Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, чадавх, цаашдын хөгжлийн чиг хандлагатай танилцан, албан хаагчидтай уулзаж, санал солилцлоо.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь Монгол хүний өдөр тутам хэрэглэж буй хүнс эрүүл, аюулгүй эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрэн тодорхойлох стратегийн ач холбогдол бүхий байгууллага юм. Засгийн газар хүнсний аюулгүй байдлыг зөвхөн салбарын асуудал бус, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжил, ирээдүй хойч үеийн эрүүл мэндийн баталгаа хэмээн үзэж, энэ чиглэлийн бодлого, хөрөнгө оруулалтыг цаашид ч тасралтгүй үргэлжлүүлэн лабораторийг хөгжүүлэхээр зорьж байгаа билээ. Шадар сайд Х.Ганхуяг: “Хүнсний аюулгүй байдал нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйл гэдгийг онцлоод, лавлагаа лабораторийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шинжилгээний нэр төрлийг өргөжүүлэх, боловсон хүчний бэлтгэл, сургалтыг сайжруулах шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн лабораторийн үйл ажиллагааг бүсчилсэн байдлаар өргөжүүлж, орон нутгийн лабораториудтай уялдаа холбоотой, нэгдсэн стандарт, арга зүйгээр ажиллах нь чухал” гэдгийг дурдав.
Түүнчлэн Шадар сайд Х.Ганхуяг олон улсын жишигт нийцсэн лабораторийн тогтолцоог бүрдүүлэх, экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний хяналт, баталгаажуулалтыг шуурхай, найдвартай хийх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Харин Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Сүүлийн жилүүдэд Засгийн газраас тус лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, 2024–2025 онд 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн шинжилгээний чадамж 85 хувьд хүрсэн. Энэ нь хүнсний аюулгүй байдлын хяналт, тандалт, эрсдэлийн үнэлгээг нотолгоонд суурилан хэрэгжүүлэх бодит боломжийг бүрдүүлсэн чухал алхам болсон” хэмээн танилцууллаа.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар манай улсад хүнсэн дэх бичил хуванцар, генийн өөрчлөлттэй хүнс, мөн хүнсний сав, баглаа боодлоос хүнсэнд дамжин орж болзошгүй хорт нэгдлүүдийн шинжилгээ хараахан нэвтрээгүй байна. Цаашид эдгээр шинжилгээг үе шаттайгаар нэвтрүүлж, хүнсний эрсдэлийг урьдчилан илрүүлэх, олон улсын худалдаа, экспортын шаардлагыг хангах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн хяналт, шинжилгээний тогтолцоо бэхжиж, иргэдийн итгэл нэмэгдэн, Монгол хүний эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх бодитойгоор хангагдах юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮН...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Г.ЗАНДАРШАТАР: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, У...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























