Хүүхэд хамгааллын асуудлаар төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

Admin | 2022-01-28


Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн, 10 мянга гаруй аав ээжийн төлөөлөл төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах “Үжин” төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраа “Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурал болон Засгийн газарт албан шаардлага хүргүүлж байна.

Сүүлийн үед хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн явдал маш их гарах болсон тул Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний 42 төрийн бус байгууллага болон аав, ээжүүдийн төлөөлөл энэхүү үйл ажиллагаанд нэгдэж байна.

Бид 21 асуулга, дөрвөн шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлж байна. 2022 оны нэгдүгээр сарын 31-ний 11:00 цагт төрийн өндөрлөгүүдтэй биечлэн уулзаж шаардлагынхаа хариуг авах хүсэлт тавьж байна.

2020 оны УИХ-ын сонгуулиар одоогийн эрх баригч МАН 60 гаруй ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Уг санамж бичигт бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг нөхөн сэргээх бүсчилсэн төвүүд, хохирогч хүүхдүүдийг хамгаалах улсын төв байгуулах асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө оруулна гэж байсан.

Тэгвэл энэ санамж бичгийн хүрээнд 2020 оноос хойш МАН юу хийсэн бэ.

2016 оноос хойш жил бүр бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо нэмэгдэж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд 278 бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Эдгээр хүүхдэд төр ямар үйлчилгээ үзүүлсэн бэ. Хүүхэд хамгаалалд төсөвлөсөн 8.3 тэрбум төгрөгийн хэдээр нь 278 хохирогч хүүхдийн хэдэд нь эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсэн бэ гэдгийг асууж, шаардаж байна.

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаараа ажиллаж байх үедээ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлж, төрийн болон төрийн бус олон байгууллагыг гишүүнээр элсүүлж байсан. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авснаасаа хойш нэг ч удаа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг хуралдуулаагүй, 2022 оны ажлын төлөвлөгөөгөө гаргаагүй байна.  

Хүүхдийн эрхийг зөрчсөн удаа дараагийн ноцтой хэргүүд гарч байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн дийлэнх нь цэцэрлэг, сургуулийн насныхан байна. БШУЯ-наас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудаас хүүхэд хамгааллын чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаарх тайланг авсан. Гэтэл энд тэндэхийн тайланг нэгтгээд өгсөн. Төрийн алба ямар чадваргүй байгааг энэ тайлангаас харж болно.

Мөн 298 эх гэртээ төрж, төрөлтийн улмаас 63 нярай эндсэн байна. Энэ дээр Эрүүл мэндийн сайд ямар хариулт өгөх вэ гэдгийг асуумаар байна.

2020 онд цагдаагийн байгууллагад хүүхдийн байцаагчийн 103 орон тоо нэмэгдсэн. Гэсэн ч хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо жилээс жилд өссөөр байна. Хүүхдийн байцаагчийн орон тоо нэмэгдсэнээр ямар үр дүн гарсан бэ гэдгийг асуумаар байна.

Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд, хэдхэн хоногийн өмнө Баянголд дүүрэгт гурван настай хүүхэд цахилгаан шатны хонгил руу унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Гэтэл Баянгол дүүргээс сонгогдсон гишүүд, иргэдийн хурлын төлөөлөгчид яагаад чимээгүй байна вэ.

Анхан шатны нэгж дээр 33,358 гэр бүлийн хүчирхийлэлтэй айл өрх байна гэдэг судалгаа гарсан байна. Энэ тооны цаана 150 гаруй мянган хүүхэд бий. Тэгвэл анхан шатны нэгжид ажиллаж байгаа нам дагасан “цүнх баригчид” энэ гэр бүлийн хүчирхийлэл дунд байгаа хүүхдүүдийн асуудлыг анхаарч байгаа юу. Намд маш сайн үйлчилгээ хүмүүсийг хороо бүрд 600 мянган төгрөгөөр цалинжуулж, хэсгийн ахлагчаар ажиллуулж байна. Тэр хүмүүс юу хийж байна вэ гэдгийг асуумаар байна.

Хүүхэд хамгааллын 108 дугаарын үйлчилгээ жил ирэх тусам муудаж байгаа. Гэтэл программын шинэчлэл нэрээр их хэмжээний санхүүжилт авдаг гэхчлэн маш олон асуудал байна.

Төрийн гурван өндөрлөг энэ бүх асуултад хариулж, бидэнтэй биечлэн уулзахгүй бол бид дараагийн алхмаа хийнэ" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)