Б.ЦЭВЭГМИД: Түгжрэлийг үнэхээр бууруулъя гэвэл захиргааны аргаар биш замын хөдөлгөөний зохион байгуулалтыг л сайжруулах хэрэгтэй

Admin | 2022-11-09


  Нийслэлийн түгжрэлийг бууруулж чадахгүй нэлээд олон жил болж байна. Энэ жил Хот хариуцсан сайдтай болсон. Гэвч өнөө л түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин хэвээр. Тиймээс түгжрэлийг хэрхэн бууруулж болох ямар учраас өнөөг хүртэл шийдэл олж чадахгүй байгаа талаар инженер Б.Цэвэгмидтэй ярилцлаа. 
 

-Түгжрэлийг бууруулахаар Хот хариуцсан сайд хүртэл томиллоо. Түгжрэлийг шийдэж чадахгүй байгаа шалтгаан нь юундаа байна вэ?
-Монгол улсын Засгийн газар Улаанбаатар хотын замын түгжрэлд их л анхаарал тавьж байна. Бүр тусад нь асуудал хариуцсан сайд хүртэл томиллоо шүү дээ. Харин хүлээлтэд маань хүрсэнгүй дээ. Гэхдээ өнөөдөртөө үр дүн шаардаагүй ч ядаж хонгилын үзүүрт гэрэл гаргах болов уу гэж харж байлаа.Томилогдсон даруйдаа их идэвхтэй байхад нь овоо шүү гэж харж байв. Сүүлийн 2 долоо хоног бүр таг боллоо. Аргагүй байх. Нөгөө л улиг болсон хэдэн нөхөдтэй уулзаад яваа харагдсан.Тэр хэдэд сайн "тархиа угаалгаж" авсан байх. Тэртэй тэргүй ямар нэгэн шийдэлгүй мухардалд орсон нөхдөөс юу ч гарах вэ дээ. Шийдэж чадаагүй шалтгааныг ингэж харж байна.
-Та инженер хүн. Түгжрэлийг бууруулах ямар арга зам байна вэ?
-Түгжрэлийг үнэхээр бууруулъя гэж байгаа бол Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах чиглэлийг гол шугамаа болгож яваасай л гэж хүсэж байна.Түүнээс захиргааны аргаар шийднэ гэж зүтгээд амжилт олохгүй дээ. Замын хөдөлгөөний зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг зөв сонгон хэрэгжүүлж чадвал хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо ч багасна, гудамж зам, уулзваруудын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар ч нэмэгдэнэ. Хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна, хөдөлгөөний дэг журам, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлага ч сайжирна. Гэхдээ өнөөдрийн Ж.Сүхбаатар тэргүүтэй үндэсний хороо болон Д.Сумъяабазар тэргүүтэй Улаанбаатар хотын багаас бодитой шийдэл бол харалтгүй.

-Хурдны галт тэрэг, дүүжин тээвэр, LRT төсөл буюу агаарын тулгуурт тээвэр гээд их олон арга яригддаг. Манайд тохиромжтой түгжрэлийг бууруулах арга аль нь бол?
-Таны дурдаж байгаа эдгээр нийтийн тээврийн хэрэгслүүд бол түгжрэлийн шийдэл биш л дээ. Манай нийслэлд нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх цаг болсон уу гэвэл болсон. Харин аль нь илүү үр дүнтэй вэ гэдгээсээ хэн хэрэгжүүлэх вэ гэдэгт хамаг анхаарал нь төвлөрөөд байх шиг санагддаг.
-Нэгэнт төлөвлөлт хийгдчихсэн манай нийслэлд түгжрэлийг бууруулна гэдэг утгагүй асуудал болоод байна уу. Эсвэл машины тоог хязгаарлах нь чухал юм уу?
-Огт утгагүй биш. Ашиглагдаж байгаа гудамж замын сүлжээн дээр замын хөдөлгөөнийг аюулгүй, түргэн шуурхай явуулах инженерийн цогц арга хэмжээг Замын хөдөлгөөний зохион байгуулалт гэдэг юм. Тээврийн хэрэгслийн тоог захиргааны аргаар биш замын хөдөлгөөний зохион байгуулалтын аргаар л цөөрүүлдэг юм.
-Хотын төв рүү орж ирэхэд тухайн машин татвар төлдөг болно гээд байгаа. Иймэрхүү аргууд үр дүнтэй байж чадах уу?
-Авто зам ашиглах татвараа төлж байгаа жолооч нараас нэмж төлбөр авна гэж байж болохгүй л дээ. Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёр өөрсдөө хувиасаа хөрөнгөө гаргаж барьсан замд төлбөр төлөх бол байх асуудал. Харин бидний өвөө эмээ, аав ээжийн хөдөлмөр, бидний татвараас бүтсэн хөрөнгөөр баригдсан зам дээр татвараас гадна төлбөр авна гэж арай л даварсан санаа шүү. Дээрээс нь хэзээ хаагуур явснаа мөрдүүлэн мөшгүүлэн эрхэндээ халдуулан барин мөнгө төлдөг тэнэгүүд тийм ч олон биш болов уу.
-Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нэлээд эрчимтэй түгжрэл ярьж байгаад намжсан. Түүний ажиллах арга барил түгжрэлийг бууруулахад нөлөөлж чадах болов уу. Та юу гэж харж байна?
-Сүүлийн үед бүр таг болсон байна лээ.Түгжрэлийн хууль дээрээ ажиллаж байгаа гэж найдая даа.Түгжрэл гэдэг хууль гаргаад шийдчихдэг юм биш ээ. Ер нь түгжрэлийн асуудал дээр манай төр засаг "Салан баавгай"-н үлгэрээр л яваа улсууд шүү дээ. Ачаалал түгжрэлийг тэдэн хувь буулгана гэж сүржигнэж байгаад хэрэгжүүлдэг. Хөрөнгө мөнгө зарцуулдаг ч үр дүнг нь хэн ч хэзээ ч тооцож байсангүй. Ядаж урьд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ дүгнэж үздэг болоосой.
-Замын зөв зохиох байгуулалт гэлээ. Тухайлбал ямар зохион байгуулалт хийвэл түгжрэл багасах боломжтой вэ?

-Замын хөдөлгөөний зохион байгуулалтын олон арга бий. Жишээ нь: Зөвхөн зүүн гар талын эргэлтийг хориглоно гэхэд 3 төрлийн арга хэмжээ байдаг. Уулзварын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг сайжруулахын тулд гэрэл дохионы тактыг цөөрүүлэх, зарим гудамжийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах, урсгал чиглэлийг өөрчлөх ,нийтийн тээврийн график маршрутанд үзлэг хийх, техникийн нөхцөл хангах гудамжуудад нийтийн тээврийн хэрэгсэлд эгнээ чөлөөлөх, явган хүний бүс бий болгох зэрэг аргууд уг нь бий шүү дээ.

Д.ДАВААСҮРЭН
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)