Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд багадаа л 10 гаруй жил хөдөлмөрлөнө. Тууштай л байх хэрэгтэй

Admin | 2023-02-20


Ардын хувьсгалын 100 жилийн ой, МЗХ-ны 100 жилийн ой, МҮБХ-ны 30 жилийн баярт зориулсан хүчит 512 бөхийн барилдааны түрүү хүчтэн, Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдааны хоёр удаагийн түрүү бөх Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын харцага Б.Бат-Өлзийтэй ярилцлаа. (АРХИВ 2022.01.19)

-Та “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд хоёр түрүүлчихлээ. Чансаа өндөр 128 бөх оролцдог гэдэг утгаараа нэлээд том барилдаанд тооцогддог. Ер нь ямар сэтгэгдэл төрж байв?

-Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлээд байна. Маш их баяртай байна, сэтгэгдэл өндөр байна. Бэлтгэл сургуулилалт маань жигд сайхан байсны үр дүн байх аа.

-Таны хувьд заал танхимын барилдаанд идэвхтэй оролцдог бөхчүүдийн нэг. Барилдаан алгасахгүй оролцоно гэдэг нэг төрлийн бэлтгэл биз?

-Миний хувьд заал танхимын барилдаанд идэвхтэй сайн оролцохыг хичээдэг. Долоо хоногийн өдөр бүрт бэлтгэл сургуулилтаа хийдэг. Үндэсний бөхийн бэлтгэл, хүчний бэлтгэл гээд хослуулаад л хийдэг дээ. Заал танхимын барилдаанд идэвхтэй оролцдог маань ч надад бэлтгэл, сургуулилалт болоод явдаг.

-Бэлтгэлээ хаана хийж байна, ховдынхоо бөхчүүдтэй хамт хийдэг үү?

-Тийм ээ. Бэлтгэлээ ховдынхоо бөхчүүдтэй "Ховд дэвжээ"-ндээ хийж байна.

-Олон бөхчүүд допингийн эсрэг хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж байна. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Допинг мэдээж буруу байлгүй яахав. Тэгээд ч хүний бие эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Миний хувьд бэлтгэл сургуулилтаа сайн базааж өөрөө л өөрийгөө дайчлаад л барилдъя гэж боддог. Өөртэйгөө л ажиллах ёстой гэж боддог.

-Өнгөрсөн жилийн Хүй долоо хутагт болсон наадмаар та түрүүлсэн байдаг. Тус наадмыг бөхийн хорхойтнууд Үндэсний баяр наадмын хэмжээнд хүрэхүйц том барилдаан болсон учир танд цол нөхөн олгох тухай яриа нэлээдгүй явсан. Энэ тухайд?

-Өнгөрсөн намар Ардын хувьсгалын түүхэн 100-н жилийн ой болж өнгөрсөн. Манай улсын бэлгэдэл болсон эрийн гурван наадам өмнө нь тасалдаж үзээгүй, тасалдах ч учиргүй. Хэдийгээр цар тахалтай байгаа ч гэсэн манайх түүхэнд байгаагүй буюу чансаа өндөр 512 улс, аймгийн цолтой бөхчүүд барилдсан том наадам болсон. Миний тухайд эхний даваанаас л чанга өрсөлдөгч нартай тулсан барилдаан болсон. Алдаа гаргалгүй нягт барилдаж түрүүлсэн байдаг. Хамаг Монголын хүчтэнүүд цугласан чансаатай наадамд шөвгөрсөн 16 залуу байна. Энэ бүхний хөлс хөдөлмөрийг төр засаг үнэлнэ гэдэгт нь эргэлзэхгүй байна. Тэр ч утгаараа бэлтгэл сургуулилтаа сайн хийж хүлээцтэй сууж байна. Төрийн наадамд түрүүлэхийн тулд багадаа л 10 гаруй жил хөдөлмөрлөнө шүү дээ. Тууштай л байх хэрэгтэй.

-Таны хувьд үндэсний бөхөөр хэдэн жил хичээллэж байна вэ?

-Үндэсний бөхөөр 15 насандаа хичээллэж эхэлсэн. 17 насандаа "Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсэж ороод багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Намайг бага байхаас л аав, ээж маань дэмждэг байсан. Дээр нь миний өөрийн үндэсний бөхөд сонирхолтой байсан маань их хүчтэй нөлөөлсөн болов уу гэж би боддог юм. 

 -Танай удамд бөхийн талын хүн бий юү?

-Аав, ээжийн хоёр талын ах дүү нар бүгд хөдөө орон нутагтаа л барилддаг бөхчүүд байсан. Гэхдээ улс аймгийн цолтой бөх байгаагүй ээ. Удмаасаа ганц улсын цолтой бөх нь би байгаа юм. Тийм болохоор хамаатнууд маань ч их дэмжинэ. Итгэл хүлээлгэнэ.

-Таны хувьд хүү, охин хоёртой шүү дээ.  Хүүгээ ер нь спортоор хичээллүүлэх, тэр дундаа үндэсний бөхөөр барилдуулах бодол бий юу?

-Хүүхэд маань өөрөө ямар сонирхолтой байна гэдгийг асууж байж л шийднэ дээ. Өөрийнх нь дургуй зүйлээр хүчээр хичээллүүлэх нь буруу гэж боддог.

-Таны дуулж байгаа хэд хэдэн бичлэг цахим орчинд  цацагдсан. Хүмүүс ч их сонирхож байна. Тэгэхээр та бас дуулах дуртай байх нь ээ?

-Монгол, бөх хүний хувьд наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэдэг шиг дуулах дуртай. Манай бөхчүүд ч ихэнх нь сайхан дуулдаг даа.

-Үндэсний бөхөөр хичээллэж эхэлж байгаа болон залуу бөхчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Залуу үеийнхээ бөхчүүдэд том ах нараасаа үлгэр дууриалал авч, сайхан хүмүүжилтэй, бэлтгэл сургуулилтаа сайн хийж хөдөлмөрч шаргуу байгаарай гэж хэлье.

                                                                                                        А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)