Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүнийхээ оронд 100 мянган төгрөгөөр нэг дугаар ч болтугай аваад хоёр жил дарчих

Admin | 2022-03-20


“Алтанбумба” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэрээр цахим орчинд Dale Choi нэрээр танигдсан бөгөөд иргэн Осоржамаагийн фэйсбүүк хуудсыг худалдан авч олны анхаарлыг татаж байсан билээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.

-Таны бодлоор инфляц өсөж байгаа энэ хүнд үеийг иргэд хэрхэн даван туулах боломжтой вэ. Та “Иргэд их залхуу байна” гэж цахим орчинд нэлээд ярьдаг...?

-Инфляц нийслэлд 15 хувь хүрсэн. Энэ нь 1994 оноос хойш гарч байгаагүй үзэгдэл гэдгийг Монгол банк мэдээлсэн шүү дээ. Бараа материалын үнэ хэд дахин өссөн байна. Одоо эдийн засаг сэргэнэ гэж байгаа боловч дэлхий даяар эдийн засгийн хүнд байдалд байгаа учраас бидний хүссэн сэргэлт тийм ч хурдан явагдахгүй. Инфляц 15 хувь болж өслөө гэдэг чинь төгрөгийн үнэ цэн 15 хувиар унаж байна л гэсэн үг. Эдийн засаг сэргээд инфляц буулаа гэхэд 10-аас доош орохгүй л болов уу. Инфляц хоёр оронтой тооноос буухгүй байна гэдэг чинь дараа жилийн өдийд төгрөгийн үнэ цэн дахиад 10 хувиар унана л гэсэн үг. Жилийн өмнөх 100 төгрөг өнөөдөр 85 төгрөг болсон. Хойтон хэд болох бол. Товчхондоо иргэд жилийн дараа нэг сая төгрөгийн үнэтэй тийм бараа авна гээд мөнгөө хадгалахад хойтон өнөөх бараагаа авч чадахгүй. Харин 750 мянган төгрөгийн бараа авах сонголттой тулгарна. Иргэдэд инфляц ийм л хохиролтой байна.

-Ийм үед орлогоо нэмэгдүүл гэж ярьж байсан. Тухайлбал, иргэд яаж орлогоо нэмэгдүүлэх боломжтой  вэ?

-Миний хувьд иргэдийг орлогоо нэмэгдүүлэхийг л зөвлөж байгаа. Өндөр эрэлттэй мэргэжил сонго. Дижитал, технологийн чиглэлийн мэргэжил илүү эрэлттэй, цалин ч өндөр, хөрвөх боломж ч их байна. Тэгэхгүй бол чадавхгүй иргэд улам уруудана. Ядуурахыг хүсэхгүй байвал өөрсдийгөө чадавхжуулж, ямар нэг орлого олох ажил хий. Зөв зохистой хөрөнгө оруулагч болоход суралц. Ингэхийн тулд хэдхэн арга барилыг мөрддөг. Түрээс, утас, байрны төлбөр зэрэг тогтмол урсгал зардлуудаа төлөөд цалингаасаа 20 хувийг заавал хадгал гэсэн дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн томъёо бий. Харамсалтай нь монголчууд өнөөдөр үүнийг хэрэгжүүлдэггүй. Тэгсэн атлаа баяр, шоу цэнгээнд мангар дуртай. Хоёрдугаар орлогын эс үүсвэртэй болох хэрэгтэй. Ажлынхаа хажуугаар элдэв бусын арилжаа хий л дээ. Утасны дугаар хямдхан аваад жил дараад зарж болно, гоо сайхны сүлжээнүүд байна, бага ч гэлтгүй койн аваад арилжиж болно. Мэддэг чаддаг юм аа хий л дээ. Цалингаасаа хуримтлуулаад, наймаа хийсэн мөнгөөрөө арилжаагаа өргөтгөж, амьдралаа авч яваад байхад болох гэх зүйлгүй. Болгоод, хийж чадаад байгаа хүмүүс олон байна. Тэднээс үлгэр ав. Тэгэхгүй юу ч хийхгүй зурагт үзэж, эсвэл халамж харж хэвтээд байхаар амьдрал уруудах нь тодорхой шүү дээ.

-Тэгэхээр ковид зэрэг хүчин зүйлээс гадна иргэд залхуугаасаа болж амьдралаа уруудуулаад байна гэж хэлж байна уу?

-Монголын цалингаар амьдардаг өрхийн дундаж орлого 1.2 сая төгрөг байсан. 1.2 сая төгрөг нэг хүнийх биш бүхэл бүтэн өрхийн орлого шүү дээ. Бусад орнуудтай харьцуулахад үнэхээрийн хангалтгүй үзүүлэлт. Тиймээс цалинтай залуучуудын эхний гарц нь өндөр цалинтай ажилд ор. Ингэхийн тулд өөрийнхөө чадварыг нэмэгдүүл. Ядуурлаас, хямралаас гарахын тулд сайн ажлын байр л чухал. Дээр нь хувь хүний чадвар. Өнөөдөр нэг мэргэжил эзэмшээд амьдарна гэдэг худлаа. Нэлээн хэдэн мэргэжил биш юм аа гэхэд чадварыг эзэмшсэн хүн л амьдарч чадаж байна.

-Танай банк бус санхүүгийн байгууллага дугаар барьцаалж зээл олгодог. Ковидын хүнд нөхцөлд энэ төрлийн үйлчилгээ нэлээд эрэлттэй байсан гэж сонссон?

-Тийм ээ. Иргэд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан үедээ дугаараа барьцаалаад манайхаас зээл авдаг. Манай хэрэглэгчид ихэвчлэн бизнес эрхлэгчид. Бизнес эрхлэгчдийн хувьд сүүлийн үед эдийн засаг идэвхжиж байгаа учраас хөдөлгөөнд орж, зээл авч үйлдвэр эхлүүлэх, төсөл хэрэгжүүлэх зэрэг хөдөлгөөнд орсон.

-Бизнес эрхлэгчид гэхээр мэдээж дугаараа барьцаанд тавьсан ч алдахгүй буцаагаад авах чадвартай хүмүүс байдаг болов уу?

-Тэгнэ. Гэхдээ дундаж хэрэглээний 9900...., -9910.... хүртэл дугаартай хүмүүс их хандана.

-9900.... дугаар нь бас зэрэглэл доогуурт орох уу?

- Тэгнэ ш дээ. Эдгээр хэрэглэгчид маань ч гэсэн өөрсдийнхөө хэрэгцээндээ зориулаад тодорхой хэмжээний зээл авдаг.

-9900...., -9910.... хүртэлх дугаар ямар ханштай байх уу?

-Нэг сая төгрөгөөс эхэлнэ. 8811....дугаар 35 сая орчим төгрөгийн үнэлгээтэй байна.

-9911.... дугаар нь ямар ханштай байна?

-9911.... дугаар чинээлэг хүмүүсийн хэрэглээ гэж үздэг. Инфляц нөлөөлөхгүйгээр хэд бүтэн нугарч ханш өссөн зүйл бол дугаар. Тухайлбал, 9911....дугаар жилийн өмнө 50 сая төгрөгийн үнэтэй байсан. Одоо үнэлгээ 100 сая төгрөг болсон.

-Та бид хоёрын энэ утасны дугаарын тухай ярианаас баян ядуугийн зааг хэт холдсон нь харагдаж байгаа байх...?

-Мэдээж нөгөө талдаа чинээлэг иргэдийн худалдан авах чадвар улам өндөрсөөд байгаа. Байрны мөнгөөр нэг утасны дугаар авч байна гээд боддоо. Чинээлэг иргэдийн худалдан авалт улам л сайжирч байна. Үгүй байсан бол дугаарын үнэ өсөхгүй ш дээ. Нэг талаараа энэ чинь Монголын биткойн гэж хэлж болно. 25 жилийн өмнө анх гарч ирэхдээ үнэгүй л байсан. Маш удаан хугацаанд явж ирэхдээ 100 ам.доллар болоод дараа нь нэг сая төгрөг, 5 сая төгрөг зэрэг бага багаар өссөөр байгаад өнөөдрийн үнэлгээнд хүрсэн. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр иргэд маань, залуучууд маань хаана юуны үнэ өсөж байна түүнийг энэ надад ямар ашигтай вэ гэдэг талаас нь харж бай. Хөрөнгө оруулагч талаас харж мэдэрч сураач ээ гэж захих байна. Цалингаасаа 100 мянган төгрөгөөр нэг дугаар аваад жилийн дараа зарахад 1 сая төгрөг болохыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл 9900.... -тэй дугаар авч чадахгүй хүн түүнтэй дөхөж очих дугаар авч л таарна. Ерөөсөө аливааг орлох бараа дагалдаж л байдаг байхгүй юу. Энэ боломж хүн бүрд л нээлттэй байна. Иргэдийг дугаар битгий ав гэж хэн ч хориогүй биз дээ. Иргэд өөрсдөө идэвхгүй байна. Тэгсэн атлаа баячуудыг муулаад сууна. Үүний оронд өөрөө өөрийнхөө төлөө хөдлөх хэрэгтэй ш дээ.

-Арай гэж амьдралаа залгуулж буй нийгмийн дийлэнх хэсэг байгаа хэдэн төгрөгөө койн ч юм уу эсвэл нэг дугаар аваад дарах, арилжаа хийхэд эрсдэлээ бодоод эмээдэг болов уу?

-Ямар нэг хөрөнгө авахдаа 10 жил зарахгүй хэрэглэх хэмжээний тэвчээртэй байх л чухал. Тэр хооронд амьдрал нь үүнээс болоод сүйрчихээргүй хэмжээний мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуул. Дугаар ч юм уу, байр ч юм уу. Үнэ цэн нь унахгүй өсөх хөрөнгө ав. Гэтэл манайхан үүний оронд зээл тавиад iphone13 гар утас авчихдаг. Тэрийг авахгүй л бол хүний тооноос хасагдах гээд байгаа юм шиг. Хэлбэржилтийг нийгэм өөрөө л бий болгодог. Иргэд хэлбэрээс татгалзаад амьдралдаа ашигтай зүйлийг л хий. Өөрийнхөө амьдралыг өөрөө сайжруулаач ээ. Битгий бухимдаа. Бусад хүн буруугүй ш дээ. 100 мянган төгрөгөөр ресторанд орж баяр тэмдэглэхгүйгээр ядаж нэг дугаар авчих л даа. Дугаар чинь хоёр жилийн 2 сая төгрөг, түүнээс дээшээ ч өсөх боломжтой.

-Та 9911....койн гаргасан. Тэр юу болж байгаа вэ?

-Койн гаргаж бол чадсан. Одоогоор арилжаанд байгаа 73 койны нэг. Ханш жаахан уналттай байгаа хэдий ч бусадтай харьцуулахад 10 хувь л унасан үзүүлэлттэй байна. Манайх идэвхжүүлэлтийг хийж байна.

-Та койноо гаргахдаа том үстэй тах өмссөн нь нэлээд цахим орчинд яригдсан. Тэрийг зориуд өмссөн үү?

-Манай 9911 койн клип ивээн тэтгэсэн. Тэр клипт би нэг дүр бүтээсэн. Дүрдээ зориулж тах авсан. Нэгэнт л авсан, тэгээд ч тах их сүртэй харагдаж байсан учраас олны анхаарлыг татах зорилгоор өмссөн. Цахим орчинд ч хүмүүс сайлж, муулж нэг хэсэг явсан шүү (инээв).

Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)