Эдийн засагч Г.БАТЗОРИГ: Ноолуураар орж ирэх валютын урсгал дөрөв, тавдугаар сарын хэрэгцээнд хангалттай

Admin | 2022-04-14


Манай улс валютын нөөцийг хэрхэн бүрдүүлэх шаардлагатай талаар эдийн засагч Г.Батзоригоос тодрууллаа.

-Ам.долларын үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засаг хүндэрч буй энэ үед Засгийн газраас ямар арга хэмжээ авах нь оновчтой вэ?

-Засгийн газрын түвшинд ам.доллар олж ирэх л хамгийн эхний хийх ажил болоод байна. Ам.доллар оруулж ирснээр валютынхаа ханшийг тогтворжуулна. Мөн нийлүүлэлтээс бий болсон үнийн өсөлтийг саармагжуулах юм. Хоёрдугаарт, хил гаалийн асуудлаа шуурхайлах хэрэгтэй. ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар “Боомтуудын нөхөн сэргээлт болон гарцыг нэмэгдүүлье” гээд хил дээр ажилласан. Энэ ажлаа хүндрэхээс нь өмнө буюу 2020, 2021 онуудад л хийх ёстой байсан юм. Засгийн газрын хувьд хийх ёстой ажлуудаа одоо л хийж эхлэх гэж байна.

-Одоогийн нөхцөлд валют татах ямар боломж байна вэ?

 -Валютын тухайд яг одоо бол ноолуураар валют татах боломжтой. Ноолуураар манай улс жилд дунджаар 300 сая ам.доллар оруулж ирдэг. Энэ нь валютын нөөцийн 10 хувьтай тэнцэнэ. Тэгэхээр зөвхөн ноолуураар орж ирэх валютын нөөц нь дөрөв, тавдугаар сарын валютын хэрэгцээг хангахад хангалттай байгаа юм.

-Ноолуур улирлын чанартай юм байна. Тэгвэл манайд урт хугацааны туршид валют татах боломж алт гэж эдийн засагчид ярьж байна...?

-Монголын валютын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь алт мөн. Засгийн газраас алтыг зах зээлийн үнээс таван хувиар өндөр үнээр авна гээд ярьсан. Алтны нөөц нь валютын нөөцийн 20-30 хувийг эзэлнэ. Тиймээс Засгийн газрын түвшинд богино хугацаанд эдгээр асуудлуудад бодлого гаргах хэрэгтэй байна.

                                                                                                                                                                          А.МӨНХНАРАН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)