ТАНИЛЦ: Сар шинийн барилдаанд сүүлийн арван жил түрүүлсэн бөхчүүд

Admin | 2022-01-31


Цагаан сарын барилдаан нь Монгол Улсад зохиогддог үндэсний бөхийн барилдаануудаас нэр хүндээрээ наадмын дараа орох барилдаан юм. Билгийн тооллын шинэ он болох цагаан сарыг тохиолдуулан битүүний өдөр бөхийн барилдаан зохиогддог. Цагаан сарын барилдаан нь 1963 онд анх Нэгдэлчдийн баярын барилдаан хэмээх нэртэйгээр зохиогдож эхэлжээ.

Тэгвэл 2012 оноос хойшхи Сар шинийн барилдааны түрүү бөхчүүдийг та бүхэнд танилцуулж байна.

2012 оны 256 бөхийн барилдаанд  Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга С.Мөнхбат түрүүлсэн юм. Тэрбээр 2011 онд Улсын наадамд 10 давж түрүүлэн улсын аварга цол хүртсэн.

2013 оны 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлсэн юм. Тэрбээр Сэлэнгэ аймгаас анх 1933 онд Дамдинсүрэнгийн Данзан арслан цол хүртсэнээс хойш ная гаруй жилийн дараа "арслан" цол хүртэж түүхэн шинэ амжилтын эзэн болсон төдийгүй 2013 оны улсын наадамд түрүүлж улсын аварга цол хүртжээ.

2014 оны 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд цолтон Д.Рагчаа түрүүлсэн юм. Түүний хадам аав нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох юм.

2015 оны 256 бөхийн барилдаанд  Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтон Ч.Санжаадамба түрүүлсэн юм. Тэрбээр Монгол Улсын 22 дахь аварга. Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан. 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн тэрээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол авсан гэх түүхэн амжилтуудын эзэн юм. Түүнийг бөх сонирхогчид өнөө цагт төрсөн жудагтай ховорхон сайн бөхчүүдийн нэг хэмээдэг.

2016 оны 256 бөхийн барилдаанд Монгол улсын арслан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цэдэвийн Содномдорж түрүүлсэн юм. Тэрбээр 2009 оны үндэсний их баяр наадмаар 5-ын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртэж байжээ. 2017 онд Улсын их баяр наадамд улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших оор 9 даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн.

2017 оны 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтон Ч.Санжаадамба түрүүлсэн юм. Энэ нь түүний цагаан сарын барилдааны  гурав дахь түрүү болсон.

2018 оны 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтон Б.Бат-Өлзий түрүүлсэн юм. Тэрбээр АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Нямсүрэнгээр дөрөв, улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч "Монгол улсын харцага" цол хүртсэн.

2019 оны 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, үндэсний бөхийн Улсын арслан, бөх билэгт дэвжээний бөх Р.Пүрэвдагва түрүүлсэн юм. Тэрбээр 2016 онд Улсын наадамд 9 давж үзүүрлэн Улсын арслан цол хүртсэн бол 2020 оны Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн.

2020-2021 онд Дэлхий нийтэд тархаад буй коронавирусээс шалтгаалан УОК, төр засгийн шийдвэрийн дагуу сар шинийн барилдаан болоогүй билээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)