Д.Сарангэрэл сайд хэлсэн үгэндээ ХАРИУЦЛАГА хүлээх үү...?

Admin | 2022-09-26


   УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Манай яамныхан хэлдэг улны буюу ядуурлын түвшин доогуур 1500 өрхийг эхний ээлжинд ядуурлаас бүрэн гаргах зорилт тавьж байна. Ингэхдээ нэг өрхөөс 18-55 насны нэг хүн сонгоод үсчингийн сургалтад хоёр сар суулгаад ажилд нь хэрэгтэй сам, будаг, сэнс зэргийг өгнө” хэмээн ярьсан нь олны эгдүүцлийг төрүүлээд байна. Нийгмийг ядуурлаас гаргах сайд өөрөө ард түмнийг “улны айл” хэмээн доромжилж ярих нь байж боломжгүй үйлдэл юм. Түүний энэхүү үйлдэл Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүнийг үндэс угсаа, хэл соёл, арьс, өнгө, нийгмийн гарал үүслээр үл, шашин шүтлэг, үзэл бодол зэргээр гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Д.Сарангэрэл сайдын хувьд ард түмний саналаар сүүлийн арваад жил төрд сонгогдон ажиллаж байгаа. Энэ олон жил төрийн үйл хэрэгт оролцож байгаа тэр дундаа төрийн удирдах албан тушаалтан хаана юу ярих, хэлэхээ мэдэхгүй л байв гэж.

Тиймээс “улны айл” хэмээн зохисгүй үг хэрэглэж, ард түмнээ доромжилсон нь түүний хувь хүний хандлагаг илэрхийлж байна хэмээн олон нийт шүүмжилж, өнөөдөр талбайд Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардаж жагсахаа ч мэдэгдээд байгаа. Д.Сарангэрэл сайдын хэлснээр яамныхан нь ч мөн ард түмнээ ядуу, тарчигаар нь доромжилж нэр хоч өгөөд сууж байдаг бололтой. Тиймээс тус яамныханд ч хариуцлага тооцох хэрэгтэй.

Түүний яриа олон нийтийн эгдүүцлийг төрүүлсний дараа энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсандаа “Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.2 дахь хэсэгт ”Хүнийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгарлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг хэмээн бичжээ. Тэгэхээр Д.Сарангэрэл сайдын үйлдлийг Засгийн газрын зүгээс анхааралдаа авч байгаа бололтой. Ард түмнээ улны айлууд хэмээн доромжилсон нь түүнийг сайдын суудлаасаа огцрох хангалттай шалтгаан. Үндсэндээ тэрбээр Үндсэн хуулийн 14 дүгээр заалтын хэд хэдэн заалтыг зөрчсөн үг хэлсэн. Ард иргэдээ доромжлоод зогсохгүй үсчний мэргэжлийг хамгийн дорд ажил мэтээр нийгэмд ойлголт төрүүллээ хэмээн тус салбарын хүмүүс мөн бухимдлаа илэрхийлээд эхэлсэн. Бүхэл бүтэн улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ард түмнээ ийн доромжлоод сууж болох уу. Бусад оронд бол ард түмнээсээ уучлал хүсч, албан тушаалаасаа огцорч, дахин улс төрд орох нүүргүй болоод явдаг. Харин манай Засгийн газар Монголын 3 сая иргэнийг доромжилсон Д.Сарангэрэл сайдтай хэрхэн хариуцлага тооцох нь анхаарал татаж байна шүү.

Д.ДАВААСҮРЭН

  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)