Сайдууд төрийн ажлаа УМАРТАЖ бэлэг тарааж СОНГУУЛЬД БЭЛДЭЭД эхэлжээ

Admin | 2023-01-29


Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайхан “Мэндсайхан сан”-гаараа дамжуулан малчдад буцалтгүй тусламж үзүүлж үнэгүй тэжээл өгчээ.

Тодруулбал, аяны хүрээнд Ховд аймгийн Булган суманд л гэхэд 40 тонн 1600 шуудай тэжээлийг 866 малчин өрх, 25 тонн 1000 шуудай тэжээл Мөст сумын 680 өрхөд өгсөн байна. Мэдээж цас зудтай үед малчдад үүнээс өөр дэмжлэг гэж юу байхав. Гэхдээ дэмжлэгээс илүү өнөөдрийн зудад нэрвэгдсэн малчдын саналыг шуудай тэжээлээр ирэх сонгуулийн саналыг худалдан авч байгаа танил тактик биш гэж үү. Ганцхан З.Мэндсайхан ч биш бусад сайд, гишүүд ч сонгуулийн сурталчилгаагаа ил хийгээд эхэлжээ.

Тухайлбал, “Оргил”-ын босс гэгддэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн буюу тойргийнхоо ахмадуудад уут дүүрэн бэлэг тараасан байна. Ж.Ганбаатарын хувьд ийм хэлбэрийн ил сурталчилгааг жил бүрийн цагаан сарын өмнө эрээ цээргүй хийдэг нь үнэн. Учир нь тэр жил мөн л ахмадуудад бэлэг тараах үеэр шахалдаж, амьсгаа авах боломжгүй болж нэг буурал хорвоог орхисон хар түүх бий.

Гэвч Ж.Ганбаатар ахмадуудад бэлэг тарааж, сонгуулийн санал авсан хэвээр. Үнэндээ зарим хүмүүст энэ нь баян хүн манжингаа иднэ үү, луувангаа иднэ гэдгийн жишгээр хамаагүй санагдах боловч бидний үр хойчийн ирээдүйг тортой чихэр, боовхноор ахмадуудын саналаар солилцож байгааг мартах учиргүй. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа үүгээр дуусахгүй.

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар тойргийнхоо иргэдэд оймс, печень, ууттай чихэр тарааж. Нийслэлийн түгжрэлийг бууруулах үүрэг бүхий сайд маань ажлаа умартаж амин хувиа бодож сонгуульдаа бэлдэж яваа бололтой. Төрийн сайдууд нь ийм увайгүй байхад түүнээс доош албан тушаалтнуудтай ёс зүй яриад ч хэрэггүй болжээ. 2024 оны сонгуулийн сурталчилгаа ч эрт эхэлж байна шүү...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)