Л.ӨЛЗИЙСАЙХАН: Хуулиа амин сүнстэй байлгахын тулд Монголынхоо хөрс ус, хүн ардынхаа уламжлал, заншлыг ч мэдэх ёстой

Admin | 6 цагийн өмнө


  Германы анхны Канцлер Отто фон Бисмарк  “Хууль яг зайдас шиг. Түүнийг хэрхэн хийж байгааг хараагүй нь дээр” гэж хэлсэн байдаг. Харин орчин үед эсрэгээр “гэдэс дотрыг” нь ч уудлах шахдаг болсон.Эхнээс нь төгсгөл хүртэл тэр хуулийг яаж хэлэлцсэн юм, хэн хэн ямар санал өгсөн, ямар зарчмын зөрүүтэй санал гарсныг нээлттэй тавихыг шаарддаг хэмээн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ”Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” дээр ярьсан юм.

Тэрбээр сургалтыг зохион байгуулагчийн хувьд нээлтийн үг хэлэх төдий үүрэг гүйцэтгэсэнгүй. МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн онолын хичээл олон жил заасан багш хүний онгодоор үндсэн хичээл орж амжив.Л.Өлзийсайхан докторын хичээлийн сэдэв “Хууль бүтээх  ажиллагаа” байв.

Тэрбээр хууль бүтээх онолын асуудал,  үе шатыг тайлбарласан. Бас “хүний үнэр”, хуулийн амин сүнсний талаар ч дурдав. Хууль бүтээх ажиллагааны үе шат бүрд иргэдийн оролцоог хангах учиртай. “Иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалсан чанартай хууль батлахын тулд оролцоог нь хангах ёстой” гэж Л.Өлзийсайхан хэлсэн л дээ.

“Орчин үед парламент нээлттэй, илүү хүртээмжтэй болж байгаа.  Энэ шалгуурт бид нийцэж ажиллах ёстой” гэж багш онцолсон юм.УИХ-ын Стратеги төлөвлөгөөнд хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж заасан. Бусад улс орны парламентын гоё уриа, философ байдаг. Жишээ нь “Ард түмэн хаана байна тэнд парламент хүрч үйлчлэх ёстой” гэдэг ч юмуу. Энэ сайхан үг. Гэхдээ сайхан гээд орхимооргүй. Бодит ажил хэрэг болгох ёстой.

Улсын Их Хурал D Parliament (Хуулийн төсөл боловсруулах, санал авах цахим систем) болон D Petition (Нийтийн өргөдлийн цахим систем) ажиллуулж байгаа. D Petition системд гэхэд 33,000, 70,000, 100,000 иргэн дэмжсэн саналуудыг ард түмний төлөөллийн байгууллагын анхааралд оруулж буй.

Хэрэгжилтийн явцад зарим нэг засах сайжруулах зүйлс гарсан.  Нэгэнт 100,000 иргэний санал авсан бол Хууль тогтоомжийн тухай хуульд заасан  иргэдээс санал авах 30 хоног хүлээхгүйгээр хялбаршуулах ёстой гэх мэт саналууд гарч байгаа. Иргэдийн саналыг бодит ажил болгохоор УИХ-ын Тамгын газрын баг ажиллаж байна. Зөвлөлдөх санал асуулга, нийтийн сонсгол, олон нийтийн хэлэлцүүлэг гэх мэт бодлогын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна хэмээн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэв. Парламентын хуралдааны дэгээр хууль зүйн ухааны доктор хамгаалсан Л.Өлзийсайхан “Иргэд Үндсэн хуулиа судлахаас  гадна УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг мэдэж байгаасай гэж хүсдэг” ажээ.

Парламентын дэгийн дагуу батлагдаагүй хууль хүчин төгөлдөр бус байдаг

Хууль тогтоох ажиллагаа зөвхөн дэгийн дагуу явагдаж, хүлээн зөвшөөрөгддөг.Тиймээс парламентын дэгийн дагуу батлагдаагүй хууль хүчин төгөлдөр бус байдаг. Энэ бол парламентат ёсны суурь зарчим. Үндсэн хууль бол хууль тогтоогч нарт зориулсан хууль. Тэдний  захирагдах дараагийн гол хэм хэмжээ бол чуулганы хуралдааны дэг. Иргэд дэг мэдэхгүй бол шаардлага тавьж чадахгүй.

Парламент өөрийнхөө дэгийг тогтоох ёстой. Гэтэл манай улс дэгийн тухай хууль гээд баталчихдаг учраас Ерөнхийлөгч парламентын дэгд өөрчлөлт оруулах төсөл санаачилдаг байв. Засгийн газар бас Дэгд өөрчлөлт оруулах төсөл оруулаад ирдэг байсан. Парламентын бие даасан байдалд бусад эрх мэдлүүд халдахад хүрдэг байлаа.

Гэтэл дэгийг бусад улс орнууд хуулиар баталдаггүй. Ихэвчлэн тогтоол хэлбэрээр байдаг.  Яагаад гэхээр дэг динамик буюу уян хатан шинжтэй байх ёстой. Бусад улс орны парламентууд дэгээсээ болж гацдаггүй. Энэ чинь өөрсдийнх нь “Тоглоомын дүрэм” шүү дээ. Гэтэл  манайд асуудал үүсэхээр “Хуульд өөрчлөлт оруулна, зохицуулалт байхгүй учраас УИХ-ын үйл ажиллагаа гацчихлаа” гэцгээдэг.

Америкийн Конгресс  шинэ парламент бүрдэх бүрд дэгээ шинэчлэн баталдаг. 127, 128 дахь Конгрессын дэг гэх мэтээр явчихдаг. Парламент нэг талаасаа ард түмний төлөөлөгчдийн байгууллага. Нөгөө талаас олонх, цөөнхөөс бүрдсэн холимог төлөөлөлтэй байдаг. Энэ онцлогтоо нийцүүлэн, зохицуулж “Тоглоомын дүрэм”-ээ тогтоодог өвөрмөц онцлогтой институц. Зөвхөн дэгийн эрх зүйн зохицуулалтаар хууль тогтоох үйл ажиллагаа журамлагдан тухайн улсын үндэсний эрх зүйн тогтолцоо бүрэлдэн тогтдог. Парламентын хуралдааны дэгийг Үндсэн хуулийн дараа ордог эрх зүйн эх сурвалж гэж үздэг гэлээ.

“Төлөвлөгөө бол бидний өмнөөс бодож өгдөг хэм хэмжээ”

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан багшийн “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” гэж ном байдаг.  Энэ номдоо “Хуулийн төсөл боловсруулна гэдэг хатан хааны титмийг урлахтай дүйх нарийн чимхлүүр инжааны ажил юм” гэсэн байдаг. Хууль бүтээхэд маш нарийн мэдлэг, ур ухаан, мэдрэмж шаарддаг байх нь.

Хууль бүтээх тухай янз бүрийн онолууд бий. Та нарын ихэнх нь хуулийн сургуульд Эрх зүйн онол үзсэн. Их дээд сургуульд Хууль зүйн техник хичээлийг сонгон судлах хэлбэрээр заадаг байсан. Энэ үе шатанд эрх зүй, хууль гэж юу вэ гэдгийг тайлбарлахдаа  хоёр онолд суурилдаг.

Эрх зүй гэдэг бол товчхоноор норм буюу хэм хэмжээ. Эрх зүй, хууль хоёр ялгаатай. Формал логикийн үүднээс авч үзвэл, эрх зүй гэдэг ерөнхий, хууль бол парламентаас баталсан тодорхой хэм хэмжээ гэж үздэг. Эрх нь зүй нь хуулийг дотроо багтаадаг ойлголт. Харин энэхүү хэм хэмжээ нь Rule of law буюу хуульд тавих агуулгын шаардлагыг хангасан байх ёстой.

Хууль бүтээх онол, зарчимд хуулийн төсөл боловсруулна, хэм хэмжээ  бий болгоно гэдэг төлөвлөлт гэж үзэх хандлага байна. Төлөвлөлтөө сайн хийчихсэн байхад ажлынхаа бараг 50 хувийг хийсэнд тооц гэдэг дээ. Энэ шинэ хандлагыг Харвардын Их сургуулийн профессор Скотт Шапиро “Хуульт ёс” бүтээлдээ дэвшүүлсэн. Тэрбээр, “Төлөвлөгөө бол бидний өмнөөс бодож өгдөг хэм хэмжээ” гэсэн байдаг. 

Бид ч  яагаад таван жил болоод хуульд хэрэгжилтийн үнэлгээ хийдэг вэ?

Хууль амьдарч байна уу? Хуулийн зүйл заалт амьд үйлчилж чадаж байна уу гэдгийг судлах гэж тэр. Энэ бүгд төлөвлөлт юм.

Төлөвлөлт бүтцийн хувьд хэсэгчилсэн, дэд  хэсэгтэй, нийлмэл, эсхүл олон түвшинтэй, шаталсан байдаг. Хуулийн бүтцийг бас бодоод үзээрэй. Адил шинжүүд бий.

Хууль төлөвлөгөө юм бол дотоод уялдаа, нийцэл зайлшгүй байх ёстой. Эрх зүйн философич Р. Дворкины “Хуулийн эзэнт гүрэн” гэж алдартай бүтээл бий. Түүнд эрх зүйн онолын асуудлыг юу гэж тайлбарладаг гэвэл хууль бол нэг роман шиг “бүхэллэг” гэж үзсэн байдаг. Хууль дотоод бүтцийн өөр хоорондоо нарийн уялдаа холбоо, хамаарал бүхий бүхэллэг шинжтэй гэсэн. Хууль эхнээсээ дуустал логик холбоотой байх ёстой. Зөрчилтэй, хийдэлтэй бол яаж дагаж мөрдөх билээ.Тийм учраас дотоод уялдаа, нийцэл зайлшгүй байх ёстой. Мөн хууль итгэл үнэмшилтэй зөрчилдөхгүй байх ёстой. Хууль хүнд үйлчилнэ. Хүн нь итгэл үнэмшил үнэт зүйлтэй. Хүний хамгийн чухал зүйл эрх, эрх чөлөө, өмч.

Хууль олон удаа өөрчлөгдвөл хэвлэсэн цаасныхаа үнэд ч хүрэхгүй гэж үздэг

Хуулийн нас гэдэг ойлголт чухал. Улсын хөгжлийг яагаад тав, таван жилээр төлөвлөдөг вэ. Яагаад зарим улс Үндсэн хуулиа 20 жилийн дараа эргэж харж болно гэж үздэг зэргийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа.

Эрүү, иргэн, захиргаа зэрэг органик хуулиуд багадаа 10-15 жил тогтвортой үйлчлэх учиртай. Хууль батлаад сар, жилийн дараа өөрчлөлт хийгээд байх нь учир дутагдалтай юм. Зөвхөн хангалттай үндэслэл байгаа үед л хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдна. Учир нь хуулийн тогтвортой байдал эдийн засгийн хөгжилд нөлөөлдөг. Хууль тогтворгүй байвал хөрөнгө оруулалт баталгаагүй болж ирнэ. Энэ бүхнийг төлөвлөлттэй холбож авч үздэг байх нь ээ.

Одоо хууль бүтээх ажиллагааны мөн чанарын талаар товч ярья.

Хуулийн цаана онол, амьдрал аль аль нь явдаг

Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, хувийн өмчийг хамгаалдаг. Энэ утгаараа хууль бүтээх ажиллагаа нийгмийн гэрээний онолд тулгуурлана.Хууль хүн бүрийн ашиг сонирхлыг хөнддөг. Чи ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг хуулийн хэм хэмжээ болгон тодорхойлно. Энэ үйл явцыг хууль бүтээх үйл ажиллагаа гээд байгаа юм. Хөгжил бол эрх чөлөө. Тийм болохоор хөгжилд хөтлөх хуулийг боловсруулах учиртай. Хуулийн төсөл боловсруулагч та зүгээр л нэг өдөр тутмын ажлаа хийж байна гэж хандвал сайн хууль бий болохгүй.

Үндсэн хуулийн эхийг баригч, доктор, профессор Б.Чимид багшийн хэлсэн үгийг сануулъя. “Улсын хил, хүний бие, хувийн өмч халдашгүй байх. Эрэгтэй эмэгтэй хоёр сайн дураар гэрлэх, хийсэн ажлынхаа хэмжээ, чанарт тохирсон хөлс авахыг хуульчлах нь жам ёс. Үүнийг баталгаажуулах нь нийгмийн гэрээний дагуу төр үүрэг хүлээж байгаа гэсэн үг. Харин гэмгүй хүнийг барих, дургүй хүнийг гэрлүүлэх, хэрээс  хэтэрсэн татвар тогтоох, хөрөнгийг нь хураах тухай хууль гаргавал дураар аашилсан хэрэг болно” гэсэн байдаг.

Бодит амьдралд зарим эрхийг хязгаарлах шаардлага гарч болно. Гэхдээ хязгаарлах гарцаагүй үндэслэл байх ёстой. Тэр нь Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенц, бусад хууль тогтоомжуудтай зөрчилдөхгүй байх шаардлагатай. Тиймээс жам ёсны эрхийн онолоо та бүхэн үргэлж санаж байгаарай.

Хууль боловсруулах ажлыг “урлаг” гэж үздэг байжээ

Хэрэв XIX зуунаас өмнө амьдарч байсан бол бид хууль тогтоох ажлыг урлагтай адилтгаж ойлгох байсан. XIX зуунаас хойш л хуулийн төсөл боловсруулна гэдэг бол хууль зүйн техникийн үр дүн гэж үзэх болсон. Хуулийн төсөл боловсруулдаг хүнийг “Draftsman” гэдэг байсан. Энэ ажлыг эрэгтэй хүн хийдэг байж. Маш хүнд хүчир ажил. Мэргэжлийн өндөр ур чадвар, хүлээн зөвшөөрөгдөх чадвар шаарддаг. Одоо бол хүйс заасан нэр томъёо халагдаж, “legislative drafter” буюу “хуулийн төсөл боловсруулагч” гэх болсон. 

Урлагийн бүтээл туурвина гэдэг нарийн ур ухаан, мэдрэмж шаардсан ажил. Зарим эрх зүйн онолын судлаач, эрдэмтэд 1907 онд батлагдсан Швейцарын Иргэний хуулийг урлагийн бүтээлтэй дүйцүүлж үнэлдэг. Энэ хууль шүүгч, эрдэмтэн Хуберт гэж хүний үзэгний үзүүрээр бичигдсэн гэдэг. Швейцарчууд энэ хууль батлагдсан түүхэн ойг тэмдэглэдэг уламжлалтай.

Яагаад ингэж өндрөөр үнэлдэг вэ гэхээр тус хуулийг дагаж мөрдсөнөөр Швейцарын иргэд хөгжсөн, баяжсан, эрх чөлөөтэй болсон гэж үздэг. Хохирсон иргэн эрх ашгаа хамгаалж чаддаг. Гэм буруутай хүн хариуцлага хүлээдэг байх нь.

Та бүгдийн бичих хуулийн төсөл хүний хөгжилд хувь нэмрээ оруулж байх учиртай. Тэгэхээр энэ маш нарийн, судалгаа шаарддаг ажил шүү.

Хууль бичмэл бүтээл. Гэхдээ та бүхэн бичгийн ажил төдийхнөөр бүү сэтгээрэй. Тухайн цаг үеийн хүмүүс, нийгмийн ахуй амьдрал, хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлийг тусгасан оюун санааны бүтээл юм. Гэхдээ энэ бүтээл зохиогчгүй. “Хууль бол ур ухаан зарцуулж, ур чадвар гаргаж, ур хийцтэй бүтээсэн албан ёсны баримт бичиг, зохиогчийн эрхгүй бүтээл туурвил мөн” гэж академич Ж.Амарсанаа багш тодорхойлсон байдаг. Та бүгдийн дундаас сод хуулийн төсөл боловсруулагч төрж болно. Тэгэхийн тулд нарийн мэргэших шаардлагатай.

Хууль хүний сайн сайхны төлөө зориулагдсан байдаг

Хуулийн төсөл боловсруулагчид дагнан мэргэших боломжтой. Зөвхөн Үндсэн хуулийн төсөл боловсруулагч гэдэг ч юмуу. Тэр байтугай Эрүүгийн хуулийн гэмт хэргийн зүйлчлэл, ялаар мэргэшсэн хуулийн төсөл боловсруулагч ч  шаардлагатай байж мэднэ. Сонирхдог чиглэлдээ сайн төвлөрч чадвал хэдэн жилийн дараа салбарын хамгийн сайн хуулийн төсөл боловсруулагч болох боломжтой. 

Хууль зүйн шинжлэх ухаанд “Хууль бол нээлт” гэж үздэг. Байгалийн ухаантай жишиж байгаа хэрэг. Хууль хүний сайн сайхны төлөө зориулагдсан байдаг. Ийм хуулийг боловсруулах нь та бүгдийн мэдлэг ухаан, ур чадвар, туршлагаас хамаарна. Миний унших дуртай ном бол “Хуулийн амин сүнс”. Ш.Л.Монтескье “Хуулийн амин сүнс” бүтээлдээ “Хууль бол хүний оюун ухаан юм. Учир нь хууль газар дэлхийн бүх  улс түмнийг засагладаг” гэж бичсэн. Хэдийгээр хиймэл оюун хүчтэй түрэн гарч ирж байгаа ч  хуулийн төсөл боловсруулагчийн ажлыг  хиймэл оюун бүрэн орлож чадахгүй. Хуулийн төсөл хүний оюун ухаанаас гардаг ажил. Олон Улсын Парламентын Холбооны дэргэдэх Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг жил бүр хуралддаг. 2023 оны хурлын үеэр “Хуулийн төсөл бичих нь хүний оюун ухаанаар бүтээх ажил, харин хэлбэржүүлэх, техникийн асуудлууд, хуулийн давхцал, хийдлийг хиймэл оюун ашиглан илрүүлэх боломжтой” гэдэгт ер нь санал нэгдсэн.

Платон “Төр улс” бүтээлдээ  “… аливаа урлаг (үйл ажиллагаа)  бүр бидэнд тодорхой нэг ашиг тус өгдөг” гэсэн.

Тэгвэл хууль ямар ашиг тустай вэ?

Хууль бие хүн, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Хуульгүйгээр хүний эрхэм чанар, өмч хөрөнгө, эрх чөлөө “хаос” байдалд орно. Эмх замбараагүй байдал ноёлно. Хууль хүн бүрийн эрхийг адил тэгш баталгаажуулах ёстой. 

Хууль нь хүний бус хуулийн шударга ёсны ноёрхлыг бий болгоно. Энэ бол хуулийн төсөл боловсруулагчийн баримтлах алтан зарчим.

Хуулийн заалт бүрийг уншихдаа цаана нь байгаа онолыг нэвт уншиж сурах хэрэгтэй. Сайн хуульч гэж ямар хүнийг хэлэх вэ? Тухайн хуулийн цаана оршин байгаа онол, зарчим, үзэл баримтлалыг мэддэг хүнийг сайн хуульч гэдэг. Хуулийн төсөл боловсруулах үүрэг аваад хамгийн түрүүнд тухайн хуулийн заалттай холбоотой Үндсэн хуулийн заалтуудыг хараад, түүний цаадах нийгмийн гэрээ, эсвэл шударга ёсны, тэгш эрхийн онол юм уу, эсвэл төрийн эрх мэдэл хуваарилалтын зарчим уу гэдгийг бодно.

УИХ-ын гишүүн ард түмний элч төлөөлөгч хэмээх заалтын цаадах төр, эрх зүйн онолыг “уншиж” байж халдашгүй байдлын асуудлыг бичиж чадна.

Хууль бүтээх ажиллагааны сайн сайхан бол шударга ёс юм. Энэ заалтыг өөр өнцгөөс бодож үзэхгүй бол болохгүй юм байна. Олон улсын гэрээ конвенцийг харъя. Энэ заалт тохирсон байх зарчимд нийцсэн үү? Зайлшгүй авах ёстой цорын ганц арга зам мөн үү гэж эргэлзэж бодоорой. Дүн шинжилгээ хийгээрэй.

Шилдэг, шударга хуулийг бүтээх ажиллагаа нь хоёр зүйлээс хамааралтай. Эхнийх нь хууль бүтээх мэдлэг. Хоёр дахь нь практик  эрдэм ухаан, ур чадварыг хослуулан хэрэглэх явдал. Бичнэ гэдэг тухайн асуудлын зохицуулалтын мөн чанар руу гүн орно. Амьдралд илүү ойртно гэсэн үг.

Тиймээс хуулийн төслийг боловсруулахдаа нөхцөл байдлыг нүдээр үзээрэй.

Хууль зөвхөн амьдралын хуулбар байж болохгүй

Хүний үнэртэй гэж ямар хүнийг хэлдэг вэ?

Хүний зовлон жаргалыг мэдэрдэг хүнийг хүний үнэртэй хүн гэж хэлэх байх. Эрх зүй хүн судлалаас эхэлнэ. Өөрийгөө судлах хэрэгтэй. Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг.Заримдаа хүмүүс “Үгүй ээ мөн сүнсгүй амьтан шүү” гэдэг. Хуульд бас сүнс бий. Ш.Л.Монтескье-ийн “Хуулийн амин сүнс” юуг илэрхийлж байгааг харъя. Тэрбээр тухайн улс орны нөхцөл байгаль цаг агаар, уур амьсгал ч хуульд чухал нөлөөтэй гэж үзсэн. Халуун уур амьсгалтай улс оронд гэрлэлтийн нас эрт байх жишээтэй.

Сократ “Хууль батлан гаргахдаа газар, хүмүүс гэсэн элементийг заавал харгалзан үзэх ёстой шүү” гэсэн. Тиймээс хуулиа амин сүнстэй байлгахын тулд бид Монголын хөрс ус, хөх тэнгэр, хүн ардын соёл, ёс уламжлал,  заншлыг мэдэх, хүндэтгэх ёстой. Эдгээрийг харгалзаагүй бол зөвхөн “цаасан дээрх хууль” болж үлдэх нь ээ. Хууль зөвхөн амьдралын хуулбар байж болохгүй.

“Зардал гаргахгүй ээ. Харин ч хэмнэнэ” гэж ярих тохиолдол ч бий

Хуулийн төсөл боловсруулах явцад төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог заавал хийдэг. Хуулийн төсөлд зардлын тооцоог маш сайн нарийвчилж гаргах ёстой. Гэтэл бодит байдал дээр “Зардал гаргахгүй ээ. Харин ч хэмнэнэ” гэж ярих тохиолдол ч бий. Мөн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх чухал. Гэхдээ энэ хэлэлцүүлгийг ёс төдий хийж болохгүй. Хэлэлцүүлэг хийхэд олон хүн цуглуулах төсөв хөрөнгө, цаг хугацаанаас гадна та бүхэнд тийм эрх мэдэл байна уу гэдэг асуудал бий. Бодлого тодорхойлогч буюу хууль санаачлагчтайгаа  ярилцаад хэлэлцүүлэг хийж үзье гэдэг саналыг тавьж байх хэрэгтэй.Хэлэлцүүлэг хийх боломжгүй бол хоорондоо ярилцаж байх ёстой. Энэ хуулийн төсөл танай гэр бүлд яаж нөлөөлөх бол? Салбарын бодлого, тогтолцоотой хэрхэн уялдах, яаж нөлөөлөхийг ямагт бодолцоно.Хууль батлагдсны дараа ямар нэг байгууллага, институц хэрэгжүүлнэ. Тиймээс төрийн болон холбогдох бусад байгууллагуудын саналыг авах хэрэгтэй.

Хэрэгжүүлэгч байгууллага нь дэмжихгүй байхад шууд өргөн мэдүүлнэ гэдэг.  Нисэхгүй гээд байхад нис нис гээд хүчээр нисгэчихлээ гэдгийн үлгэр болно. Аливааг хэлбэрдэх гэхээс илүү агуулгад анхаарахаас аргагүй цаг үе ирлээ. Хууль бүтээх ажиллагааны онол ч, бидний амьдарч байгаа цаг үе ч үүнийг шаардаж байна гэв.

Б.Эгшиглэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)