ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД:О.Мөнхтүшиг: Миний мөрөөдөл орон нутагт хог дахин боловсруулах үйлдвэрийг барих

Admin | 2022-01-05


Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг 29 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулсан билээ.    

2021 оны "Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин" төрөлд шалгарсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч О.Мөнхтүшигтэй ярилцлаа.

-Юун түрүүнд Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсанд баяр хүргэе. Энэ мэдээг анх сонсоод хэр сэтгэл хөдлөв?

-Баярлалаа. Одоо ч шокноосоо гараагүй л явна. Хамгийн анх ээждээ энэ баярт мэдээгээ дуулгахад ээж маань маш их баярлаж хүлээж авсан. Багш нар маань ч мөн адил маш их баярласан. Байгаль хамгаалах, эрүүл аюулгүй орчны чиглэлээр Монгол улсын өнцөг булан бүрт маш олон үйл ажиллагаа явуулдаг газрууд байдаг. Тийм учраас өөрийгөө шалгарна гэж огт бодоогүй.

-Байгаль хамгаалах чиглэлээр яг ямар ажил зохион байгуулсан бэ?

-Байгаль хамгаалах чиглэлээр нөлөөллийн буюу сургалтын үйл ажиллагаануудыг хийсэн. Миний хувьд 2020-2021 онуудад сургуулийнхаа эко клуб болох "Мөнгөн СУСУ" клубынхаа ахлагчаар ажиллаж байгаад саяхан үүрэгт ажлаа өгсөн. Дээрх онуудад цар тахлын үе байсан учир ихэнх үйл ажиллагаа, сургалтууд маань цахимаар явагдсан. Сургалтын хувьд клубынхаа хүүхдүүд рүү чиглэсэн хөрсний бохирдол гэж юу болох, ус цахилгаанаа хэрхэн хэмнэх, хог хаягдлын менежмент тэдгээрийн нөлөө зэрэг чадваржуулах, мэдлэг олгох зорилготой сургалтууд явуулсан. Өнгөрсөн оны есдүгээр сард хичээл танхимаар орж эхэлсэнтэй холбогдуулж олон ажил бас хийсэн.

-Тухайлбал?

ог хаягдлын менежментийн талаар сургалт, сургуулийн дотоод орчинг бүрэн цэцэгжүүлэх аян, гэрийн нөхцөлд боловсруулсан цаасан хог хаягдлаар дэвтэр хийж Хэнтий аймагт болсон "Оролцоонд нэгдье" чуулганы оролцогч хүүхдүүдэд тараасан. Хэнтий аймгийн төвийн 5 сургууль, нэг цэцэрлэгт нийт 300 гаруй хүүхэд, томчуудад хөрсний бохирдол түүнээс улбаатай ус агаарын бохирдолтын талаарх сургалтыг долоон өдрийн турш явуулсан байгаа. 

-Ер нь яагаад байгаль хамгааллын чиглэлийг сонирхох  болов?

-Анх сургуулийнхаа Эко клубт 2018 онд сонирхож элсэн. Клубийн маань багш нарын орсон сургалтууд үйл ажиллагаануудад идэвхтэй хамрагдаад явахад энэ чиглэлд яахын аргагүй татагдаж эхэлсэн. Дэлхий дээр болж буй уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд хүнд ямар хор нөлөөтэй болох талаар олон зүйлийг мэдэж эхэлснээр цаашаа улам илүү олон зүйлийг мэдэхийг хүссэн. Бүх зүйлийг байгаль хамгаалах чиглэлтэй холбож боддог болчихсон байсан.

-Байгаль орчны талаар сонирхож ажиллахад гэр бүл болон багш нарын дэмжлэг хамгийн чухал болов уу?

-Мэдээж багш нарын туслалцаа маш их. Тэр дундаа Эко клубийн багш Д.Мөнхзаяа, АУБ Д.Ариумаа нартаа болон надад тусалдаг бүх хүмүүстээ талархаж явдагаа хэлье. Ямар нэгэн ажил эхлүүлэхэд олон саад бэрхшээл тулгарч байсан. Тэр болгонд гарц гаргалгаа гаргаж, оновчтой санаануудыг багш нар маань надад өгдөг.

-Цаашдаа байгаль хамгааллын чиглэлээр юу хийхийг хүсч байна вэ?

-Ирээдүйд байгаль хамгаалах чиглэлээрээ олон ажил хийхийг хүсдэг. Миний хувьд орон нутагт хог дахин боловсруулах үйлдвэрийг барих мөрөөдөлтэй. Энэ мөрөөдлийнхөө төлөө одооноос холбогдох хүмүүстэй нь уулзаж санал зөвлөгөө авч судалгаа хийгээд явж байна. Мөн байгаль хамгаалах чиглэлээр дэлхийд маш олон Сан байдаг. Тэдний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцож хамтарч ажиллахыг маш их хүсдэг.   

-Өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаардаг вэ? Ямар ямар секц дугуйланд хамрагдаж байна?

-Өөрийгөө хөгжүүлэх тал дээр нэлээн анхаардаг. 21-р зуунд олон талын мэдлэг эзэмшсэн хүн л бусдыг манлайлж явж байна шүү дээ. Дунд ангидаа олон секц, дугуйланд явдаг байсан бол одоо илүү боловсрол олгох талдаа секц дугуйланд хамрагдаж байна. Мөн бие дааж өөрт хэрэгтэй олон дадал зуршлыг бий болгож байгаа.

-Коронагийн үе хэрхэн нөлөөлсөн бэ. Эерэг болон сөрөг байдлаар гээд сонирхуулаач?

-Цар тахлын үед өөртэйгөө ажиллаж, цахим мэдлэгийг сайн ойлгох гэж нэлээдгүй хугацааг зориулсан. Цахимаар орж буй хичээлүүд танхимын хичээлүүдийг бодвол мэдээж учир дутагдалтай. Бидэнд практикаар эзэмших шаардлагатай олон мэдлэгүүд гарч ирсэн. Миний хувьд цар тахлын үед олж авсан ололттой тал гэвэл илүү бие даах чадвартай болсон.

-Төгсөх анги юм байна. ЭЕШ-даа бэлдэж эхэлсэн үү, мэргэжлээ сонгочихсон уу?

-Миний хувьд ЭЕШ-аа эртнээс бэлдэж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч клубын үйл ажиллагаа, сургалтуудаас шалтгаалж эрчимтэй бэлдэж эхлээгүй байлаа. Клубынхаа удирдагчийн ажлыг өгөөд одоо л ЭЕШ-аа бэлдэж эхэлж байна. ЭЕШ гэдэг бол төгсөх ангийн сурагчдад ирээдүйг нь шийдэх хувь заяа байдаг. Миний сонгосон мэргэжил бол эмч. Манай удамд эмчийн мэргэжилтэй хүн байхгүй учир энэ мэргэжлийг сонгоход нөлөө үзүүлсэн.

                                                                                                                   А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)