“Хүний эрх” нэрээр халхавчилсан хуулийг гэрлийн хурдаар батлахаар зүтгүүлэхийн учир

Admin | 2023-01-21


Иргэд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлэхээр жагсаал, цуглаан зохион байгуулах гэхэд төрийн байгууллагын шат, шатанд багагүй “эсэргүүцэл”-тэй тулгардаг. Тухайлбал, жагсаж, цуглах зөвшөөрөл өгөхгүй байх, эсхүл зөвшөөрөл аваагүй гэх нэрээр албадан тараах зэргээр төрийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж шаардлага тавих гэсэн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг энэ засгийн газраас удаа дараа бүдүүлгээр зөрчсөн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа нэн яаралтай зогсоож, энэ хуулийн төслөө зохих журмын дагуу дахин боловсруулна уу!

Иргэд биечлэн жагсаж, цуглах боломжийг бүхий л байдлаар хязгаарлаад байдаг засгийн газар одоо иргэдийн цахим орчинд илэрхийлэх үзэл бодолд нь бас шалгуур, хяналт тавьж, бүр өөрсдийн хүслээр иргэдийн цахим орчин оруулсан аливаа контентыг хязгаарладаг болох гэж байна.

Энэ бүхнээ “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” гэх нэртэй буюу “хүний эрх” нэрээр халхавчилсан хуулийг гуравхан хоногийн дотор УИХ – аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх замаар хэрэгжүүлэх нь ээ.

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 20 – ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.

Энэ хуулийг хэн, хэзээ хаанаас гаргаж ирэв?

Ердөө 5 хоногийн өмнө буюу 2023 оны нэгдүгээр сарын 16 – ны өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өөрийн Фэйсбүүк хуудастаа “... цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай болох нь зөв гэдэг байр суурьтай байна. Та бүхэн маань юу гэж бодож байна.” гэсэн пост бичиж оруулжээ.

Ийнхүү пост оруулсны маргааш нь буюу 2023 оны нэгдүгээр сарын 17 – ны өдөр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар МҮОНРТ – д “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төсөл боловсруулж байна” гэж ярилцлага өгсөн байна. Мөн өдрөө тус дэд сайд Хүний эрхийн үндэсний комиссын даргатай энэ талаар уулзжээ.

Гэтэл ердөө маргааш нь буюу 2023 оны нэгдүгээр сарын 18 – ны өдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал дээрх хуулийн төслийг УИХ-ын даргад “нэн яаралтай” горимоор хэлэлцүүлж өгнө үү хэмээн өргөн барьсан байна.

Жагсаал, цуглааны үеэр сүлжээ тухайн газар сүлжээ унагах зэргээр иргэдийн шууд нэвтрүүлэлт (live) хийх зэрэг боломжийг зогсоодог арга хэмжээгээ ийнхүү хуульчилж авах гэж байна.

Улмаар, 2023 оны нэгдүгээр сарын 19 – ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг оруулж, 2023 оны нэгдүгээр сарын 20 – ны өдөр хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүн нь “ийм хуультай болох нь зөв” гэж бичсэнээс хойш 4 хоногийн дараа, Засгийн газраас хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьснаас хойш ердөө 2 хоногийн дотор уг хуулийг УИХ – аар батлах гэж байна.

Хууль батлагдсанаар танд ямар сөрөг нөлөө үзүүлж болзошгүй вэ?

Хуулийн төслийн 4.1.10-д зааснаар энэ хууль нь олон нийтийн сүлжээ буюу бидний түгээмэл хэрэглэдэг Фэйсбүүк, Твиттер, Youtube зэрэг болон бусад олон нийтийн сүлжээнд хаягтай хүн бүхэнд хамаатай.

Хамгийн ноцтой нь энэ хуулиар нийтийн албан тушаалтнаас өөрөөс нь зөвшөөрөл авахгүйгээр хувийн мэдээллийг нь Фэйсбүүк, Твиттерт, Youtube зэрэг олон нийтийн сүлжээнд оруулахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, ийнхүү хориглолтыг зөрчиж оруулсан пост, бичлэг, зураг гэх зэрэг бүхий л контентууд зөрчилтэй контентод тооцогдоно. Улмаар, энэ хуулийн дагуу шинээр үүсгэх төрийн эрх бүхий байгууллагаас таны постыг Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн тул устгана гэх шаардлагыг Фэйсбүүк, Твиттер, Youtube зэрэг байгууллагад хүргүүлснээр таны контентыг устгана.

Хувийн мэдээллийг нь дурдахгүйгээр эрх мэдлээ урвуулан ашигласан, хулгай хийсэн, хууль зөрчсөн нийтийн албан тушаалтан, улс төрчийн талаар иргэд бид шүүмж, эсэргүүцэл, пост бичих бараг боломжгүй. Ялангуяа, гэр бүлийн гишүүдээ оролцуулсан, эсхүл эрх мэдлээ ашиглан хувьдаа хөрөнгө завшсан зэрэг хэрэг дээр бүр ч боломжгүй.

Гэтэл, ийм шүүмж, эсэргүүцлийг олон нийтийн сүлжээнд бичихийн тулд бид тухайн хүнээс зөвшөөрөл авах шаардлагатай болох гэнэ. “Тэг тэг, миний талаар наад мэдээллээ ашиглаад намайг шүүмжлээд бич” гэж зөвшөөрөх нийтийн албан тушаалтан, улс төрч байх уу?

Хуулийн төслийн 4.1.5-д “ногоон суваг” гэж нэр томьёо оруулж өгчээ. Үүнийгээ “олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчтэй зөрчилтэй контентыг шийдвэрлэх, харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах суваг” гэж тодорхойлсон байна. “Ногоон” гэх үг оруулж иргэдэд тааламжтай сонсогдуулах гэсэн бололтой. Гэтэл, хэрэглэгчийн контентыг устгуулах, хязгаарлуулах шаардлагаа энэ “ногоон суваг” – аараа дамжуулж Фэйсбүүк, Твиттер, Youtube зэргийг ажиллуулдаг байгууллагууд руу явуулах гэнэ.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан.

Энэ хууль батлагдсанаар “олон нийттэй харилцах нэгж” гэх шинэ бүтэц буюу алба байгуулах бөгөөд энэ алба нь иргэдийн нийтэлж буй болон бусдадаа хуваалцаж (share) буй аливаа контентын агуулгыг хянах юм байна.

“Энэ хуулиар бид ногоон суваг буюу тухайн байгууллагатай хэрхэн яаж харилцах сувгийг бий болгож байгаа. ... Цахим орчинд үүсгэгдсэн зөрчилтэй гэж тодорхойлж байгаа агуулгатай контентыг бид тухай байгууллагатай хамтарч ажиллаад энэ контент нь ийм учраас, манай дотоод хууль тогтоомжийг үндэслээд зөрчилтэй гэж үзэж байна. Тийм учраас энийг хязгаарлаж өгөөч ээ, устгаж өгөөч ээ ... гэж хандах бололцоо бий болчхож байгаа.”

Түүнчлэн, энэ хууль батлагдсанаар “олон нийттэй харилцах нэгж” гэх шинэ бүтэц буюу алба байгуулах бөгөөд энэ алба нь иргэдийн нийтэлж буй болон бусдадаа хуваалцаж (share) буй аливаа контентын агуулгыг хянаж байх юм байна. Энэ талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар дараах байдлаар тайлбарласан: “Фэйсбүүкээр жишээ авбал пост, шэйрлэж байгаа байдал, хоорондоо мэдээлэл шилжүүлж байгаа байдлын агуулгыг тодорхойлж өгч байгаа юм .... Агуулгын хувьд юу гэж ойлгох вэ, ямар контентыг зөрчилтэй гэж үзэх юм бэ гэдэг тодорхойлолт хийж өгч байгаа, тодорхойлж чадсанаар ямар үр дагаварт хүрэх вэ гэхээр энэ агуулга бүхий мэдээ мэдээллийг, ямар нэгэн контентыг цахим олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй байх, нийтэлсэн тохиолдолд түүнийг хязгаарлах, устгах зохицуулалт хийж өгч байгаа.”

Уг хуулийн төсөлдөө “олон нийттэй харилцах нэгж” гэж Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн бүтцийн нэгж тодорхойлсон байх боловч уг хуулийн төслийг дагалдан бусад хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд буюу Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах төсөлд “Нийтийн төв цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.” гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, энд заасан иргэдийн цахим орчинд оруулж буй контентын агуулгыг хянах, хязгаарлах ажлыг ЦХХХЯ буюу Н.Учрал сайдын удирдан ажиллаж буй яам хариуцах нь ээ. Төсөлд зааснаар яам нь контентын агуулгыг хянаад зогсохгүй “зөрчилтэй мэдээллийн тархцыг бууруулах арга хэмжээ авах” эрхтэй болно.

Уг хуулийн төсөл батлагдахтай холбоотой бусад хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн төслүүд:
Цахим орчин, олон нийтийн сүлжээнд иргэдийн эрхийг хамгаалахын тулд энэ хуулийг батлах гэж байна гэх боловч хэрвээ та татварын хуулийг аливаа байдлаар зөрчсөн тохиолдолд татварын байгууллага таны хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэд ил болгох юм байна.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 13.4 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байгаа бөгөөд энэ төсөл нь батлагдвал татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан бол татварын байгууллага нь тухайн татвар төлөгчид мэдэгдсэний үндсэн дээр татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд оруулахаар тусгажээ.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журам, шаардлагыг огт баримтлаагүй байгаад зогсохгүй ердөө гуравхан хоногийн дотор УИХ-аар батлагдах гэж байна.

Мөн, уг хуулийн төслийг дагалдуулан Харилцаа холбооны тухай хуульд 23.2, 25.2.14 гэсэн хэсгүүдийг нэмэх төсөл оруулжээ. Эдгээр өөрчлөлтийг баталбал нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед Хууль зүй, дотоод хэргийн сайд (Х.Нямбаатар) – ын саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөл нь зөрчилтэй контентын тархцыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээ авах эрхтэй болох юм байна.

Өөрөөр хэлбэл, жагсаал, цуглааны үеэр сүлжээ тухайн газар сүлжээ унагах зэргээр иргэдийн шууд нэвтрүүлэлт (live) хийх зэрэг боломжийг зогсоодог арга хэмжээгээ ийнхүү хуульчилж авах гэж байна.

Гэмт хэргийн шинжтэй эсхүл гэмт хэрэгтэй холбоотой аливаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд оруулсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зэрэг процессын хууль тогтоомжуудаар арга хэмжээ авах боломжтой. Хэрвээ эдгээр хууль тогтоомжийн зохицуулалтууд хангалтгүй байна гэвэл тус хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн тухай:
Монгол Улсад хууль санаачлагч аливаа хуулийн төсөл боловсруулахдаа баримтлах зарчим, журам, тавигдах шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Уг хуулийн үндсэн зорилгуудын нэг нь хуулийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах юм.

Гэтэл, Засгийн газраас өргөн барьж буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журам, шаардлагыг огт баримтлаагүй байгаад зогсохгүй ердөө гуравхан хоногийн дотор УИХ-аар батлагдах гэж байна.

Хууль санаачлагч нь хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлгийг бичгээр, уулзалт хэлэлцүүлэг байдлаар, олон нийтийн цахим сүлжээгээр гэх зэрэг арга хэлбэрүүдээр зохион байгуулсан байх шаардлагатай байдаг (ХТтХ 38.1, 38.5). Хуулийн төсөл нь үндэсний аюулгүй байдлын үүднээс хуулиар нууцад хамааруулсан асуудалтай холбоотой зэрэг болон бусад зарим онцгой тохиолдолд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болох ч ОНСХЭХтХ-ийн төсөл нь ийнхүү олон нийтэд хэлэлцүүлэхгүйгээр батлах шинжтэй хуулийн төсөл биш төдийгүй иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөтэй, үндсэн эрхэд нь шууд халдсан шинжтэй байна.

Гэтэл Хууль тогтоомжийн тухай хуулийн 4-р зүйлд заасан “ил тод, нээлттэй байх”, “олон нийтийн оролцоог хангах” зэрэг үндсэн зарчмыг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 8-р зүйлд заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах”, “хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах” зэрэг үе шатуудыг огт хэрэгжүүлээгүй байна.

Эдгээр зарчим нь аливаа хуулийн төслийг боловсруулахад хууль санаачлагч өөрийн эрх мэдлээ хэтрүүлэхээс сэргийлэх, тухайн хууль нь батлагдсанаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн санал, үндэслэлийг сонсох, хүний эрх, суурь зарчмын баталгааг хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Гэтэл, “төсөл боловсруулж байна” гэж олон нийтэд мэдэгдсэнээс хойш тавхан хоног, төслийг УИХ-ын даргад өргөн барьснаас хойш гуравхан хоногийн дотор батлагдах гэж байгаа энэ хуульд эдгээр баталгаа хангагдсан гэж үзэх ямар ч боломжгүй юм.

Ингэж яарч байгаа нь ямар учиртай вэ?
Цахим орчинд, олон нийтийн сүлжээнд өөрийн үнэн нэр, царайгаа нуусан хүмүүс бусдын эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд халддаг, гэмт хэрэг үйлддэг зэрэг асуудлууд өнөөгийн тулгамдсан асуудал болж буйтай бид бүгд маргахгүй. Гэвч уг асуудлыг шийдэх нэрийдлээр иргэдийн үндсэн эрхэд халдах, төрийн байгууллага өөрсдийн эрх хэмжээ хэтрүүлэн нэмэгдүүлэхийг яавч хүлээн зөвшөөрөх ёсгүй юм.

УИХ-ын тухай хуулийн 14.1.18, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 21.1 – д зааснаар “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой” асуудлаар боловсруулсан хуулийн төслийг Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн “нэн яаралтай” хэлэлцүүлэхээр зохицуулсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үндэслэлээр 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр энэ хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлж өгнө үү хэмээн УИХ-ын даргад албан хүсэлт хүргүүлжээ.

Гэтэл, тэр албан хүсэлтэд нь ч тэр, энэ хуулийн төсөлд ч тэр “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой” гэх тайлбар, агуулга нэг ч алга.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа нэн яаралтай зогсоож, энэ хуулийн төслөө зохих журмын дагуу дахин боловсруулна уу!

УИХ-ын гишүүд Хууль тогтоомжийн тухай хууль зөрчсөн, УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль зөрчсөн, иргэдийн үндсэн эрхэд халдсан шинжтэй зохицуулалтууд бүхий хуулийн төслийг батлахгүй гэж найдаж байна.

Б.МЯГМАРДОРЖ

  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)