M.ЦОЛМОНСҮРЭН: Киноны зураг авалтад орохын тулд бүтэн сар тулааны бэлтгэл хийсэн

Admin | 2022-08-29


“Хувьсал” продакшны Ноён эмэгтэй” киноны гол дүр болох Оюунсүрэнгийн дүрд тоглосон М.Цолмонсүрэнтэй ярилцлаа.

-“Ноён эмэгтэй” кино маш олон эмэгтэй гол дүртэй. Үүнээс таны дүр юугаараа онцлог болсон бэ?

-Дүрийн саналыг У.Урнаа эгч “Цоомоо шинэ кино хийх гэж байна, чамайг шууд сонгосон шүү. Хамгийн гол нь энэ дүр эсрэг дүр” гэж хэлсэн. Зохиолтойгоо танилцаад хариуцлагатай байх ёстойгоо мэдэрсэн. Учир нь олон хүүхнүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Мөн миний дүрд ярих хэсэг цөөн байсан учир жүжигчний ур чадвараа хэрхэн тод харуулж үггүй хэсэг дээрээ хүртэл өгүүлэмжтэй тод харагдах уу гэдэг дээр анхаарч ажилласан. Үсний засалт, нүүрний хөдөлгөөн, харц, алхаа гишгээ зэрэг биеийн хэлэмждээ илүү анхаарч өөрийнхөө дүрийг “урлах” ёстой гэж зохиолоо уншсан. Зохиолоо унших явцад гал гарах үйл явдлууд болох нь гэсэн сэтгэгдэл төрж байсан. 

-Зураг авалтын үеэр хүндрэлтэй зүйл байв уу. Таныг дүрээ гаргахын тулд нэлээд жин нэмсэн гэж байсан?

-Оюунсүрэнгийн дүрд тоглохын тулд тухайн үед байсан биеийн жингээ илүү нэмэх шаардлагатай болсон. Дүрээ амилуулж, илүү сайн дүр бүтээхийн тулд их ч жин нэмсэн дээ /инээв/. Бусдаар бол зураг авалтын явц сайхан болсон.

-Та өмнө нь "Чонын алтан шагай" олон ангит кинонд эсрэг дүрд тоглож байсан. Энэ удаагийн дүр өмнөх дүрүүдээс юугаараа онцлог байв?

-Өмнө нь ихэвчлэн эсрэг дүр дээр ажиллаж байсан бол энэ удаа илүү зэрлэг шинжтэй дүрийг бүтээлээ. Хүн хараад л “ ямар зэрлэг юм бэ”  гэж санагдтал дүрээ бүтээж, дүрийнхээ сцена болгоныг гүйцэт гаргахыг хичээсэн. Кино бэлэн болоод киногоо үзэхдээ өөрөөсөө айсан шүү.

-“Ноён эмэгтэй” кинон дээрх дүр, бодит амьдрал дээрх М.Цолмонсүрэн хоёр хэр өөр хүмүүс вэ?

-“Ноён эмэгтэй” кинон дээрх дүр амьдрал дээрх М.Цолмонсүрэн хоёр тэс өөр хүмүүс. Амьдрал дээрх Цоомоо зөөлөн бол “Ноён эмэгтэй” киноны дүр харгис, ширүүн дүр гэдгээрээ онцлогтой.

-Киноны тулааны хэсэг их бодит санагдсан. Тусгайлан бэлтгэл хийсэн үү?

-Киноны зураг авалтад орохын тулд бүтэн сарын турш тулааны бэлтгэлд гарсан. Тулааны багшийнхаа зааж, зөвлөсний дагуу хангалттай хэмжээнд суралцаж кинондоо гаргасан гэж бодож байгаа. Миний дүр ч сайн бас маш цэвэрхэн зодолддог байхыг шаардсан дүр байсан.

-Кино зураг авалтын үед хөгжилтэй зүйл тохиолдов уу?

-Хөгжилтэй зүйл нь кино зураг авалтын турш өөрийгөө том толинд бүтэн биеэрээ хараагүй удаан явсан. Киноны олны хэсэг дээр хүмүүс надаас айж жийрхээд байсан нь өөрт мэдрэгддэг байсан. Зарим нь “танаас айгаад байна аа” ч гэж хэлж байсан. Тэгэхээр их л зэрлэг, аймар харагддаг байсан юм шиг байна лээ.

-“Хувьсал” продакшны уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад хэр санагдав?

-Миний хувьд “Хувьсал” продакшны дүр дээр сонгогдоно гэдэг мэргэжлийн уран бүтээлчийн хувьд том шагнал байсан. Хүмүүс “Хувьсал” продакшны уран бүтээлийг хүлээж, үзэх дуртай байдаг шиг мэргэжлийн уран бүтээлчид ч мөн адил тус продакшны уран бүтээлд дүр бүтээхийг мөрөөддөг болсон. Өмнө нь УДЭТ-т “Хувьсал” продакшны захирал У.Урнаа эгчтэйгээ хамт ажиллаж байлаа. Драмын театрын хувьд хариуцлага өндөр, үнэнч сэтгэл, хөдөлмөрч байдлыг шаарддаг. Яг л драмын театрын дээрх шаардлага шиг ижил түвшний системээр ажилладаг учир “Хувьсал”-ын уран бүтээлд хүмүүс хайртай байдаг.

-Таны бодлоор киног үзсэн үзэгчид юуг анзаараасай, ойлгоосой гэж хүсэж байна вэ?

-Бид амьдралыг хэзээ ч заавартайгаа ирдэггүй гэлцдэг. Эмэгтэй хүн амьдралын тэр олон хэцүү үеийг яаж туулдаг юм, яаж тэсдэг юм гэдгийг дотоод сэтгэлийн хүч талаас нь хараасай. Киног маань бүх хүмүүс үзэж бие биеэ ойлгох, хайрлах сэтгэлийг тээгээд гараасай гэж хүсэж байна.

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)