Төр хошин шогийнхноор ДУТАА юу?

Admin | 2022-01-13


Төрд бөх, дуучид шургалдаг моод хуучраагүй байтал хошин урлагийнхан төрд зүтгэх моод дэлгэрч байгаа юм уу даа. Учир юу гэвэл УИХ-ын Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд хоёр хүний нэрийг дэвшүүлж, дэмжигдсэн нь олон нийтийн дургүйцлийг нэлээд хүргээд байна. Нэг нь МУГЖ Н.Онон, нөгөө нь лхаарамба Д.Жавзандорж юм.

Ялагуяа нийгмийн сүлжээнд хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ нэлээд нэр хүнд муутай жүжигчин Н.Ононг Үндэсний зөвлөлд нэр дэвшсэнд иргэд нэлээд эгдүүцэв. 

Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил. Үүнээс дөрвөн орон тоонд Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх эрхтэй аж. 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан учир Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхийнхээ дагуу лхаарамба Д.Жавзандорж, жүжигчин Н.Онон нарыг нэр дэвшүүлсэн байна. Улмаар Байнгын хороогоор өчигдөр дэмжигдсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдвэл МУГЖ Н.Онон олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн болно. Тэр товчхондоо аливаа бүтээлийг нийгмийг соён гэгээрүүлэх, сайн сайхны төлөө хөтлөхөд чиглүүлж, хяналт тавьж ажиллах ёстой. Харамсалтай нь жүжигчин маань энэ албанд тэнцэх болов уу? Гэдэг асуулт иргэдийн дунд яригдаж эхэллээ. МУГЖ Н.Онон 1987 онд 23 дугаар сургууль төгсөөд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. Мөн МУИС-ийн хуулийн ангийг төгссөн байна. Тэрээр 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан, 2020 онд Соёлын сайдын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гээд нэлээд улс төрийн зүтгэлтэй яваа нэгэн.

Тэрээр анх И.Одончимэг, Л.Баттулга нартай хамтран “Х-Түц” продакшныг байгуулж  хошин урлагийн тайзнаа 30 гаруй жил тоглосон түүхтэй. Өдгөө тус продакшны захирал юм. Мөн “Болсон явдал” “Миний хөрш чөтгөр” “Аравт” гэх зэрэг кинонуудад тоглож байжээ. Ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүдийн дүрд тоглодог бөгөөд дэлгэцийн бүтээлүүдийн дийлэнх дүр нь ч мөн инээдмийн жанрынх.

Харин “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрд Улсын драмын эрдмийн театрт байхдаа тоглож байсан нь түүний өнгөрсөн жилүүдийн ганц гялтайх дүр гэж үзэгчид үнэлдэг. Гэхдээ Үндэсний зөвлөлийн алба түүний хошин шогийн дүрээс ангид зүйл. Урлагаар хүүхэд, хүүхний дүрээс хэтрээгүй жүжигчин маань улсыг соён гэгээрүүлэх ажилд хүчрэх болов уу.

Төрийн албыг төрөл садан, танил талаараа дүүрэгдэгийн тод жишээ энэ аж. Учир нь МУГЖ Н.Ононгийн нэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлсэн. Тэд найзууд, нэг нутгийнх, олон жил сонгуулийн сурталчилгаанд хамт явсан гээд хамаарал ихтэй гэдэг. Түүний эхнэр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч гэдгийг ч олон нийт мэдэх биз ээ. Ямартай ч эрхэм жүжигчин маань Үндэсний зөвлөлд сонгогдох эсэх удахгүй шийдэгдэнэ. Төрийн албанд тэнцэх эсэх нь хамаагүй. Танил эсвэл төрлийн нүүр байхад хошин урлагийнх байна уу, хойморт залардаг бөх нь байна уу хамаагүй ард түмний оюун санааг удирдах бололтой...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)