Э.ОЮУНЧИМЭГ: Сүрьеэгээр жилд 200 орчим хүн нас бардаг

Admin | 2022-09-28


ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Манай Улсад сүрьеэгийн тархалт ямар түвшинд байна вэ. Жилд хэчнээн хүн өвчилж байна?

-Манай Улс сүрьеэгийн тархалт өндөртэй улс орны тоонд багтаж байна. Жилд дунджаар 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж, жил бүр 200 гаруй хүн амь насаа алддаг. Хүүхдийн сүрьеэ ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн манай улс ДЭМБ-ын шинэчлэн гаргасан сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад шинээр нэмэгдэн орсон харамсалтай мэдээ байна.

-Хүүхдүүд сүрьеэгээр өвдөх нь ихэссэн гэлээ. Голлох шалтгаан нь юу байна?

-Хүүхдийн сүрьеэгийн өвчлөл сүүлийн хоёр жилд өсөх хандлагатай байна. Энэ нь гэр бүл дунд нь сүрьеэгээр өвдсөн хүн байгаад халдвар авч байна гэсэн үг. Мөн сургууль, цэцэрлэгийн агааржуулалт муу, хүн амын бөөгнөрлийн үед сүрьеэгийн халдвар илүү тархах эрсдэлтэй байдаг. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд сүрьеэгийн халдварыг хүн бүр авах эрсдэл бий. Учир нь бид нэг агаараар амьсгалж байна шүү дээ. Ковидын халдвар шиг сүрьеэг хэн ч тусаж болно.

-Хүүхдүүд сүрьеэг оношлоход хүндрэлтэй зүйл байдаг уу?

-Хүүхдийн сүрьеэгийн оношлогоо, эмчилгээний тухайд асран хамгаалагчийн дэмжлэг туслалцааны үндсэн дээр явагдана. Насанд хүрсэн хүн сүрьеэгийн зовууриа өөрсдөө ойлгож эмнэлэгт хандахаа мэддэг бол хүүхдийн хувьд  эцэг эхдээ хэлэхээс өөр алхам хийдэггүй. Өөрийн биеийн зовууриа бүрэн илэрхийлж чаддаггүй гэх мэт асуудлууд тулгардаг.

-Хүүхдийн сүрьеэгийн эмчилгээ насанд хүрсэн хүнийхээс өөр үү?

-Эмчилгээний тухайд хүүхдийн биеийн жинд нь тааруулж, ямар төрлийн сүрьеэгээр өвдөж аль шатанд оношлогдсон байна гэдгээс харгалзан үзэж тохирох эмчилгээг нь хийнэ. Хүүхдийн сүрьеэ дээр яригддаг дараагийн асуудал нь нийгмийн харилцааны асуудал байдаг. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгт ид хамрагдах насан дээрээ сүрьеэгээр өвдөж удаан хугацаагаар эмчилгээнд орж эмнэлэгт хэвтэх тохиолдолд тухайн хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Мөн хүүхдээ дагаад эмнэлэгт асарч байгаа эцэг эхчүүдийн хувьд ажлаасаа чөлөө авах, амьдралын олон зүйлд хугацаа алдах зэрэг асуудлыг дагуулдаг.

-Сүрьеэгийн халдвар авах үйл явцыг тодруулбал?

-Сүрьеэгийн халдвар авах гэдэг нь сүрьеэгээр өвдсөн гэсэн үг биш. Сүрьеэгийн халдвар авна гэдэг нь сүрьеэгийн үүсгэгч буюу микобактери савханцар хүний биед орсон байгааг хэлнэ. Харин тухайн хүний дархлаа муудах, ажил амьдралын горим алдагдах, шим тэжээлтэй хоол дутагдах, стресс зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр сүрьеэгийн үүсгэгч бактери хүний биед орж олширсноор биед зовуурь өгч эхлэхийг сүрьеэгээр өвдсөн гэж хэлнэ.

Сүрьеэ өвчний талаар таны мэдэх ёстой ТАВАН ЗҮЙЛ

-Сүрьеэгийн вакциныг хэдэн насанд нь хийдэг вэ?

-“БЦЖ” буюу сүрьеэгийн вакцин хийгдэж байгаа. Төрсөн нярай бүрд 24 цагийн дотор сүрьеэгийн эсрэг вакциныг хийдэг. Хэдий тус вакцин сүрьеэгээс хамгаалж байгаа ч насан туршид нь хамгаална гэсэн үг биш.

-Сүрьеэгээр өвчилбөл хэр хугацаанд эмчлэгдэх вэ. Бүрэн эмчлэгдэх үү?

-Тухайн хүн эмд мэдрэг сүрьеэгээр өвчилсөн үү,  эмд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн байна уу гэдгээс шалтгаалж эдгэрэх хугацааны хувьд өөр. Мөн тухайн хүний эрүүл мэнд ямар байгаа, аль шатанд оношлогдсон зэргээс шалтгаалж харилцан адилгүй байна. Эмд мэдрэг сүрьеэгийн хувьд 6-8 орчим сар, эмд тэсвэртэй сүрьеэгийн хувьд 9-20 орчим сар эмчлүүлж байж эдгэрнэ. Сүрьеэ нь бүрэн эдгэрдэг өвчин.

-Ковидын нөлөөнөөс болж уушгинд өөрчлөлт орсон гээд байгаа. Үүнээс шалтгаалж сүрьеэгийн өвчлөл нэмэгдсэн үү?

-Ковидоос шалтгаалж сүрьеэгийн илрүүлэг буурсан үзүүлэлттэй байгаа. Ковидын өмнө жилд 4000  гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байсан бол ковидын үед 2700 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Гэвч эрт илрүүлэг буурч байгаа нь сүрьеэгийн өвчлөл буурч байна гэсэн үг биш. Сүрьеэгээр өвдсөн ч илрүүлэгтээ хамрагдахгүй байна л гэсэн үг.

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)