Ахмад депутат Н.ГАНТӨМӨР: 1990 оны Үндсэн хуулийг батлалцсан 430 хүн бол нийгмийг өөрчилсөн Монголын түүхэн дэх азтай хүмүүс

Admin | 2022-01-13


Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан 76 хоног хуралдаж 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын 4 дэх үндсэн хуулийг баталсан юм. Энэ үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улсад нэг шаттай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан юм. Ингээд Төв аймгийн Баян сумаас 1990 оны Үндсэн хууль батлахад хоёр хүн сонгогдож ирсний нэг төлөөлөгч нь М.Гантөмөр депутат юм. Тэрбээр 1962 онд төрсөн ба Үндсэн хууль батлалцах үедээ 29 настай байжээ. 1990 оны 4 дэх Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон М.Гантөмөр депутаттай ярилцлаа.

-1990 оны Үндсэн хуульд ямар онцлог шинж байв?

-Би 1990 онд Төв аймгийн Баян сумын 314-р тойргоос Үндсэн хууль батлахад сонгогдож ирсэн. 1990 оны Үндсэн хууль бол олон онцлог шинжтэй хууль байсны нэг онцлог нь бүх давхаргын хүмүүсийн оролцоо байсан юм. Үндсэн хуулийг батлахад Улсын бага хурал, зааланд сууж байсан депутат биднээс гадна Монголын мэдлэг чадвартай эрдэмтэд, түүхчид, археологичид, геологичид бүгд оролцсон. Түүний нэг тод жишээ нь миний бие байлаа. Тэр үед намаас гадна Монголын Залуучуудын Холбоо (МЗХ) биеэ даасан улс төрийн хүчин болж сонгуульд оролцох эрхтэй ганцхан тохиолдол байсан юм. Төв аймгийн МЗХ-г төлөөлж Баян-Өнжүүл сумаас Мандах найз маань, Баян сумаас миний бие Үндсэн хууль батлахаар Улаанбаатар хотод ирж байлаа. Үндсэн хуулийн үзэл санаа бол ард түмний минь хүсэн хүлээж байсан үзэл санаа байв. Үзэл санааны үр дүн нь шинээр буй болж байгаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө баталгаажуулахыг хуулиар баталгаажуулна гэдэг утгаар л 1990 оны үндсэн хууль батлагдсан юм. Үндсэн хуулийн тулгуур цөөн хэдэн зарчим бий, тэдгээрийг баталсан сайн үндсэн хууль болсон гэж боддог доо.

-Тухайн үед Үндсэн хуулийг батлахад оролцсон танай Төв аймгийн төлөөлөгчдийг их хүчтэй, нөлөө бүхий хүмүүс байсан гэдэг?

-1990 оны Үндсэн хууль батлахад Төв аймгийн баг маш хүчирхэг баг болж оролцсон байдаг. Үндсэн хууль батлах үйл явцад Төв аймгаас хоёр их хурлын дарга ажилласны нэг нь Гомбожав гуай, дараах нь Уртнасан гуай байсан юм. Мөн Гандантэгчэнлин хийдийн Чойжамц гуай Үндсэн хууль батлалцахад Төв аймгаас оролцож байлаа. Үндсэн хууль батлахад оролцсон хамгийн залуу төлөөлөгч нь Баярцогт байсан. Түүний дараа миний бие Гантөмөр 28 настай оролцож байсан юм.

-Таныг Үндсэн хуульд батлалцах үйл ажиллагаанд  оролцохын тулд Хотын дарга асан Энхболдын аав Миеэгомбо гуайтай өрсөлдөж, улмаар та сонгогдсон гэдэг юм билээ. Энэ тухайгаа хуучлахгүй юу?

-Төв аймгаас хотын дарга асан Энхболдын аав  "Намын дээд сургууль"-ийн захирал Миеэгомбо гуай бид хоёр Үндсэн хууль батлалцах гишүүнд өрсөлдөж ард түмнийхээ саналаар би сонгогдож ирсэн. Миний хувьд Миеэгомбо гуайгаас мэдлэг чадвар илүү гэж сонгогдоогүй, ард түмэнтэйгээ илүү ойр байсан учраас л олон санал авч сонгогдсон байдаг. Үндсэн хууль батлалцахаар сонгогдож ирсэн надад урам зориг, итгэл зүтгэл л их байлаа даа. Миний хувьд 1990 оны Үндсэн хуулийн хоёр зүйлд том нөлөө үзүүлсэн гэж боддог юм.

-Тодорхой дурдахгүй юу?

-Нэг нь ардын хянан шалгах хороог татан буулгах санал, хоёр дахь нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гавьяат эдийн засагч Лхагвасүрэн болон малын эмч нартай нийлж мал сүрэг, төрийн хамгаалалтад байх ёстой гэсэн санаануудыг оруулж үндсэн хуулиар батлуулсан.  Уг хуулиуд маань өдийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжээд явж байна. Ер нь 1990 оны Үндсэн хууль батлалцсан депутат бол тэр үеийн бүх давхаргын төлөөллүүд байсан. Ард түмэндээ хүндлэгдсэн хүний эмч, малын эмч, сургуулийн багш тийм л хүмүүс байсан. Одоо бол мөнгөтэй нь л сонгогдож байгаа бололтой. Энэ нь нийгэмтэйгээ ч холбоотой байх.

-Та бүхний ингэж үнэнчээр сэтгэл зүрхээрээ оролцож баталсан Үндсэн хуулийг шинэчлэх нэрээр өөрчлөлт оруулж хөндөх болсон. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Орчин цагаа дагаад өөрчлөх нь зөв зүйл л байх, буруу гээд хэлчихвэл одоо миний үгийг хэн тоох вэ. Гэхдээ бидний баталсан үнэ цэнэтэй хайран хуулийг минь хөндөөд, үгүй хийчихвийдээ л гэж айдаг юм. Бидний үед олон нам байгаагүй. Аливаа сонгуульд мөнгөөр гарч ирдэггүй чин үнэнчээр өрсөлддөг тийм л байлаа. Хүнийг өөр шигээ л санаж боддог.  Яг энэ бодол шигээ дараа дараачийн төр барих хүмүүсийг бидэн шиг л байх байх гэж андуурч явжээ. Олон намын бүлэг үүснэ, шуналтай хүмүүс төр барина гэж мэдээгүй.

-Сүүлийн үед илүү том бүлэглэлээр гэдэг юм уу намын сонирхлоор Үндсэн хуулийг хөндөх тал ажиглагдах болсон санагдах юм...?

-Олон нам байх нь уг нь зөв. Тэрийг буруутгах юм байхгүй. Гэхдээ намыг бүлэглэл болгож гаргаж ирсэн хүмүүс олноор бий болсон нь их сонин. Биднийг Үндсэн хууль батлах үед бүлэглэл гэж зүйл байгаагүй шүү дээ. Бид нэг л зорилгын төлөө нэгдэж, нэг л зүйлийн төлөө санаа нийлж явсан. Одоогийн үндсэн хуулийн өөрчлөлтөд ашиг сонирхлын зөрчил явагдаж төр, засаг хоёрын харьцаан дээр тоглолт хийж байгаад харамсаж л суудаг. Бидний баталсан сайн хуулийг өөрчилж ашиг сонирхлоо шигтгэж байгаад хэлэх үг олдохгүй л байна. Бид муу зүйл хийгээгүй шүү дээ.  Хожмын хүүхдүүд засаад явах байх гэж найдаж байна. Гэхдээ үндсэн хуулийн тулгуур зарчим болох ардчилсан улс байх, парламентын засаглалтай байх, амьд явах, суралцах, эрүүл байх зэрэг зарчмууд бол гажаагүй. Гажсан зүйл нь засаглал хоорондын хуваарилалт л байна.

-Үндсэн хуулийн баярын өдрөө тохиолдуулаад үе үеийн депутат нартаа хандаж сэтгэлийнхээ үгийг хэлэхгүй юу?

-Тэгэлгүй яахав. 1990 оны Үндсэн хуулийг батлалцсан 430 хүн бол Монголын түүхэн дэх азтай хүмүүс юм. Яагаад гэвэл бид нийгмийг өөрчилсөн. Нийгэм өөрчлөх эрхтэй байна гэдэг маш том хариуцлага, маш том нэр хүнд. Ардчилал гэх сайхан зүйл биднийг нийгэм өөрчлөх эрхийг өгсөн. Үндсэн хууль хамт батлалцсан тэр үеийнхээ хүмүүсийг ангийн нөхдөө гэж бид ярьдаг, дурсдаг. Ангийн нөхдөдөө болон одоогийн Үндсэн хууль батлахад оролцож буй дарга нар, Монголын ард иргэддээ болон үе үеийн депутат нартаа Үндсэн хуулийн өдрийн мэнд дэвшүүлье!

                                                                                                                      А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)