А.ТҮВШИНТӨГС: Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн 40 хувь нь тусламж хүсдэгээс 10 хувь нь л цагдаад ханддаг

Admin | 2022-03-07


“Номун түншлэл” ХХК-ийн хуульч, өмгөөлөгч А.Түвшинтөгстэй ярилцлаа. Учир нь тус хууль зүйн фирмээс “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх” стратегийн өмгөөллийг “Нээлттэй нийгэм форум” ТББ болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлдэг билээ.

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын хүйсийн харьцаа ямар байдаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил болдог. Энэхүү хүний эрхийн зөрчилд дийлэнхдээ эмэгтэйчүүд, хүүхдүүд өртөж байна. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын 2020 оны мэдээллээс харахад дэлхий дээр өмнөх 12 сарын хугацаанд 15-49 насны 243 сая охид, эмэгтэйчүүд нөхөр, хамтрагчийн зүгээс бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн Үндэсний статистикийн хороо болон цагдаагийн ерөнхий газрын хамтран гаргасан статистикийн тойм судалгаанаас харахад 2020 оны 1 улирлын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчилд 1813 иргэн өртөж, хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 72.8 хувь буюу 764-өөр өссөн байна. Тэдний 92.7 хувь буюу 1681-ээр хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Үүнээс гадна олон улсын болон дотоодын судалгаануудад ихэнхдээ эмэгтэйчүүд болон хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид болсоор байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл дийлэнхдээ далд хэлбэрээр явагддаг гэсэн судалгаа бий.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Гэр бүлийн хүчирхийлэл нь бусад гэмт хэрэг, зөрчилтэй харьцуулахад харьцангуй ахуйн, далд хэлбэрээр илэрдэг. Мөн энэ талын мэдээлэл дутмаг, далд хэлбэртэй байдгаас гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад бэрхшээлтэй тулгардаг. Тухайлбал, хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн 40 хүрэхгүй хувь нь аливаа төрлийн тусламж хүсдэгээс 10 хүрэхгүй хувь нь цагдаад ханддаг гэсэн судалгаа байдаг. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн статистик тоон мэдээлэл нь бидэнд ил гарч буй хувь нь харагдаж байгаа гэсэн үг. Харин далд хэлбэрээр түүнээс их хувиар үйлдэгдэж байгаа юм. Иймээс гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллэх, хажуу айлын хөрш, найз, нөхдүүд нь мэдээллэх талаар зөрчлийн тухай хуульд тусгагдсан. Гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллэх үүргийг хуулиар бий болгосон. Тухайлбал: Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Гэр бүлийнхүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалт бий. Энэхүү зохицуулалтыг зүй зохистой хэрэгжүүлэхийн тулд бодлогын хэмжээнд арга хэмжээ авч, хөршийн холбоог сайжруулах шаардлагатай гэж харж байна. Учир нь ихэнх гэр бүлийн хүчирхийлэл нь ахуйн хүрээн дэх архидалттай холбоотойгоор үүсч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд гэр бүлийн хүчирхийллийн далд хэлбэрийг ил гаргаж ирэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд өөрсдийнхөө үүрэг, хариуцлагыг ухамсарлаж, оролцоотой байхыг уриалж байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй үйлдэгчдийн ихэнх нь дээд болон бүрэн дунд боловсролтой иргэд

-Гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж буй хүмүүсийн боловсролын түвшин ямар байдаг вэ?

Хүмүүсийн хувьд ихэнхдээ боловсролгүй хүмүүс гэмт хэрэг, зөрчил гаргадаг гэж боддог. Гэхдээ судалгаа, мэдээллүүдээс харахад ихэнхдээ боловсролтой хүмүүс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үйлдсэн байна. Тухайлбал: Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2020 оны гэр бүлийн хүчирхийллийн статистикаас харахад 2020 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 27.9 хувь нь дээд боловсролтой, 45.5 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байсан байна. Үүнээс харахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй үйлдэгчдийн ихэнх нь дээд болон бүрэн дунд боловсролтой иргэд байна. Харин насны хувьд 30-39 насны иргэд ихэнхдээ энэхүү гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч болсоор байна. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй цагийн хувьд шөнийн цаг буюу 22:00-06:00 цагийн хооронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байна гэсэн судалгаа гарсан.

-Манай улсад сэтгэл санааны хүчирхийллийн улмаас сэтгэцэд хор уршиг учирсныг хэрхэн үнэлж, тогтоож байгаа вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд сэтгэл санааны хүчирхийлэл гэдгийг тодорхойлсон. Тухайлбал: Хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэхийг ойлгоно. Харин дээрх үйлдлүүдээс шалтгаалж хохирогчид сэтгэцийн хор уршиг учрахыг сэтгэл санааны хохиролд хамааруулан ойлгож байгаа юм. Одоогоор манай улсад сэтгэл санааны хохирлын үнэлгээг тогтоох аргачлал батлагдаагүй, хуульчлагдаагүй байна. Иймээс өмгөөлөгчдийн зүгээс нотлох баримт бүрдүүлэх замаар сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээг гаргаж, нэхэмжилж, зарим тохиолдолд шүүхээр гаргуулж байна.

“ Сэтгэцийн шинжээч томилуулсны дараа мөрдөгчид найдаж орхих нь буруу”

-Нотлох баримтыг бүрдүүлэх замаар гэхээр ямар аргаар гаргуулж байна гэсэн үг вэ?

-Сэтгэцийн шинжээч томилуулж, хохирогчийн сэтгэцэд ямар хор уршиг учирсан бэ? гэдгийг тогтоолгох нь энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг гаргуулахад чухал баримт болдог. Сэтгэцийн шинжээч томилуулсны дараа мөрдөгчид найдаж орхих нь буруу. Учир нь мөрдөгчийн хувьд төдийлөн оновчтой асуултуудыг асууж чаддаггүйгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, дүгнэлт гаргах ажиллагаа үр дүнгүй болдог. Шинжээч болон мэргэжилтнүүдэд оновчтой асуулт тавих нь хохирогчийн сэтгэл зүйн байдлыг бүрэн тодорхойлохоос гадна уг хямрал, гэмтэл нь хор уршгийн ямар хэлбэрт хамаарахыг тогтоож, улмаар гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхийг шийдвэрлэдэг. Асуух шаардлагатай асуултуудын талаар судалгаа, гарын авлага зэргүүдэд бичсэн байдаг. Тухайлбал: Хохирогчийн сэтгэл зүйн байдал хэвийн эсэх, хохирогч нь хүчирхийллийн дараах дарамтат хямралд орсон эсэх, хэрэв хүчирхийллийн дараах дарамтат хямралд орсон бол шалтгаан нь юу болох, олон улсын өвчний Х ангилалд заасан аль оношид хамаарах эсэх, хохирогч нь хүчирхийллийн дараах дарамтат хямралд орсон бол гэмтлийн аль зэрэгт хамаарах вэ, гэмтэл нь хэдий хугацаанд, ямар эмчилгээний үр дүнд хэвийн байдалд орох вэ зэрэг асуултуудыг асуух шаардлагатай гэж үздэг. Энэхүү асуултууд нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, үнэлэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг учраас мөрдөгч, өмгөөлөгчид анхаарах хэрэгтэй юм.

“Сэтгэл санааны хохирол нь яг л бусдын биед гэмтэл учруулсантай адил хохиролтой”

-Сэтгэл санааны хохирол гэж сүүлийн үед их яригдах боллоо. Яагаад сэтгэл санааны хохирлыг гаргуулах нь чухал вэ?

-Сэтгэл бол эрхтэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Сэтгэлийн тогтворгүй, түгшүүр эмгэгтэй байдал нь бусад эрхтнүүдэд нөлөөлж, хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Нөгөө талаас сэтгэл санааны хохирол нь яг л бусдын биед гэмтэл учруулсантай адил хохирлыг бий болгож байдаг. Иймээс эрх зүйн өндөр хөгжилтэй улс орнуудад сэтгэл санааны хохирлыг үнэлж, тогтоож, гаргуулах механизм бий болсон байна. Манай улсын хувьд практик багатай, эрх зүйн системд бүрэн сууж өгөөгүй байгаа юм. Иймээс энэ асуудалд эрх баригч намын зүгээс анхаарал хандуулж, өмгөөлөгчдийн зүгээс манлайлан оролцох цаг нь болсон гэж бидний зүгээс харж байна. Сэтгэл санааны хохирлыг бүх гэмт хэрэг, бүх зөрчилд гаргуулахгүй гэсэн зарчим байдаг. Учир нь бүх зөрчил, гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг гаргуулах нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд хоёр шийтгэл давхар оногдуулж байгаа хэлбэр гэж үздэгтэй холбоотой юм. Иймээс нийгэмд аюултай, хэн ч харсан зэвүүцмээр, ноцтой хэргүүдэд энэ төрлийн хохирлыг гаргуулж шийдвэрлэдэг. Иймд хэт туйлшрахгүйгээр олон улсын практикийг харгалзан сэтгэл санааны хохирлыг гаргаж, үнэлж, тогтоодог эрх зүйн механизмыг бий болгох хэрэгцээ шаардлага байна.

                                                                                                            Д.СҮРЭН

 

  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)