Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан иргэдийг авран хамгаалжээ

Admin | 1 цагийн өмнө


  Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг, “Хараа” голын гүүрний зүүн талд  Харзны усанд ороод буцаж явсан 4 хүн суудлын автомашинтайгаа “Хараа” голын мөсөнд цөмөрч, суусан тухай дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн  “Toyota Prius 30” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч, суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Төв аймаг, Сэргэлэн сум Хайрхан багийн “Бунхны цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ Тус аймгийн Баянцагаан сумын харьяат, малчин Э нь 2026.01.18-ны өдрийн 11:00 цагийн орчим хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Э /61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20:40 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 23:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км-т “Үзүүрийн цагаан-Овоо” гэдэг газраас  эсэн мэнд олж, хүлээлгэн өгсөн.

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Өнгөт багийн "Ихэн гашуун" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Тус сумын харьяат малчин С нь 2026.01.18-ны  өдрийн 17:00 цагийн орчим явганаар малдаа яваад төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн тасгийн алба хаагчид,сумын Мэргэжлийн ангийнхан малчин С /62 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 23:53 цагаас зохион байгуулж, 01.19-ний өдрийн 00:23 цагт “Ихэн гашуун” гэдэг газраас зүүн урд зүгт 20 км-т Сангийн далай багийн “Ар-Угтаал” гэдэг газраас  эсэн мэнд олж, сум дундын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Цасанд суусан: Завхан аймаг, Цагаанхайрхан сум Баянбулаг багийн “Хүйтэнгийн дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/с Отгон сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 9 зорчигчтой суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын  "Toyota Prius 20" загварын суудлын автомашин эвдэрч цасанд суусан байсан зорчигчид /том хүн 3, хүүхэд 6/-ийг Улиастай суманд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, "Хүрзтэйн уурхай" гэдэг газар  5 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.01.18-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн "Toyota Sai" загварын суудлын автомашин /1 том хүн, 4 хүүхэд/ цасанд суусан байсныг ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)