Т.БЭГЗСҮРЭН Би санаатайгаар допинг хэрэглээгүй. Хариуцлагагүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна

Admin | 2022-09-01


   Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн  наадмын допингийн шинжилгээний хариуг албан ёсоор зарласан билээ. Ингэхдээ нийт 64 бөхөөс тавын даваанд унасан улсын цолтой нэг бөхөөс допинг илэрсэн гэж мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан улсын харцага Т.Бэгзсүрэн допинг хэрэглэсэн байж болзошгүй хэмээн мэдээлэл цацагдсан. Тэгвэл улсын харцага Т.Бэгзсүрэн допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч эмчилгээтэй байсан хэмээн тайлбарлав.

Тодруулбал цахим хуудсандаа тэрбээр “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Миний зүгээс санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2021 оны хавар тавдугаар сард баруун тохойндоо хүнд бэртэл авсан. Уг бэртэл нь байнгын сэдэрч төрөл бүриийн эм эмчилгээнүүд хийлгэсээр ирсэн. 2022 оны зургадугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны явцад гурвын даваанд барилдаж байх үедээ хөлөндөө гэмтэл авсан. Уг гэмтлийн онош нь гуяны булчингийн уут задарсан гэсэн оноштойгоор хөл хөдлөх боломжгүйгээр 7 хонож түүнээс хойш бага багаар илааршсан. /Жич: тухайн үеийн эмчийн зөвлөмж нь улсын наадамд барилдах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан/. Түүхэн ойн наадамдаа барилдах хүсэлдээ хөтлөгдөн хөлний бэртлээ түргэн эдгээх эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. Улмаар ардын хувьсгалын түүхэн 100, 101 жилийн ойн баяр наадмын барилдаанд барилдаж дөрөв давж допингийн шинжилгээнд хамрагдсан. Бэртлийн үед эмчилгээнд хэрэглэсэн эм тариагаа тэмцээний үед буюу 24 цагийн дотор хориотой, тэмцээний бус үед зөвшөөрөгдсөн гэсэн мэдээлэл дор 2022 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны зургадугаар сарын 20-ны өдрийн хооронд хийлгэсэн. Манай бөхчүүд бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэх үедээ мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж эм бэлдмэлийн талаар эцсийн сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож бас бусад бөхчүүддээ дахин сануулмаар байна. Монгол бөхөд байгаа допингийн эсрэг бүх арга хэмжээнд оролцож, дуу хоолойгоо өргөж, 2021 оны гуравдугаар сарын 14-нд болсон харцага цолтой бөхчүүдийн барилдаан дээр харцагуудаа уриалж бусад бөхчүүдэд уриалга болгож тус барилдаанд оролцсон бөхчүүдийн шинжилгээний зардал болох 15 сая төгрөгийг хувийн зүгээс шийдүүлж, шинжилгээ авах нөхцлийг бүрдүүлж байсан. Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лаборторийн хариуг үгүйсгэх боломжгүй юм. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бөхөд хайртай нийт Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна” гэж бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)