Хөвсгөл аймгийн Ханх сум дахь Ханх-Мондын хил нээгдэж, удаан хугацааны дараах анхны жуулчдаа хүлээж авчээ. Энэ талаар "АМW Саяан Travel" компани, "The Last Frontier" баазыг үүсгэн байгуулагч Б.Доржготовтой ярилцлаа.
-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж жуулчид хүлээж авалгүй удсан гэсэн шүү дээ. Хэр хугацааны дараа анхны жуулчнаа хүлээж авч байна вэ?
-2020 оны гуравдугаар сарын 10-наас хойш жуулчин хүлээж аваагүй. Удаан хугацааны дараа анхны гэх тодотголтой жуулчдаа хүлээж авлаа. Энэ хугацаанд ямар ч орлогогүй, санхүүгийн хүнд байдалтай байлаа. Ханх-Мондын хил нээгдэж жуулчдаа хүлээж авсандаа сэтгэгдэл өндөр байна
-Бүгд Оросын жуулчид уу?
-Тийм, бүгд Оросын жуулчид.
-Тэд одоо ямар аялал хийж байна, хэд хоногийн хугацаатай аялахаар ирсэн бэ?
-Тэд мөс цоолж загасчлах, амрах аялалдаа гарсан. Жуулчид ер нь гурав хоногийн хугацаатай ирдэг. Дараагийн жуулчдынхаа захиалгыг авсан, хүлээж байна.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн жуулчин хүлээж аваад байна вэ?
-Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй жуулчид ирсэн байна.
-Хил нээлттэй хэвийн үед жилд хэчнээн жуулчин ирдэг байв?
-2019 оны статистик дүнгээр 14-15 мянган жуулчин ирсэн тоон үзүүлэлт байна. Энэ үед Хатгалаас Хөвсгөл нуур луу ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байсан. Ханх-Мондын хил нээгдсэнээр Хөвсгөл нуурын хойд хэсгээс ирэх аялал жуулчлалын урсгал тавигдсан. Энэ нь өвлийн аялал жуулчлал хөгжих боломжийг бүрдүүлж байгаа юм.
Ханх-Мондын боомт нь Ханх сумын Хөвсгөл нуурын зүүн хойд эрэг дээр байрладаг боомт юм.
-Ханх-Мондын боомтоор орж ирж байгаа жуулчид ихэвчлэн юуг үзэх сонирхолтой байдаг вэ?
-Ханх сум өөрөө Хөвсгөл нуурын хажуу өндөрлөгт буюу гайхалтай сайхан байгалийн эрэг дээр оршдог. Мөн Хойд Саяаны нурууны хамгийн өндөр уулс энд бий. Хөвсгөлийн оргил Мөнх Сарьдаг уулс ч байна. 20-иод жилийн өмнөхтэй харьцуулахад манай Ханх сумынхны амьдрал аялал жуулчлалын нөлөөгөөр мэдэгдэхүйц дээшилсэн.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цаги...
tentsver.mn | 7 цагийн өмнө
Эх орноосоо урвасан хэргээр шалгагдаж байгаа З.Санждорж нары...
tentsver.mn | 10 цагийн өмнө