ЦАХИМ ҮНДЭСТЭН цахим ХАЛДЛАГАД өртөв

Admin | 2022-03-27


  Хуучнаар Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар буюу одоогийн Цахим хөгжил харилцаа холбооны яамны “Е-mongolia” системийн “E-mongolia” пэйж хуудас хакердуулав. Тус пэйж хуудсанд NFT world Inc гэх хаяг халдаж хэсэгтээ л ийм нэрээр 100 мянга гаруй дагагчдадаа мэдэгдэл хийж байлаа. Харин тус пэйжийн дагагчид ихэнхдээ төрийн үйлчилгээ авдаг “Е-mongolia” системийн хэрэглэгчид. Дээрх системд иргэний үнэмлэхээс эхлээд монголчуудын бүхий л мэдээлэл бий. Тиймээс иргэд хувийн мэдээллээ алдчихлаа гэдэгт ихэд санаагаа чилээв. Харин тус пэйж хуудсаа эргүүлэн авсан талаар мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “ганцхан цаг болоод пэйжээ эргүүлж авсан болохоор иргэдийн мэдээллийг алдаагүй” гэсэн тайлбар хийсэн. Энэ тайлбарт бага ч гэсэн санаа амраах боловч монголчуудын мэдээллийг аль хэдийнэ алдсан бол яах вэ гэсэн эргэлзээ төрөх нь зүйн хэрэг.

Нэгдүгээрт: уг мэдэгдэлд ““E-mongolia” пэйж хуудас халдлагад өртсөн даруйд Мета компани руу мэдэгдэж, хуудсаа идэвхгүй болгосон бөгөөд иргэний мэдээллийг алдаагүй” гэв. Хэрэв идэвхгүй болгоогүй бол иргэдийн мэдээллийг алдах эрсдэл байгаа гэсэн үг үү?

Хоёрдугаарт: “E-mongolia” пэйж хуудас жилдээ 100-150 удаа, “Е-mongolia” систем жилдээ 500-600 удаа халдлагын тохиолдол бүртгэгддэг гэнэ. Пэйж хуудсанд иргэдийн мэдээлэл байхгүй байлаа гэж бодоход гол системд ийм олон удаагийн халдлага бүртгэгддэг байхад иргэдийн мэдээллийг алдах эрсдэл төдий чинээгээр байна л гэсэн үг. Энэ тэгээд эрсдэл биш гэж үү?

Гуравдугаарт:Тус пэйж хуудасны захидлын хэсгээр иргэд регистрийн дугаар, утасны дугаар зэрэг гол мэдээллүүдээ явуулж үйлчилгээ авах тохиолдол их. Тэгэхээр пэйжээ хакердуулсан тохиолдолд иргэдийн эдгээр мэдээлэл хамт алдагдана. Үгүй гэж үү?

Тиймээс цахим үндэстэн болох гэж мэрийж буй манай улс цахим халдлагад иргэдийнхээ мэдээллийг тавиад туучих вий дээ. Үүнээс өмнө олон улсын хакеруудын хар зах дээр монголчуудын мэдээллийг зарах гэсэн тохиолдол гарч байсан. Үүнийг хэрхэн шийдсэн нь тэгсхийгээд намжсан. Энэ мэтчилэн тохиолдлуудаас харахад бид цахим үндэстэн болохоосоо өмнө цахим хамгаалалтаа хийж сурах хэрэгтэй болов уу.

                                                                                                                Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)