Нэгдүгээр эмнэлгийн хашаан дахь 600 сая төгрөгийн өртөгтэй давхар зогсоол ашиглалтад орохоор болжээ

Admin | 2022-03-23


 Манай редакц энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд байрлах “Эргэдэг автомат зогсоол” ашиглахад бэлэн ч бүтэн хоёр жил ажиллагаагүй шалтгааныг тодруулж мэдээлсэн билээ. Тус зогсоолыг хариуцсан “Ай Ти Партнерс” компанийн мэргэжилтнээс тодруулахад “Энэ төрлийн зогсоол манайд өмнө нь ашиглагдаж байгаагүй учраас ашиглалтын стандарт байдаггүй юм байна. Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай бид бичиг баримтын асуудалтай байсаар өдийг хүргэлээ. Бид тус зогсоолоо ажиллуулах түр стандартын гэрчилгээгээ авсан байгаа. Мэргэжлийн хяналтын газраас ажиллуулах зөвшөөрлөө авчихвал босоо эргэлтэд машины зогсоолоо хэвийн үйл ажиллагаанд оруулахад бэлэн. Мөн тохирлын гэрчилгээ буюу бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгээ ч мөн адил өгсөн” гэсэн юм.

 Тэгвэл тус Эргэдэг авто зогсоолыг хариуцан гүйцэтгэсэн “NETIS ELEVATOR” компанийн мэргэжилтнээс тус зогсоол хэзээ ашиглалтад оруулах талаар дахин тодруулахад: “Эргэдэг авто зогсоолыг ирэх долоо хоногт ажиллуулж эхлэх гээд бэлтгэл ажлаа хийж байна. Одоогоор цэвэрлэгээнийхээ ажлыг хийж байгаа” гэлээ.

Эргэдэг авто зогсоолыг 2020 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн авто сангийн хөрөнгөөр буюу 600 сая төгрөгөөр угсарч бэлэн болгоод байсан юм. Энэ төрлийн зогсоол манайд өмнө нь ашиглагдаж байгаагүй учир Стандарт хэмжил зүйн газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай бичиг баримтын асуудалтай байсаар өдийг хүрсэн байна.

                                                                                                                                                                  А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)