Монголд төрсөн залуу Казахстаны парламентад сонгогджээ

Admin | 2023-03-20


Казахстаны Мажилис буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгууль энэ сарын 19-нд явагдлаа. Энэ удаагийн сонгууль пропорциональ болон мажоритар буюу холимог системээр явагджээ. Парламентын гишүүдийн 70 хувь нь намын жагсаалтаар, 30 хувь нь нэг мандаттай тойрог буюу мажоритар системээр сонгогдсон байна. Казахстанд 2001 оноос хойш мажоритар системээр сонгууль явуулаагүй байсан аж. Түүнчлэн энэ удаа орон нутгийн хурлын сонгууль ч давхар явагджээ.  

 

Парламентын сонгуульд эрх баригч "Аманат" нам тэргүүлж байгааг "экзит полл" буюу санал хураалтын дараах санал асуулгын дүн харуулжээ. Тус нам 53.46 хувийн санал аваад байна гэж Евразийн интеграцийн хүрээлэн мэдээлсэн байна. Тус хүрээлэнгээс явуулсан "экзит полл"-ын дүнгээс үзвэл, эх оронч “Ауыл” нам сонгогчдын 10.52 хувийн саналыг авч хоёрдугаарт бичигдсэн бол тус намын дараа 8.9 хувийн санал авсан “Республика” нам оржээ. Түүнчлэн “Ак жол” нам (7.87 хувь), Казахстаны ардын нам (6.25 хувь), Бүх ард түмний социал-демократ нам (5.31 хувь) сонгогчдын таваас дээш хувийн санал авч чадсан байна.

Сонгуульд нийтдээ долоон нам өрсөлдсөн аж. Өмнөх парламентад эрх баригчдыг дэмждэг гурван намын төлөөлөлтэй байсан бол энэ удаа зургаан нам орох төлөвтэй байна. Сонгуулийн ирц 54 гаруй хувьтай гарчээ. Энэ удаагийн сонгуульд сүүлийн 20 орчим жилд сөрөг хүчнийхэн анх удаагаа бие даан нэр дэвшжээ.

Монголд төрсөн А.Жархынбек гэдэг залуу ялалт байгуулав

Казахстаны парламентын сонгуулийн түүхэнд анх удаа Монголд төрж өссөн залуу парламентад сонгогдохоор болжээ. Эрх баригч “Аманат” намаас парламентын сонгуульд Павлодар мужаас нэр дэвшсэн Амантайн Жархынбек гэдэг 35 настай залуу ялалт байгуулжээ. Павлодар мужийн тойрогт 330 мянган сонгогч санал өгснөөс А.Жархынбек 188 мянган хүний саналыг авч илүүрхсэн байна. Хоёрт орсон нэр дэвшигч 33 мянган санал авчээ. А.Жархынбек нь 1988 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хоёртолгой гэдэг газар мэндэлсэн. 1999 онд гэр бүл нь Казахстан улс нүүсэн байна. Одоо Павлодар мужид амьдардаг, тэнд төрийн алба хашдаг аж. Павлодар мужийн Маслихат буюу иргэдийн хуралд сонгогдон ажиллаж байжээ.

А.Жархынбекээс гадна “Аманат” намын жагсаалтаар нэр дэвшсэн Шапахын Үнзила Казахстаны парламентад сонгогдож магадгүй. Тус улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Ш.Үнзила мөн Монголд төрж өссөн бөгөөд 1991 онд 18 настайдаа Казахстан улс руу суралцахаар явж байжээ.

М.Хүслэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)