Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ

Admin | 2022-04-13


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав.

Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагдсан. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосон байдаг. Энэ дагуу 2017 оны гуравдугаар сард байгуулагдсан “Сити баз консалтинг” ХХК-тай наймдугаар сарын 18-нд гэрээ байгуулжээ. Гэрээ есөн зүйл, заалтаас бүрдсэн бөгөөд дөрвөн удаа гэрээг сунгаж, өөрчлөлт оруулсан байна. Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш орлого жил бүр буурчээ.

Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэсэн үг юм. 2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ.

Гэсэн атлаа нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өсжээ. 2015 оноос хойш 360 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)