Сэтгэл судлаач Г.МАРАЛГУА: Эцэг эх нь хүртэл хүүхдэдээ ганц сайхан үг хэлж чадахгүй байна

Admin | 2022-04-20


Ойрын өдрүүдэд нийгэмд олныг цочирдуулсан үйл явдлууд цөөнгүй болж өнгөрсөн. Энэ нь ихэвчлэн хувь хүний сэтгэл зүйн асуудалтай холбоотой байсан бөгөөд бид энэ удаагийн ярилцлагын буландаа сэтгэл зүйч Г.Маралгуаг урьж ярилцлаа.

-Сүүлийн үед өөрийгөө шатаах, боомилох зэрэг нийгмийг цочирдуулсан гэмт хэрэг гарах боллоо. Ер нь өнөөгийн нийгмийн сэтгэл зүй ямар болчхоод байна вэ?

-Нийгмийн сэтгэл зүй сөрөг бухимдалтай, олон эрсдэлт зан үйл гаргаад буйг нь санхүүгийн хямралтай холбож ойлгоод байна. Санхүүгийн асуудал нөлөөлж байгаа хэдий ч бидний амьдралын туйлын зорилго нь аз жаргалыг мэдэрч түүнд тэмүүлэх байдаг. Тэгвэл аз жаргал нь мөнгө, санхүүгээр 100 хувь хэмжигддэг, түүнд хамаарагддаг зүйл биш юм. Наад зах нь юунд дуртайгаа, ямар ажил хийх нь өөрт тохирох болон хүн байх боловсролын хувьд орхигдсон байдаг. Угтаа бол эдгээр наад захын сэтгэлзүйн боловсролыг багаасаа гэр бүлийн орчинд байхдаа авчихсан байх ёстой. Гэтэл өнөөдөр гудамжинд яваа 10 хүнээс юуны төлөө амьдраад байгааг нь асуувал 8 нь гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амьдарч байна гэх байх. Тэгэхээр ажлаасаа авч буй цалин нь амьдралынх нь утга учир болчихоор бусад зүйлст маш амархан хямарч тэдгээрийг сөргөөр хүлээж аваад байгаа юм. Хүн өөрөө нийгэмдээ гаргаж буй зан араншингаа эерэг болгоод сэтгэл зүйн боловсролоо нэмэгдүүлчихвэл амьдралд хэтэрхий их юм хэрэггүй гэдгийг ухаарна.

Хүний өөрийн хувийн амьдрал эрүүл байж бусдад хандах хандлага нь мөн адил эрүүл байна. Ингэснээр нийгэм эрүүлжинэ гэсэн үг.

-Гэхдээ хүмүүсийн зан араншин улам л хэрцгий, хурц болж байна гэх яриа багагүй сонссон. Дээрх үйлдлүүд үүнтэй холбоотой байж болох уу?

-Хүмүүсийн нийтлэг үнэт зүйлийг бид хуулиар зохицуулах боломжгүй байдаг. Харин ёс суртахуунаар зохицуулдаг. Хувь хүний гэр бүл, ажлын орчиндоо гаргаж буй зан араншин нь өөрийнх нь тусгал байдаг. Хүн дотроо аз жаргалтай байгаа бол гадагшаа муухай зан авир гаргана гэж байдаггүй. Хүмүүсийн зан авир хурцадмал болж байгаа нь бидний харилцаа хэт нягт болсон буюу сошиал медиатай хамааралтай. Тэгэхээр бид энэ талбарт өөрсдийнхөөрөө байж чадахаа больдог. Заавал хэн нэгэнд таалагдах ёстой юм шиг. Ингэснээр бодит амьдралдаа сэтгэл хангалуун бус болж зан авирын хувьд өөрчлөгддөг. Нийгмээрээ бодит харилцаанд илүү анхаарч цаг гаргах хэрэгтэй.

Өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадаж байгаа хүн бусдыг байгаагаар нь хүлээж авна, бусдад хатуурхахаа, шүүмжлэхээ ч мөн адил болино.

-Өнөөдөр бидэнд санхүүгийн хэрэгцээнээс  илүүтэй сэтгэлзүйн хэрэгцээ дутагдаж байна уу?

-Үнэн. Төрсөн эцэг эх нь хүртэл хүүхдэдээ ганц сайхан үг хэлж чаддаггүй. Биеийг нь төрүүлэхээс сэтгэлийг нь төрүүлээгүй гээд орхидог. Найз нөхөд хүмүүс наанаа инээж цаанаа өрсөлдөж байна. Эхнэр нөхөр хүртэл бие биеийнхээ оршихуйн байдлыг хүндлэхгүй байна. Бидэнд хооллож ундлах, үр удмаа үлдээх хэрэгцээ байдаг ч энэ амьдралынхаа явц дунд аз жаргалтай байх хамгийн чухал байдаг.  Сэтгэлзүйн хувьд хэн нэгэнтэй ойр байж сэтгэлзүйн байдлаа хуваалцана гэдэг нь амьдралд алдахаас айх бодлоос холдож чадна. 

-Залуучууд үг даахгүй байна, юм л бол амиа хорлоно гэдэг боллоо гэж ахмадууд хэлж байна. Гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалж байна уу?

-Гэр бүлийн хүмүүжил хүүхдийг бие даасан хүн болж төлөвшихөд хамгийн их нөлөөлдөг. Гэр бүл дотроо ямар нэгэн байдлаар таагүй харилцаатай байвал хүүхэд багаасаа өөртөө итгэх итгэлээ алддаг. Ингэснээр хүний үгэнд маш амархан автчихдаг хүн болж төлөвшдөг. Ингэхдээ өөрийн гэсэн үзэл бодолтой байж чадахгүй, хүний ая эвийг олгох гэсэн сэтгэхүйтэй болох эрсдэл бий. Бусдад үзэл бодлоо тулгаж эрхшээлдээ байлгах гэсэн зан авирыг садист, бусдаар хүчирхийлүүлж байгаа мөртлөө түүнийгээ хэвийн гэж үзэх үзлийг масохист гэж нэрлэдэг. Нөгөө талаас манипуляц хийх буюу хүнийг утсан хүүхэлдэй шиг байлгах, өөрийнх нь эрхшээлд ортол нь сэтгэл санааг нь эргүүлэх, чамд л санаа зовсонд, би л чиний найз, чамд надаас өөр хүн олдохгүй гэх маягаар өгөөш хийдэг төрлийн хүмүүс ч бий. Энэ өгөөш нь та өөрөө болж байгаа бол сэтгэлзүйн дархлаа муу байна гэсэн үг.

-Нийгмийн сэтгэл зүйг эмчлэх боломжтой юу?

-Сэтгэлзүйн боловсрол чухал гэдгийг бүх системдээ тусгаж өгөх хэрэгтэй байна. Ингэхдээ цэцэрлэгийн наснаас нь хэн нэгнийг хүндэлж, хайрлаж, энэрэх ёстойг таниулах. Сэтгэлийн гүн хямралд орчихсон байхад нь яах вэ гээд суух биш шат шатандаа чанартай гүйцэтгэлийг хийж эхлэх хэрэгтэй. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаарх мэдээллийг сайн түгээх хэрэгтэй.                                                                                               

                                                                                                                                                                         А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)