Нүүрсний хулгайд холбогдсон бусад гишүүний хэрэг замхрах уу

Admin | 2023-03-28


   Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай хатуу тэмцэнэ гэдгээ бараг маани мэгзэм болтол нь хэллээ. Засгийн газар ч гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар л тэргүүн эгнээнд харагдаад байгаа. Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар араас нь дагалдах маягтай.

Ард түмнийг өвлийн хүйтэнд арваад шөнө гадаа хонуулж байж 17 нэр арай гэж зарлан ингэсхийгээд байж бай гэсэн шиг дахиад таг болов. Өнөөх 17 хүний 5 тав нь өдөр шөнөгүй намын даргадаа гомдоллож, гэмгүй царайлж гэгээнтний дүрийг эсгэж явна. Одоогоор нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хүсэлт гаргасны дагуу гишүүний бүрэн эрхээс түтгэлзээд байгаа билээ. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаа мөн л хүсэлт гарган хүлээлгэн өгсөн. Ямартай ч одоогоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэхээр УЕГ-аас хүсэлт хүргүүлээд буй. 

Харин нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар нарын хэрэг юу болов. Хуулийн байгууллагаас эдгээр гишүүдийн хэргийг шалгаж эцэслэсэн талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Тиймээс олон нийтийн дунд дээрх гишүүдийн нэрс нүүрсний хулгайгаас мултарсан уу гэсэн асуулт үлдээд байна. 

Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн шигээ хатуу тэмцэх гээд байгаа юм бол гартаа байгаа нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг ард түмэнд ил болгож, хуулийн байгууллагад даатгачхаж болохгүй гэж. Хэрэв нэрс зарлаад байхад хуулийн байгууллага шийдэж чадахгүй бол талбай дээрх ард түмний тэмцэл аяндаа хууль, шүүхийн байгууллага руу чиглэх нь тодорхой болчихлоо. Тиймээс галыг дөл дээр нь намжаах уу, авалцсан үед нь унтраах уу гэдэг сонголт Ерөнхий сайдад бий. Хэрэв үнэхээр хатуу тэмцэх сонирхол байвал ш дээ. Монголын нийгмийн гажуудлыг, улс төрийн захгүй завхрлыг зогсоохыг хүсч байвал одоо л хөдлөх тохироо. Эс бөгөөс монголчууд хуулийг өөртөө нийцүүлж баталдаг, баталсан хуулиа тултал ашиглаж ах дүү, амраг садангаараа тоймгүй баяждаг үзэгдэлтэй эвлэрэхээс өөр замгүй болох нь. Магадгүй хэдхэн жилийн дараа гишгэх газар ч үгүй болоход гайхах зүйлгүй байж мэднэ. Тиймээс нүүрсний хулгайтай одоо л хатуу тэмцэж, бүгдэнд нь хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)