Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлээ

Admin | 2022-02-17


Монгол Улсын Засгийн газраас цар тахлын зэргийг бууруулаад хэдхэн хонож байна. Манай улс цар тахлаас үүдэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хилийн хязгаарлалттай жуулчин хүлээж аваагүй билээ. Тэгвэл энэ сарын 16-нд анхны жуулчин ирээд байна. Тэрээр Дани улсын иргэн бөгөөд “Альфа Тийм Турс” компани хүлээж авсан байна. Энэ талаар “Альфа Тийм Турс” ХХК-ийн захирал Ц.Ганзоригтой ярилцлаа.

-Юуны өмнө цар тахлаас хойш анхны жуулчингаа хүлээж авсанд баяр хүргэе...

-Баярлалаа. Энэ жилийн анхны жуулчин учраас сэтгэл өндөр байна.

-Дани улсын иргэн гэсэн үү?

-Тийм ээ. Дани улсаас ирсэн 24 настай залуу бий.

-Гадаадын иргэн хилээр орж ирэхэд хүндрэлгүй болсон талаар та сэтгэгдэл оруулсан байсан?

-Жуулчин маань аяллын виз www.evisa.mn сайтаас авсан байсан. Вакцины гэрчилгээ, ПСР хариу гэсэн бичиг баримт л шаардагдсан. Жуулчин өөрөө вакцины хоёр тунтай. Эрхүүгээр дамжиж ирэхдээ тэнд ПСР шинжилгээнд хамрагдсан байсан. Орж ирэхэд нь ПСР шинжилгээ аваагүй гэсэн. Харин онгоцонд ковидын асуулга, arrival card гэсэн 2 хуудас бөглөсөн байна. Өмнө нь гаднаас ирсэн иргэдийг 5 хоног тусгаарлана гэдэг байснаа больсон учраас аяллаа шууд эхлүүлэхэд ямар нэг хүндрэл байсангүй.

-Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ бол баримталж байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Манайхаас вакцины 3 тунтай жолооч үйлчилж байгаа. Мөн ПСР шинжилгээ өгсөн. Жуулчин маань өөрөө ковидын даатгалтай яваа юм билээ. Бид эндээс ариутгал, амны хаалт зэрэг халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж ажиллана. Мөн орон нутгийн буудлуудад байрлана. Тиймээс вакцины гэрчилгээтэйгээ яваа.

-Аяллын маршрутыг сонирхож болох уу?

-Маршрут нь эхлээд Цагаан суварга, Ёлын ам, Хонгорын элс, Баян заг, Онгийн хийд, Улаан цутгалан, Төвхөн хийд, Хархорин, Элсэн тасархай, Хустай ороод Улаанбаатарт ирнэ. Улаанбаатараас Тэрэлж явна. Ингээд Монголоос БНСУ руу явах юм.

-Одоо Монголд ирэхээр харилцаа холбоо тогтоосон жуулчид бий юу?

-Хөвсгөлд болох мөсний баяраар ирэх хүсэлтэй жуулчид байсан. Гэхдээ хилийн хязгаарлалтыг сая нээсэн учраас цаг хугацааны хувьд тулчихлаа. Мөн хаврын тэмээний баяраар ирэх хүсэлтэй жуулчид байна. Бид жуулчидтайгаа холбогдоод “Манай улсад ирэхэд ямар нэг тусгаарлалт, хориг байхгүй. Та ирэхэд бүрэн боломжтой” гэсэн хариуг өгч байна.

-Танайх хамгийн сүүлд хэзээ жуулчин хүлээж авсан байдаг вэ?

-Хоёр гэрэл зурагчин хүлээж авч байсан. Нэг нь Америкаас, нөгөө нь Израилиас ирсэн байдаг. 2020 оны хоёрдугаар сарын 24-нд энэхүү хамгийн сүүлийн жуулчдыг хүлээж авсан юм байна шүү. Тэгэхээр яг хоёр жилийн дараа манайх анхны жуулчин хүлээж авч байгаа юм байна.

                                                                                                                           Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)