экспортын боломж, төсөөлөл эерэг байна. Ийм учраас өрсөлдөх чадвар, экспорт, дотоод либералчлал идэвхжсэн тохиолдолд дунд хугацааны эдийн засгийн төсөөлөл харьцангуй эерэг харагдаж байна. Ер нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай Монгол шиг жижиг эдийн засгийн хувьд сорилт байнга тулгардаг. Биднээс хамаарахгүй ирэх шок нэмэгддэг, буурдаг үе гэж бий. Гэхдээ экспорт долоон тэрбум ам.доллар орчим байгаад эдийн засгийн суурь нь зөв бол хэр баргийн сорилтыг даван туулах чадвар бидний хувьд бусдаас ч илүү байх.

-Та нүүрс, зэсийн үнэ түүхэн доод цэгтээ хүрсэн үед төв банкийг удирдаж байсан. Тэр жилээс хойших анхны том сорил нь ковид, Орос, Украины асуудлаас үүдсэн эдийн засгийн хямрал боллоо. Та түрүүн энэ тодорхойгүй байдал багагүй хугацаанд үргэлжлэх байх гэсэн. Ийм үед найдлага төрүүлсэн давуу тал маань нүүрс, зэс, алтны экпорт байх нь...?

-Ерөөсөө л тийм. Ийм хэцүү сонголт, үргэлжилсэн урт хугацааны сорил дэлхийн түүхэнд байнга тохиолдоод байдаггүй. Бидний хувьд сүүлд тохиосон сорил гэвэл 2013-2015 оны хямрал. Нүүрс 30 ам.доллар болоход ийм нөхцөл байдалд орж байсан. Валют олохгүй байгаа шалтгаан нь өөр ч эдийн засагт үзүүлэх нөлөө нь тэр үетэй их төстэй. Одоогийн нөхцөлд бид арай илүү паниктаад байх шиг байна. Нүүрс 30 ам.доллар руу уруудах үед тээвэрлэж аваачаад ч ашиг хийхгүй нөхцөл үүсчихсэн байсан. Өөрөөр орлого олохгүй нөхцөлтэй улсаараа нүүр тулчихсан. Гэтэл өнөөдөр нүүрсний үнэ 200 ам.доллар давчихсан яваа. Үнэ нь ийм өндөр учраас эхний улирлын экспортоо гурав, дөрөв дахин эрчимжүүлэхэд нөхцөл байдал шууд эргэчихээр байгаа. Миний харж байгаагаар он дуусахаас өмнө байдал гайгүй болох бүрэн боломжтой. Урд хөрштэйгөө хэлэлцээ ярианд ороод аажмаар урагшлаад байх нь л чухал. 2013 оны хямралын үед экспортын ийм потенциал байгаагүй учраас хүнд байсан. Тэр утгаараа одоо бол том эрсдэл харагдахгүй байна. Зэс, нүүрс, алтны үнэ маш сайн байгаа. Засгийн газар хилийн гацаануудаа гаргаж, экспорт сайжирлаа л бол инфляц Монголбанкны тооцож буй 13 хувь, ОУВС-гийн тооцож яваа 15 хувиас харьцангуй бага тоотой гарах боломж харагдаж байна. Аз болж бид уул уурхайн олборлох хүчин чадлаа сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдүүлчихсэн. худалдан авагч улстайгаа хаяа залгасан гэх давуу тал бас бий. Хэрвээ уул уурхай байгаагүй бол, хэрвээ бүтээгдэхүүнээ тээвэрлэхийн тулд хэдэн мянган км зам туулдаг байсан бол маш том хүндрэлтэй нүүр тулах байсан.

-Нүүрс, зэсийн баяжмалаа төсөвт тусгасан хэмжээндээ гаргах боломжгүй нөхцөлтэй нүүр тулчихсан яваа нь том асуудал биш үү?

-Экспортын тухайд олборлолтын биет хэмжээний зорилгууд маань бидний хийж үзээгүй зүйл биш. 2017-2019 оны экспортын хэмжээ бол Монголын түүхэнд байгаагүй сайн тоонууд. Бид ийм том тоогоор экспортолж чаддаг улс. Арван жилийн өмнө 30 сая тонн нүүрс экспортолно гэдэг үлгэрийн тоо сонсогддог байсныг та мэднэ. Одоо 30 сая тонн бол хэвийн, гаргаж болохоор л хэмжээ. Яг одоо экспортолсон нүүрсээ харахаар арав орчим сая тонн байх шиг байна. Үнэ сайн байгаа үед хил боомтын асуудалдаа анхаарчихад л төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортлох нь том зовлон болохгүй болов уу. Экспортын урсгал сайжирчихвал нэг улирлын дотор эерэг үр дүн гарчихна. Учир нь манайх нээлттэй эдийн засагтай. Өрхийн бизнесийн ихэнх нь худалдаанд суурилсан, нийт аж ахуйн нэгжийн 99 хувь нь импортын бараа борлуулах бизнес эрхэлдэг. Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бизнес модель нь импортын орцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн хэлбэрээр явдаг. Яг суурь экспорт нь гээд харахаар хөдөө аж ахуйн салбарын цөөн бүтээгдэхүүнийг эс тооцвол уул уурхай дээр л тогтдог. Товчхондоо валютын орлого нэмэгдсэн тохиолдолд ханшин дээр ажиглагдах эерэг нөлөө хурдан гарах суваг нь манайд бэлээхэн байна. Нэг, хоёрхон улирлын дотор эерэг үр дүн гарч, тэр нь инфляцид нөлөөлнө гэсэн үг. Экспортын орлого нэмэгдэж валютын орох урсгал сайжрахаар инфляц багасч, ДНБ өсөх нь тодорхой. Ер нь одоогийн өндөр инфляцийн шалтгаан нь зөвхөн экспортын гацалт биш л дээ. Наад захын жишээ гэхэд л ковидын үед өрхийн орлого хэцүүдсэн гээд ипотекийн төлбөрийг хойшлуулсан нь инфляцид сөргөөр нөлөөлсөн. Сарын дөчин тэрбум, жилийн 500 тэрбум төгрөгийн тухай асуудал шүү дээ. Энэ шийдэл нь эргээд эрэлтийн инфляци үүсгээд байгаа юм. Ипотекийн зээлийн төлөлтийг сэргээхээр сард дөчин тэрбум төгрөгийн эрэлт алга болно. Тэр хэмжээгээр инфляц буурна гэсэн үг. Гэх мэтээр инфляц буурахад нөлөөлөхүйц хүчин зүйлс цөөнгүй бий.

-Валютын ханш дээр төв банкны хэрэгжүүлж яваа бодлогыг шүүмжлэх эдийн засагч цөөнгүй байна л даа. Ханшаа барих арга хэмжээ авахгүй байна энэ тэр гээд. Таны байр суурийг сонирхъё?

-Бид зохицуулалттай хөвөгч ханштай улс. Тэгэхээр валютын ханшийг зах зээлийнх нь жамаар аливаа хиймэл хязгаарлалтгүйгээр зохицуулж явах нь зөв гэж бодож байна. Валютын хяналт, хязгаарлалт ер нь буруу. Хязгаарлах тусам ханшийн дарамт нэмэгдэж, орох урсгал агшиж, тэнцвэрийг тодорхойгүй болгож, тэнцвэрийг хойшлуулдаг сул талтай. Бүр тодруулж хэлбэл, валютын орох урсгалаас ханш хамаардаг. Түрүүн хэлсэнчлэн орох, гарах урсгалыг тэнцвэржүүлээд өгөхөд л болчих асуудал. Гарах урсгалыг хязгаарлах нь цаад утгаараа орох урсгалыг агшааж байгаагаас ялгаагүй зүйл. Орох урсгал нь бидэнд харагдаж байна шүү дээ. Нүүрсээ төлөвлөсөн хэмжээндээ гаргачихад л болчихоор байгаа юм. Экспорт жигдэрчихвэл инфляц, төсөв, импорт, ханш, бизнес орчин, зээл гэх мэт макро, микро олон асуудал эрс багасах нь тодорхой.

-Хятадтай хийсэн своп хэлцэл санаа зовоосон асуудлын нэг мөн үү?

-Бид 15 тэрбум юанийн своп хэлцэл хийсэн. Түүнийгээ бүрэн ашиглаагүй. 2010 онд байгуулсан гэхээр 12 жил болчихож. Гурван жил болгон сунгаад явж байгаа. Саяхан сунгачихсан. Хоёр улсын худалдааг тогтвортой санхүүжүүлэхэд төгрөг валютын худалдаанд дэм болж байгаа зүйл. Үүргээ гүйцэтгээд яваа гэсэн үг. Валютын хяналт нэмэгдсэн ч иргэд төгрөгөөр шилжүүлгээ хийгээд юанийн бараа татаад л байгаа. Хил тээвэр дээр асуудал бий ч жижиг төлбөр тооцоон дээр гацаж байгаа хүндрэл бага байна. Харин валютын хязгаарлалтаас болоод аж ахуйн нэгжүүдийн хувьд хүндрэл нэлээд нэмэгдчихлээ. Энэ нь тэдний тухайд илүү зардал, чирэгдэл болох шинжтэй. Сүүлийн арваад жилийн дотор, ялангуяа Орос, Украины асуудлаас болоод дэлхийн худалдааны төлбөр тооцоонд төв банкууд хоорондын үндэсний валютын своп хэлцлүүд эрчимтэй хэрэглэгдэх шинжтэй байна. Магадгүй манай улсын хувьд рубль, төгрөгийн своп хэлцлийг эхлүүлэх цаг үе ирж байх шиг.

-Таны ярьснаас анзаарахад хил гаалийн асуудлаа л шийдчихвэл богино хугацаанд эерэг нөлөөлөл ажиглагдаад эхлэх нь гэж ойлголоо...?

-Богино хугацаанд асуудлууд шийдэгдэж хэвийн болох боломжтой гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газар төрийн өмчит компаниудынхаа тодорхой хувийг олон нийтэд арилжаална гээд шийдчихлээ. Улсын үйлдвэрийнхээ тодорхой хэсгийг олон нийтэд зарчихаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх эерэг нөлөөтэйгөөс гадна эрэлтийн гаралтай инфляц, улсын төсвийн алдагдал буурах учиртай. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт оны эцэс гэхэд бодитойгоор гурав, дөрвөн тэрбум ам.доллар болчих байх. Төв банкны ерөнхийлөгч доллар олох өөр боломжууд ч бий гэж дуугарсан. Ойрын хоёр сард багагүй мөнгө орж ирнэ гээд байгаа. Валютын орох урсгал нэмэгдчихээр ханш, инфляцийн нөлөө буурч л таараа. Нэг үгээр хэлбэл, дээр хэлсэн бүхэн ажил болбол эдийн засаг ОУВС-гийн таамагласан 2.0, төв банкны тооцож буй 2.5 хувиас давах бүрэн боломжтой. Ер нь инфляцид шууд бусаар эерэгээр нөлөөлдөг зүйлсийн нэг нь экспорт. Экспортгүй бол инфляцийг эерэгээр буюу ажлын байраа хамгаалж шийдэх боломж тун бага байдаг. Учир нь үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор бодлогын хүүг нэмээд байвал иргэдийн орлого багасч, ажилгүйдлийн түвшин нэмэгдээд явчих том эрсдэлтэй нүүр тулдаг. Гэтэл бидэнд экспортын эх үүсвэр хангалттай байна. Түүхэндээ байгаагүй долоон тэрбум ам.долларын экспортыг хэдэн жил хийгээд үзчихсэн улс. Өмнө нь дөрвөн тэрбум ам.доллараас хэтэрдэггүй байсан шүү дээ. Экспортоос олох валютаа найм, есөн тэрбум ам.доллар гээд яваандаа ахиулах потенциал ч бидэнд байна.

-Алтны олборлолтыг нэмэх нь валютын ханшийг барих том шийдлүүдийн нэг. Алтны экспортоо нэмэгдүүлэх бодит боломж бидэнд бий юү?

-Тийм боломж бий. Алтны ханш сүүлийн 15 жилийн дотор гурав дахин нэмэгдлээ. Олон улсын геополитикоос харвал цаашид ч өсөх магадлалтай байна. Тэгэхээр алт олборлолт дээр зоригтой ажиллах хэрэгтэй. 2013 онд төв банкинд тушаах алтны татварыг багасгах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тэр шийдвэр гарснаас хойш жилдээ дөрөвхөн тонн тушаадаг байсан алтны хэмжээ гурван жилийн дотор 20 тонн болж өссөн түүхтэй. Төрөөс зөв шийдвэр гаргавал хувийн хэвшил хариуг нь дор нь өгдгийг энэ жишээнээс харчихаж болно. Одоогийн ханшаар алтны борлуулалтын орлого бараг тэрбум доллар орчим байгаа болов уу. Үнэ нь ингэж өсдөг валютын орлогынхоо хажуугаар зүгээр өнгөрөх нь яаж ч бодсон буруу л даа.

-Засгийн газрын гадаад өр толгой өвтгөсөн асуудлуудын нэг болоод байна. Зээлээ төлөх цаг ч тулчихлаа. Өр, зээлийн асуудал бидний өмнө тулсан том эрсдэл мөн үү, эдийн засагт ирэх ачаа, дарамт нь ямар байх бол?

-Эдийн засаг дорвитой тэлэхгүй бол одоогийн өрийн хэмжээ мэдээж тодорхой хэмжээний эрсдэл дагуулна. Ачаалал ирэх нь ч тодорхой. Гэхдээ хэдийг төлж, хэдийг сунгаж чадах нь манай эдийн засгийн өсөлт, экспортын чадавх буюу валютын орох урсгалаас хамаарна. Сангийн яам, Монголбанкны хувьд яг ингэнэ тэгнэ гэсэн тодорхой зураглалуудаа гаргачихсан яваа болов уу. Тэр зураглалдаа үндэслээд шийдвэрээ гаргаж байгаа гэдэгт нь эргэлзэх юм алга. Товчхондоо өрийн менежмэнт дээр Сангийн яам, Монголбанк тодорхой шийдлүүдтэй суугаа байх. Өрийн хэмжээгээ бууруулъя гэвэл эдийн засгаа тэлэх хэрэгтэй. Эдийн засаг тэлэх хэрээр өрийн хэмжээ процентоороо буугаад явчихна. Эдийн засгаа тэлэх үндэс суурь нь та бид хоёрын байсхийгээд онцлоод байгаа экспортын өсөлт. Аз болоход экспортлох бүтээгдэхүүн нь байна, үнэ ханш нь өссөөр байна. Зэс арван мянга, нүүрс хоёр зуу, алт 1900 ам.доллар болчихлоо. Арван хэдэн жилийн өмнө алт 600 ам.доллар, зэс 2000-хан ам.доллар, есөн жилийн өмнө нүүрс гучхан ам.доллар байсан үетэй харьцуулахад манай улсын валютын эрсдэл, гадаад өрийн үйлчилгээний боломж хавьгүй илүү болчихоод байгаа. Тийм учраас өрийн менежмэнтээ зөв хийвэл Засгийн газрын гадаад өрийн хувьд том хүндрэл авчрахгүйгээр шийдэж болох асуудал.

-Хэрвээ та ийм цагт төв банкийг удирдаж явсан бол ямар шийдлүүд гаргах байсан бэ, төв банкны өнөөгийн удирдлагын шийдвэрүүдээс шүүмжлэх өнцөг харагддаг л байх...?

-Наадах чинь шууд ийм тийм гэж хариулах боломжгүй асуулт. Наад зах нь тэр хүнд байгаа мэдээлэл өнөөдөр надад алга. Тэр хүнд эдийн засагт нөлөөлөх эрх мэдэл, боломж нь байна. Тэр хүрээндээ алсыг харж шийдвэрээ гаргаж яваа байх. Миний хувьд төв банкны зүгээс олон нийтэд хүргэж байгаа мэдээллийг л авч суугаа жирийн иргэн. Би хувьдаа Монголбанкны ерөнхийлөгчийг хэцүү үед сайн ажиллаж яваа гэж харж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хоёрыг хөндлөнгөөс харахад ажлаа аваад шууд ковидтой золгосон хүмүүс. Тэднийг ажлаа эхлэх үед ковидыг хэн ч ийм удаан үргэлжилнэ гэж мэдээгүй, ковидоос болоод дэлхийн эдийн засаг, худалдаа тэр чигээрээ хоёр жил гацна гэсэн төсөөлөл ч байгаагүй. Амаргүй цаг үед амаргүй шийдвэр гаргаж явсаар өнөөг хүрсэн хүмүүс гэж хардаг. Жишээ нь, арван их наядын хөтөлбөрийг зөв, буруу гэж олон янзаар ярьдаг. Хөтөлбөрийн гурван их наяд орчим нь 2021 онд зарцуулагдсан байх. Хэрэв энэ хөтөлбөрийг цаг алдалгүй батлаагүй бол эдийн засаг 2021 онд хасах дүнтэй гарах байсан. Хасах дүнтэй гарсан бол олон аж ахуйн нэгж, нийт санхүүгийн салбар, олон мянган ажлын байранд маш сөрөг нөлөө үзүүлэх байсныг урьдчилан сэргийлж чадсан. Ингэж чадсан учраас ДНБ 1.4 хувийн өсөлттэй гарсан шүү дээ. Давтаад хэлэхэд, эдийн засгийг зөөллөсөн гурван их наяд байгаагүй бол манай эдийн засаг одоогийнхоос илүү хүнд сорилттой тулах байсан.

-Засгийн газар төв банкны эрхийг авах гээд байна, ингэж болохгүй гэх мэт шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Төв банкны хувьд иймэрхүү ажлууд хиймээр байна гээд засгаас дэмжлэг хүссэн гэж би хувьдаа ойлгосон. Валютын хяналт, импортын тансаглалаа багасгая гэх мэт асуудал дээр яриа хэлэлцээр явагджээ гэж харсан. Энэ асуудлууд дээр ойлголцоод цааш явсан гэж анзаарагдсан. Ийм тодорхойгүй цагт бие биенийхээ хийж байгаа ажлыг хоорондоо ярьж хэлэлцэхгүйгээр урагшлах аргагүй. Дэлхийн олон орны тухайд төв банк нь Засгийн газартаа харьяалагдаж ажилладаг. Наад захын жишээ гэхэд л Япон байна. Харин манайх бол тийм биш. Гэхдээ нэг л эдийн засгийн тухай ярьж байгаа болохоор өөр хоорондоо хэлэлцэж алхаа гишгээгээ тааруулж явах нь зөв. Цаг хэцүү байх тусам асуудлыг тодорхой болгохын төлөө хамтран хэлэлцэж шийдлүүдээ гаргаад явах нь хямралын үеийн олон улсын нийтлэг жишиг л дээ.

-Дундаж давхаргаа дэмжих ёстой, дундаж давхаргатай байж л улсаараа хөгжинө гэж хамгийн их ярьсан төв банкны ерөнхийлөгч бол та. Тухайн үеийн Засгийн газар ипотекийн зээлийн хөтөлбөрийг эрчтэй хэрэгжүүлсэн шалтгааныг дундаж давхаргаа дэмжсэн шийдэл гэж тайлбарлаж байсан. Гэтэл одоо ипотекийг халамж болгох гээд байна л даа, хөдөө зээлээр байр авбал тавин хувийг нь төрөөс даана энэ тэр гээд?

-2013 онд эхэлсэн найман хувийн ипотекийн нийт хэмжээ өссөөр зөвхөн жилийн төлөлт нь гэхэд 300-400 тэрбум төгрөг эргээд ороод ирдэг болсон. Ингэж орж ирсэн мөнгө ипотек болоод гардаг модел руу 2017 оноос шилжсэн юм. Түүнээс хойш үе үеийн удирдлагууд шаардлагатай гэвэл нэмж, боломжтой бол хүүг нь бууруулж явсаар ирлээ. Энэ хөтөлбөрийг сайн, муу гэж тал талаас нь харсан шүүмжлэл бий. Ингэж маргаж мэтгэлцэх нь байх ёстой эрүүл үзэгдэл. Өрнөж буй шүүмжлэл дундаас шийдвэр гаргагчид зүг чигээ олж хардаг эсэх нь “Ипотекийн зээл зөв үү буруу юу” гэсэн асуултын хариу болох байх. Хамгийн гол нь үе үеийн Засгийн газар зөв гэж харсан өнцгөөрөө шийдвэрээ гаргаж хэрэгжүүлсээр ирсэн. Нэгэнт гаргаад хэрэгжүүлчихсэн шийдвэрийг шүүмжлээд үр дүн багатай. Тухайн зүйлээ том зургаар нь харалгүйгээр нэг өнцгийг хараад шүүмжлэх нь хэр бодитой хандлага вэ гэдэг талаас нь ч бодох хэрэгтэй. 2013 оны хувьд төсвийн алдагдал их, хувийн хэвшлийнхэн, тэр дундаа барилгын салбарынхан бизнестээ хөрөнгө оруулаад өргөжүүлэх эсэхтээ эргэлзчихсэн үе таарсан. Хувийн хэвшил болон банкуудын хоёр их наяд төгрөг барилгын салбарт гацсан үе байсан юм. Яг энэ үед өрх гэрийн санхүү хасах болчихсон, ажилгүйдэл газар авах эрсдэлтэй улсаараа нүүр тулсан байсан. Ийм үед инфляцийн дарамтаа багасгаж чадвал ажлын байрыг, дундаж давхаргаа дэмжээд явах нь хамгийн зөв гэж бодсон. Ажлын байрыг хамгийн сайн дэмждэг салбар бол дэд бүтэц болон орон сууцны хөрөнгө

оруулалт. Орон сууцны хөрөнгө оруулалтын нэг давуу тал нь манай улсын хувьд эрэлт нь нийлүүлэлтээсээ байнга өндөр явж ирсэн байдаг. Одоо ч орон сууцны эрэлт өндөр хэвээр байна. Үүнийг квадрат метрийн үнэ өсөөд байгаагаас харчихаж болно. Уг нь орон сууцны үнэ уртдаа инфляцийн түвшнээс нэг их хол зөрөх учиргүй. Улстөрчид хүү, урьдчилгааг нь багасгаад ипотекоо халамж болгох гэж үзээд яваа нь эрэлт өндөр байгаагийн л шинж. Таны асуусанчлан заримдаа халамжийн чиглэл рүү яваад байгааг ер нь буруу гэж бодож байна. Ипотекийн үндсэн суурь санааг устгаад байна л даа. Ипотекийг халамж гэж ойлгож огт болохгүй. Гэхдээ ипотекийн талаарх Засгийн газрын шийдэл орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого болж хувирч байгаа бол зөв. Тэгвэл том утгаараа эдийн засгийн том асуудлыг шийдчихэж байгаа юм. Эдийн засгийн төвлөрлийг бууруулж, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих нь манай эдийн засгийн сүүлийн гучин жил шийдэж чадахгүй яваа том асуудал. Энэ том асуудлыг шийдэхэд дэм болох шийдлийн нэг гэж харж байна.

-Таны үед хэрэгжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг цөөхөн компанид боломж олгосон гэх мэтээр шүүмжилдэг. Засгийн газар одоо мах, гурилан дээр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд үнэ тогтоож болохгүй гэсэн шүүмжлэлд та ямар хариу өгөх вэ?

-Юуны өмнө нэг зүйлийг онцолмоор байна. 2012 оны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тухайд Засгийн газар, УИХ-аар хэлэлцээд гаргасан шийдвэр. УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг нь төв банкинд ирсэн. Тэр үед үнэ тогтворжуул гээд тогтоол гаргаж өгч байсан бол одоо хууль батлаад үүрэг өгч байна. Өнгөрсөн үеийн, одоо цагийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ялгаа нь энэ. Тухайн үеийн үнэ тогтворжуулах хөтөлбөр УИХ-ын шийдвэргүй хийгдсэн мэтээр тайлбарлаад байдаг ч үнэн хэрэгтээ тийм биш л дээ.

Үнэ тогтоох, үнэ тогтворжуулах хоёр чинь тэс өөр ойлголт. Үнэ тогтоох нь эдийн засгийн маш хатуу нэр томьёо. Харин үнэ тогтворжуулахын тухайд өөр хэрэг. Үнэ огцом өссөн үе буюу зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан үед үнэ тогтворжуулах зайлшгүй шаардлага үүсдэг. Үнэ тогтоох нь price fixing, үнэ тогтворжуулах нь price stabili­zation. Үнэ тогтворжуулахын тухайд дэлхийн бүх төв банкны хуулиар хүлээсэн үүрэг, мандатад байдаг зүйл. Эргээд суурь шалтгаан руугаа очъё. Эрэлт, нийлүүлэлт дээр гацаа шок үүссэн учраас үнэ өсдөг. Ийм шалтгаанаар өмнө нь мянган төгрөгөөр нийлүүлж байсан барааг 1200 төгрөгөөр нийлүүлэхээс аргагүйд хүрдэг. Нийлүүлэлтийн асуудал байвал нийлүүлэлтийг нэмж байж л асуудлыг шийддэг. Ингэж байж эрэлт, нийлүүлэлтийн хууль үйлчилж тэнцвэр бий болдог юм. Эрэлтийг хумиад тэнцвэржүүлэх арга бий ч эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, улмаар ажилгүйдлийг нэмдэг. Тэр утгаараа ажилгүйдлийн түвшин маш бага тохиолдолд л хэрэглэж болох арга хэрэгсэл гэж үздэг. Өнөөгийн нөхцөлд гадаад шок үүсч, импортын үнэ эрс нэмэгдэж, нийлүүлэлт гацах эрсдэлтэй тулгарч байна. Ийм учраас нийлүүлэлтийг тогтворжуулах, хангалттай нөөц бүрдүүлэх, дотоод үнийн тухайд аажмаар нэмэгдэх боломжийг бий болгох зорилгоор үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж яваа нь Засгийн газрын хувьд шийдэл зөв.

Өнөөдрийн тухайд засгаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж арай богино хугацаанд харж байна. 2012-2014 оны үед ашигт малтмалын үнэ огцом унаж дараагийн гарц харагдахгүй болчихсон байсан. Тийм шалтгаанаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг гурван жилийн хугацаагаар төлөвлөж хэрэгжүүлсэн юм. Харин өнөөдрийн тухайд цаашдын гарц нь харагдаж байх шиг байна. Түрүүн хэлсэнчлэн хил, гарцынхаа асуудалд анхаарчихвал нүүрс, зэсээ ахиухан гаргаад нэг, хоёр улирлын дотор эдийн засаг маань сэргээд ирэх боломж бий.

Сангийн сайд Б.Жавхланд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн алдаа, оноо, амжилттай хэрэгжүүлэх арга, механизмыг мэдэж байгаа гэсэн давуу тал бий. Тийм ч учраас одоогийн инфляцийг энэ хөтөлбөрийн хүрээнд хазаарлаж чадна гэдэгт итгэлтэй байна. Та түрүүн дундаж давхаргын талаар асуусан даа. Инфляцийг бага байлгаснаар л бид дундаж давхаргынхаа орлогыг хамгаалж чадна. Инфляц бууж байгаа тохиолдолд бид ипотекээ нэмж болно, бизнесийн хөрөнгө оруулалт, зээлээ өсгөх боломж нээгдэнэ. Засгийн газар үнэ тогтворжуулах замаар инфляциа буулгана гэж байгаа нь цаанаа ийм ач тустай нь ойлгомжтой. Гэхдээ макро эдийн засгийн өнцгөөс дүгнэвэл инфляцийг нам доор байлгах нь угаасаа Засгийн газрын тэргүүн зорилго нь байх ёстой.

-Гурил, махныхаа үнийг ингээд тогтворжуулчихдаг юм байж. Шатахуун дээр яах ёстой юм бол оо?

-Наадах чинь л харин гадаад нөхцөл байдлаас шалтгаалаад нэлээд хүнд сорилт нь байх болов уу. Шатах тослох материал ганц манай улс ч биш Европ, цаашлаад дэлхий нийтийн асуудал болчихлоо л доо. Нефтийн бүтээгдэхүүний ханш яаж өсөхийг одоогоор тодорхойлох боломжгүй байна. Гэхдээ өссөн тохиолдолд үнийн өсөлтөөс хамгаалж, аажмаар дотоод үнэд шингээх нь бол зөв. Тийм хөтөлбөр хуулиа баталчихсан суугаа маань болзошгүй эрсдэлийг зөөллөнө гэсэн үг. Ковидын вакцинтай яг ижилхэн. Вакцинаа урьдчилаад бэлдчихсэн байсан бол ковидын шалтгаантай хямрал бидэнд арай зөөлөн тусах байсан гэдэгтэй утга нэг зүйл л дээ.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн өнөөгийн хувилбар хэр зөв шийдэл бол?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг арван жилийн өмнө анх хэрэгжүүлж эхлэх үед нөхцөл байдал өөр байсан. Нэгдүгээрт, төв банкинд эрх нь байлаа. Хоёрдугаарт, анх удаа үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн. Тэр үед Засгийн газар төсвөөс дэмжлэг өгөөд, тэр дэмжлэгээр нь төв банк үнэ тогтворжуулах ажлаа хийгээд явах уу, эсвэл төв банк хямд эх үүсвэр гаргаж тайлан баланс дээрээ тусгаад явах уу гэсэн хоёр сонголт байсан л даа. Тухайн үед бид хоёр дахь замыг нь сонгосон. Инфляцийг өсгөхгүй байх нь төв банкны үүрэг учраас түүнтэй холбоотой зардлыг төв банк үүрээд явах ёстой гэсэн үндэслэлээр тийм шийдвэр гаргасан хэрэг. Энэ нь олон улсын жишиг байгаа юм. Одоогийн нөхцөлийн хувьд төв банк ч тодорхой зардлыг үүрч, тодорхой эх үүсвэр гаргана, Засгийн газар ч яг ижил нөхцөлөөр дэмжээд явахаар харагдаж байна. Өнөөдрийн хууль эрх зүйн түвшинд магадгүй энэ хувилбар нь зөв байх. Эцсийн дүндээ үнэ тогтворжих нь л чухал. Нийлүүлэлтийн сувагтаа дэмжлэг үзүүлэх зардлыг Засгийн газар хэлэлцээд өөр дээрээ авах, төв банкинд өгөх сонголт аль нь ч байж болно.

-Эдийн засгийн форум дээр Ерөнхий сайдын хэлсэн бас нэг санаа нь төрийн өмчийн компаниудын хувьчлал. Төрийн өмчит компаниудын хувьчлалыг ярих биш, хийнэ гэсэн үг унагасан. Төрийн өмчит компаниудын тодорхой хувийг хөрөнгийн биржээр арилжаалах шийдлийн тухайд та юу хэлэх вэ?

-Төрийн өмчит компанийн тодорхой хувийг олон нийтэд санал болгож нийтийн мөнгийг татах нь төв банкны өнцгөөс харвал инфляцид эерэг нөлөө үзүүлнэ. Эерэг нөлөө нь ингээд ч зогсохгүй. Бизнесийн хувьд үйл ажиллагаа нь ил тод болох хэрээр авлига, үргүй зардлууд хэмнэгдэнэ. Энэ мэт эерэг нөлөөнүүдийг эдийн засагт авчирна. Улсын үйлдвэрүүдийнхээ хувийг олон нийтэд санал болгоно гэдэг либералчлалын маш том алхам гэж олон улсад үздэг.

-Засгийн газар төрийн өмчит компаниудын 34 хүртэл хувийг хөрөнгийн зах дээр арилжаална гэж байгаа. Нөгөө талаас хөрөнгийн зах зээлийнхэн “Энэ хэмжээний хувийг олон нийтэд өглөө гээд авлига, үргүй зардал багасах боломжгүй, шийдвэр гаргах хэмжээний хувийг гаргасан тохиолдолд үр дүн нь бодит утгаараа гарна” гэцгээж байна л даа?

-Аж ахуйн нэгж бүр дээр хувь нь өөр байх болов уу гэж бодож байна. Нөгөө талаас нь харвал гадаадын хөрөнгө оруулагч их байвал сайн. Гэхдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хувьд эрэлт нь ямар байх бол гэсэн асуулт бий. Нэг л бодитой үнэн байгаа. Энэ шийдвэрийн тухайд инфляцид эерэг, авлигыг бууруулж, эдийн засгийг тэлэхэд сайн нөлөө үзүүлнэ гэдэг нь маргаангүй. Төр өмчийнхөө тодорхой хувийг хувийн хэвшил рүү шилжүүлж ачаагаа хуваалцах нь дэлхийн улсуудын хүндрэлээс гарсан шийдлүүдийн нэг. Наад захын жишээ гэхэд Англид Маргарет Тетчерийн хийсэн алдартай хувьчлалууд байна. Энэ шийдлийг Зүүн Европ, Латин Америкт ч маш үр дүнтэй хэрэгжүүлсэн байдаг.

-Ярилцлагаа энэ Засгийн газрын гаргасан Шинэ сэргэлтийн бодлогоор үргэлжлүүлье. Шинэ сэргэлтийн бодлого танд ямархуу санагдсан бэ?

-Эдийн засаг сайн, муу ямар ч үед Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд зайлшгүй хийх ёстой ажлуудыг Шинэ сэргэлтийн бодлогод тусгажээ гэж харж байна. Удаан хугацаанд шийдэгдэлгүй ужгирсан асуудлуудыг ч оруулсан байна лээ. Цаг хэцүү байх үед ч бид ажлын байр, орон нутгийн хөгжилд анхаарах, экспортын хүч чадлаа нэмэх, том төслүүдээ хэрэгжүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх гэх мэт асуудлуудаа орхиж болохгүй. Бидний өнөөгийн хямралаас гарах, эдийн засгаа тэлэх эцсийн гол зорилго бол экспортоо өсгөх гэж түрүүн хоёулаа зөндөө ярилаа. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд хил гаалийн гацаа, төмөр зам гэх мэт суурь асуудлуудаа шийдэх ёстой. Суурь асуудлуудаа ингээд шийдчихвэл байдал үүнээс хүндэрсэн үед ч бид давгүй аж төрчихнө. Ковид бидэнд олон сургамж өглөө л дөө. Наад зах нь гэхэд эрчим хүчний гэх мэт том төслүүдээ цаг алдалгүйгээр хувийн хэвшилтэйгээ хамтарч хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн сургамжийг өгчихлөө. Энгийнээр хэлэхэд, яг одоо байдал хэцүү байна гээд зүгээр суух цаг биш. Шинэ сэргэлтийн бодлогод туссан экспортын гарцаа нэмж, дэд бүтцээ хөгжүүлэх шийдлүүд, либералчлал, улсын үйлдвэрийн газрын реформыг эрчимтэй хийж байж эдийн засаг тэлнэ. Тэгж байж ойрын болон ирээдүйн эрсдэлүүдийг давах чадвар маань нэмэгдэх юм. Нэмж хэлэхэд экспортын санхүүжилт, даатгал, экспортын дэмжлэгийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь бидний хийх ёстой хамгийн чухал ажлын нэг гэж бодож байна.

-Төсвийн тодотголоор Засгийн газрын зүгээс анх удаа хэмнэлт гэж тод дуугарсан ч ачир дээрээ УИХ-ын гишүүд нь тойргийн амбиц гаргаад хэмнэлт манатай болчихлоо л доо?

-Засгийн газрын түвшинд хэмнэлт гэж дуугарсан нь эдийн засгийг улс төрийн шууд хамаарлаас ангижруулах гэдэг утгаараа маш чухал алхам гэж харж байна. Төсвийн хэмнэлт гэдэг бол төрийн зардлыг бууруулах л гэсэн үг. Маш олон жил шүүмжлүүлсэн ч төр зардлаа хэмнэнэ гэж дуугаралгүй өнөөг хүрсэн. Энэ жилд засгийн саналыг бүрэн дэмжээгүй ч Засгийн газрыг хэмнэлтийн саналаа ирэх жил ахиад тавина гэж найдаж байна. Тэр үед өнөөдрийнхөөс өөр өнгө төрхтэй хэлэлцүүлэг өрнөх нь ойлгомжтой. Олон нийт ч тэр, Засгийн газар, УИХ ч тэр хэмнэлт хийх ёстой гэж хараад эхэлсэн нь сайн хэрэг. Ингэж дуугарсан нь эдийн засгийн хамгийн гол гажуудлыг засч залруулах тал руу өөрчлөлт шинэчлэл хийгдэх нь гэсэн найдвар төрүүлж байна. Манай төсвийн зардлын өсөлт хэрээс хэтэрчихсэн. 2005 оноос хойш бараг 25 дахин өссөн байх шүү. Эдийн засгийн өсөлтөөс үл хамаарч төсвийн зардлын өсөлтийг нам дор байлгах нь яваандаа алдагдалгүй төсөв батлахын сайн эхлэл гэж харж байна. Учир нь алдагдал болгон Засгийн газрын өр. Гадаад өрөө бууруулъя, өрийн дарамтаа шийдье гэвэл ашигтай төсөвтэй байх хэрэгтэй.

-Өр зээл тавьж элдэв төсөл хэрэгжүүлэх шаардлага яг одоо байна уу гэсэн асуулт бас бий?

-Өнөөдөр ч хасах хэвээр яваа эдийн засгаа тэлэх шаардлага бий. Экспортоо нэмж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж, ажлын байраа өсгөж байж эдийн засаг тэлнэ. Манайх ажлын байраар хангагдсан эдийн засаг биш. Ажилгүйдлийн түвшин өндөр, бодит ажилгүйдэл бүр өндөр, үйлдвэрлэлийн жин бага. Ингээд харахаар ажлын байраа нэмж, үйлдвэрлэлээ хөгжүүлж, дэд бүтцээ сайжруулах нөхцөл, орон зай, шаардлага нь байгаад байна. Саяхнаас л бид цементийн хэрэгцээгээ дотоодын үйлдвэрээсээ хангаж чаддаг болсон. Импортын барааны тодорхой хэсгийг үйлдвэрлэхийн төлөө явах ёстой. Үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэр утгаараа мөнгө босгох боломжтой аргуудыг хайх нь буруу зүйл биш.

-“Би төв банкийг удирдаж байхдаа энийг зөв хийжээ, тэрийг хийхдээ алдсан байна” гэх мэтээр өөрийгөө эргэж дүгнэх үе гардаг уу?

-Олон жилийн өмнө гаргасан шийдвэрүүдэд одоо үнэлэлт дүгнэлт өгнө гэдэг хэцүү бөгөөд утгагүй зүйл. Шийдвэр болгон тухайн цаг үедээ урагшаа харсан байдаг. Эцсийн дүндээ 14 байсан инфляц хоёр хувь болсон нь өөрөө үр дүн. Ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлсэн, хотын барилгажилтын гуравны нэг нь шинээр баригдсан, 110 мянган өрх орон сууцанд орж, олон залуус ажил амьдралтай залгасан, ипотекийн зээлээ төлөхийн тулд ажлын байртай орлоготой байхын төлөө тэмцдэг хичээдэг болсон. Нийгмийн даатгалын шимтгэл ч үнэн зөв, бодитоор төлөгдөж эхэлсэн. Энэ бүхэн чинь нийгэмд эерэг зүйл. Нийгэм ийм замаар хөгжиж урагшилдаг. Нүүрсний үнэ огцом унасан тэр цагт ажлын байр ихээр шингээдэг барилгын салбараа ипотекээр дэмжсэний хүчинд ажилгүйдлийг нэмэлгүйгээр хямралаас гарсан нь өөрөө том олзуурхал. Тэр үед бид ингэж хараагүй бол олон зуун мянган хүн ажилгүй болох байсан. Тэгсэн бол биднийг алдаатай бодлого хэрэгжүүлжээ гэж дүгнэх байх. Ажлын байраа хадгалж үлдсэн нь тухайн үед хэрэгжүүлсэн цогц бодлогын үр дүн. Юманд аз гэж бас бий. Тэр үед 120 ам.доллар байсан нефть хоёрхон жилийн дотор 40 ам.доллар болж бууна гэдэг бол аз түшсэн л хэрэг.

-Ярилцлагынхаа төгсгөлд ковид, геополитикийн нөлөөг тодруулж асууя. Ковидын аюул намжингуут дайны нөхцөл залгасан нь дэлхийн улсуудад ямар нийтлэг зовлон асуудал үүсгээд байна вэ. Тэр асуудалтай нь бид бас нүүр тулж яваа болов уу гэдэг утгаар сонирхож байна л даа?

-Ковид хэцүү сорилт байсан, урд хөршийн хувьд хэцүү хэвээр ч байх шиг байна. Ковидын үед улс болгон төсвөөсөө иргэд, аж ахуйн нэгждээ дэмжлэг өгөх, төв банкууд мөнгөний нийлүүлэлтээ нэмэх, хүү буулгах гэх мэт арга шийдлүүдийг авсан байдаг. Дани гэхэд төсвийнхөө дөчин хувьтай тэнцсэн дэмжлэг үзүүлсэн гэдэг. Ковидоос үүдэлтэй өчнөөн асуудал бий. Дэлхий нийтээрээ нийлүүлэлт гацаж, тээврийн үнэ өсөж, Засгийн газруудын өр өссөн. Гэтэл ковидоос улбаатай хямралыг бүрэн давж амжаагүй байхад дараагийн асуудалтай тулгарчихлаа. Үүнийг дайны үеийн хямрал ч гэж зарим шинжээч дүгнээд эхэлчихсэн харагдсан. Өөрөөр хэлбэл, эдийн засагтаа ликвидити ихээр нэмсэн мөнгөө татаж авч амжаагүй байхад нь дараагийн дайны гэх хямралын нөхцөл үүсчихлээ. Дараалсан ийм асуудлууд үүсчихээр тодорхойгүй байдал нэмэгдэж байна. Тэгэхээр ингэнэ тэгнэ гэж урьдчилж дүгнэхэд улам л хэцүү болж байна. Учир нь дэлхийн эдийн засаг ийм асуудалтай нүүр тулж байсан нь маш ховор. Бидний хувьд ч ялгаагүй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн үед л бид ийм хямралтай нүүр тулж ажилласан мэргэжилтэнтэй болж үзэж байна. Манай аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагууд бүгд л шинэ хүндрэл, шинэ нөхцөл байдалд үйл ажиллагаагаа тогтвортой авч явах бодит сорилттой нүүр тулж яваа. Өнөөгийн энэ сорилт манай эдийн засгийн өрсөлдөх чадварыг улам сайжруулж чадвал Монголын эдийн засаг цаашдаа хэр баргийн гадаад шокийн нөлөөг зөөллөх чадвартай болно гэж харж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)