Э.ӨНӨРЖАРГАЛ: Эрчүүдийн бүсэлхийн тойрог 94 см-ээс хэтэрвэл бэлгийн сулрал үүснэ

Admin | 2022-05-08


Эрчүүдийн эрүүл мэнд, эрт илрүүлгийн талаар Хүний их эмч Э.Өнөржаргалаас тодрууллаа.

-Эрчүүдийн хувьд өөрсдөө анзаардаггүй ч амь насанд нь аюултай ямар өвчин байдаг вэ?

-Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага байдаг. Энэ нь гэрийн эзэнд хүндлэл үзүүлж байна гээд хоолныхоо хамаг өөхтэй, тостой хэсгийг хамаад хийж өгдөг наад захын жишээнээс болж байна. Ингээд ханасан өөх тос буюу хүний биед чөлөөтэй цус урсах ёстой байтал түүнийг нь өөхөн царцмаг буюу өөхөн товруу үүсгээд саад учруулчихдаг. Энэ жижиг мэт асуудал боловч ямар нэгэн өвчлөл болох цаашлаад зүрхний шигдээс, тархины цус харвалт болох эрсдэлтэй юм.

Хоёрдугаарт тамхиталт. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаанаас харахад тамхи татдаг хүний дундаж наслалт 52 байна.

Мөн шодойн хөвчрөл буюу бэлгийн сулрал үүсчихлээ гээд эмнэлгийг зорьдог. Энэ нь дээр дурдсан хоёр шалтгаантай шууд холбоотой байдаг. Тэгэхээр бэлгийн сулралын асуудалтай болчихвол үүнийгээ тоохгүй орхиж болохгүй. Энэ нь хүндэрвэл зүрхний шигдээс болох ч нэг дохио юм гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

-Эрчүүд урт наслахыг тулд өдөр тутмынхаа амьдралд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Маш энгийн. Миний хүн болгонд өгдөг зөвлөгөө гэвэл нэгдүгээрт архи, тамхины хэрэглээ буюу хорт зуршлаасаа ангижир. Хүмүүст битгий архи хэрэглэ гэж хэлээд хэрэглэхээ больчихдоггүй. Тэгэхээр 14 хоногт нэг удаа хэрэглэх нь зүй ёсных юм. Архи хэрэглэснээр хүний биеийн элэг гэх эрхтэн дээр нүүрс усны хуримтлал үүсч тэр нь 14 хоногийн дараа задарч байдаг. Архийг хэрэглээд эрүүл болсныхоо дараа архи бүх биеэс гадагшилдаг гэж ойлгодог нь буруу.

Хоёрдугаарт хоолны дэглэм маш чухал. Нэг дор их хэмжээгээр идэх болон өлсгөлөн удаан хугацааны туршид явах нь маш аюултай. Өглөөний цайг уулгүй явах нь цөсний хүүдийнд буй цөс нь сэгсрэгдээд шингэн болоод ялгарч чаддаггүй. Үүнтэй холбоотойгоор цөсний чулуу гэх өвчлөлийг үүсгэдэг.

Мөн бие биеэсээ шижиглэхгүй байна гээд хэрэглэсэн аяга тавагнаас нь хамаагүй идэж уух нь хеликобактерийг бие биедээ дамжуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Хеликобактер нь ходоодны шархлаа гэх өвчнийг үүсгэдэг.

Гуравдугаарт дасгал хөдөлгөөн. Эрчүүдийн хувьд бүсэлхийн тойрог 94 см байх ёстой. Үүнээс хэтэрвэл автоматаар тестостерон буюу эр бэлгийн даавар буурч бэлгийн сулралыг үүсгэдэг.

-Урьдчилсан сэргийлэх үзлэгийн хувьд?

-Урьдчилсан сэргийлэх үзлэгт жилдээ нэг удаа орох ёстой. Эрчүүд маань машиныхаа эд ангийг байнга шалгаж, оношилгоонд оруулдаг шиг өөрсдийнхөө биед цаг гарган урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

Засгийн газрын зүгээс санаачлан явуулж буй эрт илрүүлгийн үзлэг энэ оны тавдугаар сарын нэгнээс эхлэн нэг жилийн хугацаанд хийгдэх ажил юм. Төрсөн сараас нь хамааран өрхийн эмнэлгээс нь урилга очно. Урилгын дагуу тухайн сардаа багтаан үзлэгт хамрагдах боломжтой.

                                                                                                                                                      А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)