ХУУЛЬЧ Н.АРИУНБОЛД: Цэц яг хорт хавдар шиг ардчилсан нийгмийг аажмаар үхүүлж байна

Admin | 2022-08-17


   Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын гишүүн болохыг хориглосон заалтыг хүчингүй болгосон нь олны анхаарлыг татаад байна. Цэцийн энэхүү шийдвэр Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжилж буй. Энэ талаар хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэц хуралдаж Үндсэн хуулийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргачихлаа. Энэхүү шийдвэрт таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Миний байр суурь гэхээс илүү энэ асуудлыг Үндсэн хууль бусад хуульд яаж заасан байдаг вэ гэдэг нь илүү чухал байх. Үндсэн хуулийн 69.4-д “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэж Монголын иргэн бүхэнд ойлгомжтой байдлаар заасан болно.

-Үндсэн хуулийн Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчиж буй явдал мөн үү?

-Хэн ч харсан тийм л гэж хэлэхээр байна. Ер нь Цэц үзэл санаа, зарчим, үнэт зүйл гэхээсээ илүү тухайн цаг хугацаанд улс төрийн олонхын хүсэл зориг, захиалга, хэрэгцээ шаардлагад тулгуурлан шийдвэр гаргадаг нь тодорхой. Жишээ нь парламентийн сонгуулийн тогтолцооны асуудлаар урьд эсрэг тэсрэг шийдвэр гаргасан байснаа саяхан хоёуланг нь хүчингүй болгосон байдаг. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн ээлжит нэг тэнэглэл гэх үү, зөнөглөл гэх үү, пялдагадлын нэг л гэж бодож байна.

-1998 онд УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байх талаар Үндсэн хуулийн Цэц хуралдаж шийдвэрээ гаргасан байдаг. Цэцийн шийдвэр эцсийнх биш гэж үү?

-Тийм ээ. Цэцийн 1996 оны 06 дүгнэлт, 22 тогтоолоор тухайн үеийн Улсын Их Хурлын тухай хуулийн 22-р зүйлд “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол бүрэн эрхээ хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гээд хүчингүй болгож байсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн нь ЗГ-ын гишүүнийг давхар эрхэлж болохгүй гэсэн шийдвэр гаргаж байсан.

-Үндсэн хуулийн Цэц хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж олон нийт шүүмжлэх боллоо. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Үнэн. Нэг тал гэхээсээ илүү парламент дахь олонхын эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Энэ удаа ч биш байнга ийм үйлдлийг Цэцийн бүрэлдэхүүн гаргадаг. Үнэхээр харамсалтай. Ардчилсан нийгмийг организм гэж үзвэл Цэц нь нийгмийн хорт хавдар болж, ардчилсан нийгэм, ардчилсан Үндсэн хуулийн үнэт зүйл, зарчим руу байнга халдаж, хордуулсаар байна. Магадгүй энэ нь аажимдаа ардчиллыг үхэлд ч хүргэж болзошгүй юм. Яг хорт хавдар шиг. 

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс хамаарч УИХ болон Засгийн газар цаашлаад МАН ямар давуу тал бий болох бол?

-Мэдэхгүй би улс төр судлаач биш. Хэрэв үнэхээр ийм өөрчлөлт хэрэгтэй бол МАН-ын гишүүд өөрсдөө нэмэлт өөрчлөлт санаачлаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэвшүүлээд явах ёстой байтал Цэцийн эрх мэдлийг ашиглан могой бариулж байгаа нь Үндсэн хуулийн дархлаа, баталгаа болсон Цэц гэсэн өөрийнх нь институтын чадамжийг ноцтой алдагдуулж байгаа нь харамсалтай. Түүнээс биш эрх баригч улс төрийн хүчин лаагаа сайд болгоно уу, луувангаа сайд болгоно өөрсдийнх нь асуудал.

-Ер нь сая гарсан Цэцийн шийдвэртэй бүрэн танилцав уу?

-Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд орсон байна. Их хурдан орж, магадгүй урьдчилаад шийдвэрээ гаргаад бэлдсэн байсан байх. Шүүх жирийн эрхзүйн маргааны шийдвэрээ өгөх гэж л 14 хоног болдог. Үндсэн хуульд парламентын гишүүн нь сайд хийж болох эсэхийг бусад улсууд зарим нь заана, зарим нь тодорхойгүй орхино. Манай улс тодорхойгүй орхисон байснаа 4 сайдаас илүү УИХ-ын гишүүнийг Засгийн гишүүнээр томилохыг хориглосон агуулгатай хэм хэмжээ Үндсэн хуульд өөрчлөлтөөр орсон. Гэтэл энэ Үндсэн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гээд Цэц хүчингүй болгожээ. Үндэслэл нь их марзан. Ерөнхий сайд буюу одоогийн МАН-ын даргын бүрэн эрхийг зөрчсөн гэсэн агуулгатай. Гэтэл Үндсэн хууль чинь өөрөө эрх мэдлийн хязгаарлалтыг зохицуулдаг гол эрх зүйн баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх хэмжээг хязгаарлаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд 4-өөс илүүгүй УИХ-ын гишүүн оруулж болохгүй гэж эрх мэдлийн хязгаарлалтыг хийж өгсөн байхад тэрхүү Үндсэн хуулийн нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж, сайд болох сонирхолтой УИХ-ын гишүүдэд тал зассан албан тушаалын гэмт хэрэг гэж харж байна.

Үндсэн хуульд нийцүүлж Ерөнхий сайд эрх мэдлээ хэрэгжүүлдэг болохоос биш, Ерөнхий сайдын эрх мэдэлд нийцсэн Үндсэн хууль гэж байдаггүй.

-Энэ асуудлаар Цэц өөр өөрөөр шийдвэрлэж байсан тохиодол байна уу?

-Байна. Түрүүн цухас дурдсан. Мөн Цэцийн 2000 оны 03 дүгнэлт. Тухайн үед мөн л УИХ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад тухайн асуудлаар иргэд мэдээлэл гаргаад дүгнэлт тогтоол гаргасан байдаг. Уг дүгнэлтийн тогтоол хэсгийн 2 дахь заалтаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар агуулгын хувьд гаргасан иргэдийн өргөдлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг нь одоо хүчинтэй байна.

                                                                                                                                Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)