РОМАН АНИН: Орост В.Путины суудлын төлөөх тэмцэл эхэлсэн

Admin | 2023-05-30


Оросын судлаач, сэтгүүлч Роман Анин “Эрх чөлөө” агентлагийн сурвалжлагч Важа Тавберидзед сонирхолтой ярилцлага өгчээ. Роман Анин “Новая газета” сонинд ажиллаж байсан, 2020 оноос “iStories” хэмээх хараат бус мэдээллийн суваг нээн ажиллуулдаг. Мөн тэрбээр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ) болон Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийн судалгааны төвд (OCCRP) ажилласан туршлагатай нэгэн бөгөөд “Panama Papers”-ын материалуудын араас хөөцөлдсөн. ОХУ-ын Холбооны Аюулгүйн албаны талаар иж бүрэн судалгаа хийсэн. 2021 онд Оросын эрх баригчид түүнийг “Гадаадын агент” хэмээн үзсэн учир сэтгүүлч гадаад руу явсан аж. Кремлийн эрх баригчдын эргэн тойронд өрнөж буй үйлд явдлыг тухай түүний ярилцлагыг товчлон хүргэж байна.  

-Барууны шинжээчдийн олонх нь В.Путин Орос болон Кремлиэс хөөгдөнө гэсэн хувилбарт итгэдэггүй. Таны нэгдүгээр сард “iStories”-т гарсан нийтлэл “В.Путины суудлын төлөөх бүлэглэл хоорондын дайн эхэллээ” гэсэн гарчигтай байсан. Үүнээс харахад, та барууны шинжээчидтэй санал нийлэхгүй байх шиг байна. Яагаад? 

-Миний хувьд В.Путины суудлын төлөөх бүлэглэл хоорондын дайн эхэлсэн гэж бодож байна. Гэхдээ энэ нь эрх мэдлийн төлөө тэмцэгчид түүнийг албан тушаалаас нь зайлуулна гэсэн үг биш. В.Путин 70 нас гарсан, залуу хүн биш. Эрт орой хэзээ нэгэн цагт түүнийгнас барах эсвэл албан тушаалаасаа огцрох болно гэдгийг эргэн тойрныхон нь бүгд мэддэг. Тийм учраас тэд В.Путины дараа хэрхэн ажиллах тухай бодож, хэд хэдэн хувилбар бэлтгэх ёстой гэдгийг сайн ойлгож байгаа. В.Путины тойрон хүрээлэгчид хэд хэдэн бүлэглэлд хуваагдаж, олон жилийн турш тэмцэлдэж буй. Бүлэглэлүүд В.Путинтэй илүү ойр байхыг, түүний шийдвэрт нөлөөлөхийн тулд бие биенээсээ илүү гарах гэж хичээдэг. Заримдаа тэдний дунд том зодоон болно.    

Тухайлбал, Аюулгүйн зөвлөлийн гишүүн, Үндэсний гвардын дарга Виктор Золотовыг авч үзье. Тэрбээр В.Путины ойр дотнын хүний нэг байсан. Нэгэн цагт Ерөнхийлөгчийн бие хамгаалагч хийж байсан юм. В.Золотов Холбооны Аюулгүйн албаны дарга Александр Бортниктой таарамж муутай. А.Бортников ч В.Золотовт дургүй. Тэд хоорондоо байнга муудалцдаг. Тийм учраас тэд В.Путины дараа засгийн эрхэнд хэн байх вэ гэдэг дээр нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй. Тиймээс бүлэглэлүүд В.Путин явахаас өмнө урьтаж хөдөлж эхэлнэ гэж бодож байна.  

-В.Путины суудлын төлөөх тэмцэл эхэллээ гэхэд тэдний зорилго юу байх вэ. Тэд В.Путиныг зайлуулахыг хүсэх үү, эсвэл түүнтэй ойр байж, өөрсдийнхөө хүссэн зүйлээ хийлгэх зорилготой юу?

-Тэдний зорилго таны бодсоноос хамаагүй энгийн байж магдагүй. Зүгээр өөрсдийнхөө хар толгойг, хамаатан саднаа, баялаг хөрөнгөө хамгаалж үлдэх зорилготой. Учир нь Орос дайнд ялагдсаны дараа суудлын төлөөх тэмцэл ширүүснэ гэдгийг тэд мэддэг. Тэдний хэн нь ч Орос ялна гэдэгт итгэхгүй байгаа. Суудлын төлөөх тэмцэлд ялагдсан тал бүх эрх мэдэл болон эд хөрөнгө, баялгаа алдах болно. Жишээ нь, дараагийн Ерөнхийлөгч Үндэсний аюулгүйн зөвлөлийг тэргүүлдэг Николай Патрушев болно гэж үзье. Тэгвэл олон жилийн турш Н.Патрушевтэй тэмцэж явсан бүлэглэлүүд өөрсдийн эрх чөлөө, эд хөрөнгө, баялгаасаа салах болно. Бүр амь насанд ч аюул тулгарна. Маш ширүүн зодоон өрнөх байх. Яагаад гэвэл хүн бүр амьд үлдэхийн төлөө тэмцэлдэнэ.

-В.Путин эрх мэдлийн төлөөх тэмцэлд хэрхэн хандаж байгаа вэ. Бүлэглэлүүдийг хооронд нь сөргөлдүүлж, тэднийг сулруулж, өөрийнхөө эрх мэдлийг бэхжүүлэх зорилгтой биш үү? 

-Дайнаас өмнө В.Путины стратеги үнэхээр тийм байсан. Харин одоо тийм биш. Яагаад гэвэл Е.Пригожин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу болон Чеченстаны тэргүүн Рамзан Кадыровтай сөргөлдөж байгаа нь В.Путины эрх мэдлийг сулруулдаг. В.Путин шийдвэр гаргахаас айдаг улстөрч. Тэрбээр асуудал өөрөө шийдэгдэхийг хүлээдэг. 

-Хөрш орноо эзлэн түрэмгийлсэн хүн шийдвэр гаргаж чадахгүй гэдэг сонирхолтой юм байна?

-Хоёр өөр шийдвэр. Украин руу түрэмгийлэхэд В.Путин амархан ялалт байгуулна гэж бодож байсан. Киевийг гуравхан хоногийн дотор эзэлж авах болно гэж мэдэгдсэн. Тиймээс эрсдэлийг тооцоогүй. Харин өөрийнх нь бүлэглэлүүдтэй холбоотой шийдвэр гаргах өөр. Сүүлийн үед Е.Пригожин болон Оросын бусад “эх орончдын” мэдэгдлийг сонсож байхад, В.Путин эх орнооссо урвасан гэсэн санаа цухалзаж эхэлсэн. Энэ бол ноцтой буруутгал. Одоо Кремлийн тэргүүн нэг бол холбоотнуудынхаа эсрэг хатуу ширүүн тэмцэл хийх болно, эсвэл хэтэрхий оройтоно. Энэ бол хэцүү шийдвэр. Тиймээс В.Путинд өөрийнх нь хамтрагчдын хувь заяаг шийдвэрлэх нь Украинд түрэмгийлснээс хэцүү байгаа. Одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль ойртохоор хамтрагчдаа устгахаас өөр аргагүй болно.       

-В.Путин Е.Пригожиныг шийтгэх үү?

-Е.Пригожины хийж буй мэдэгдлүүд В.Путины эрх мэдлийг сулруулахад нөлөөлнө. Е.Пригожин, В.Путин хоёр бие биенээсээ хамааралтай. Е.Пригожин фронтын хамгийн чухал хэсэгт байгаа 50 мянган цэргийг удирдаж байна. Хэрэв “Вагнер” фронтын шугамаас гараад явбал дайн дуусах болно. Эсвэл Оросын цэрэг ялагдах хүлээнэ. Харин Е.Пригожин зэр зэвсэггүй бол дайтаж чадахгүй учраас В.Путинээс хамааралтай. Кремлийн тэргүүн Е.Пригожин дайны талбарт үхээсэй гэж В.Зеленскийгээс ч илүү хүсэж буй. Дайны талбарт үхвэл асуудал өөрөө шийдэгдэнэ.      

-Хэрэв В.Пригожин үнэхээр өөр төлөвлөгөөтэй байвал яах уу?

-Тэр маш чадварлаг үзэл сурталч гэдгийг мартах ёсгүй. Өмнө нь тэрбээр “Рублевкад амьдардаг баячууд Оросоос урвасан. Ард түмнийг дээрэмдэж, хөвгүүдийг чинь зэвсэггүй фронт руу явуулж байна. Дайнд яаж ялалт байгуулахыг би мэднэ. Гэхдээ урвагчид надад боломж олгохгүй байна” гэсэн санааг түгээсэн. Оросууд түүний үгэнд итгэсэн. Өдөр ирэх тусам Е.Пригожин алдаршиж байна. Учир нь тэр оросуудын сонсохыг хүсч буй үнэнийг хэлж байгаа. Дайныг дэмждэг Оросын иргэдийн ихэнх нь “Нэгэнт бид эхлүүлсэн тул ялагдаж болохгүй” хэмээн боддог. Тийм учраас, Е.Пригожины суртал ухуулга маш их дэмжлэг авдаг.   

-Украин дайнд ялалт байгуулвал юу болох вэ?

-Ялалт байгуулна гэдэгт найдаж байна. Тэгвэл Орост бүлэглэл хоорондын дайн эхэлнэ. Уг дайнд хэн ялахыг харна. Дараа нь юу болохыг мэдэхгүй. Орос тайван бус тогтворгүй болж, байнга зэвсэгт бүлэглэлүүд нь хоорондоо мөргөлдөж байдаг Африк улсуудын нэгэн адил болох эсвэл 20-50 жилийн дараа ардчилсан улс болж ч магадгүй. Энэ бол В.Путины дараа Ерөнхийлөгчийн суудалд хэн залрахаас хамаарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)