Т.ХОНГОР: Бага насны хоёр хүүхэдтэй, жирэмсэн эхнэрээ найзтайгаа уулзлаа гэж нүүр нүдгүй зодсон байна

Admin | 2022-03-09


Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийг хамгаалах эрхийн өдөр тохиосон билээ. Гэвч энэ өдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ. Өмнөх өдөр нь 147 дуудлага ирсэн бол баярын өдрөөр 205 дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, бага насны хоёр хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйг нөхөр нь зодож, хүнд гэмтээжээ. Энэ талаар хуульч Т.Хонгороос тодрууллаа.

-Та цахим хуудсандаа бага насны хоёр хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйг нөхөр нь зодож хүнд гэмтээсэн талаар бичсэн байсан. Хохирогчийн биеийн байдал хэр байгаа вэ?

-Хохирогч эмэгтэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэсэн миний фэйсбүүк пэйж хуудсаар холбогдсон. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг талаараа над руу чат бичиж байсан юм байна. Би ихэнхдээ утсаар мэдээлэл өгдөг болохоор тэр олон хүний чатан дунд анзаараагүй бололтой. Өнөөдөр утсаар холбогдоод “нөхөртөө зодуулчихлаа туслаач” гэсэн. Улмаар ажил дээр ирж уулзсан. Нүүр ам, цээж, хөл, гар гээд авах юмгүй хөх няц болж зодуулсан байна.

-Жирэмсэн гэсэн байх аа?

-Бага насны хоёр хүүхэдтэй. Одоо ахиад жирэмсэн юм байна.

-Нөхөр нь юуны учраас зодсон юм бол?

-Нөхөр нь тодорхой эрхэлсэн ажилгүй юм байна. Эхнэрээ зодсон шалтгаан нь “Март-8” баяр тэмдэглэлээ гэж. Баяр гээд олон жил уулзаагүй найзтайгаа гэрийнхээ хажууд байрлах пабд уулзаад хоёр пиво уусан гэнэ. Гэртээ ортол нөхөр нь “Чи хүүхдүүдээ хаяж гараад юугаа хийгээд яваад байдаг юм” гээд үсдэж ирээд зодсон байна. Зодооны чимээ шуугианаар хөрш айлууд цагдаа дуудаж. Улмаар цагдаагийн алба хаагчид нөхрийг нь саатуулаад байна. Хэргийг шалгаж байна.

-Гэмтлийн зэргийг нь тогтоосон болов уу. Жирэмсэн хүн учраас ураг эндэх хүртэл аюултай шүү дээ?

-Одоо шүүх эмнэлэг гэмтлийн зэргийг нь тогтооно. Ер нь хүнд байдалтай байна. Ураг 4 сар гарантай. Эх болон хүүхдүүдийг хамгаалалтад авсан байгаа.

-Өмнө нь мөн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн. Энэ талаар тодруулж болох уу?

-Тухайн гэр бүлийн хосууд суугаад 10-аад жил хамт амьдарч байгаа юм байна. Суусан цагаасаа л байнгын дарамт, хүчирхийлэл дунд амьдарч ирсэн гэдгээ хохирогч хэлсэн. Эхнэр нь аав, ээжээ алдчихсан, хамаатан садан гээд байх хүнгүй гэнэ. Тэрийг нь нөхөр далимдуулаад дарамтлаад сурчихсан бололтой.

-Ер нь тантай гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүд тусламж, зөвлөгөө авах гэж хэр их холбогддог вэ?

-Надад хандаж буй үйлчлүүлэгчдийн бараг 70 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд байдаг. Зөвхөн нэг л өмгөөлөгчид хандаж байгаа нь шүү дээ. Дандаа л нөхөр архи ууж байна, шалтгаангүй зодлоо, гэр бүлээс гадуурх харилцаа замбараагүй боллоо гэдэг. Бүр итгэмээргүй юм ч сонсогддог. Он гарсаар эрс нэмэгдсэн.

-Шалтгаан нь юундаа байна гэж та бодож байна вэ?

-Залуучууд ажилгүй байна. Орлогогүй байна. Энэ бухимдлаа гаргахын тулд архи уудаг. Уураа эхнэр, хүүхдүүддээ гаргадаг. Нөгөө талаар гэр бүлээс гадуурх харилцаа замбараагүй байна. Түүнийг өөгшүүлж буй зочид буудал, ломбард маш ихээр нөлөөлж байна. Хэнийх нь мэдэгдэхгүй эд хөрөнгө авдаг. Бичиг баримтгүй үйлчилдэг. Өөр нэг асуудал нь хосууд хэн хэнээ таниж мэдээгүйгээс болж гэр бүл зохиодог. Удаагүй үнэн төрхөө гаргаж эхлэдэг. Үүнээс болж гэр бүл салдаг, хүүхэд өнчирдөг, эсвэл амь насаараа хохирдог байдал их байгаа нь үнэхээр харамсмаар байна.

                                                                                                             Д.СҮРЭН

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)