У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бид органик хүнс экспортлогч улс болох ёстой

Admin | 2022-06-06


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм.

Дэлхий дахинд өрнөж буй нөхцөл байдал, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, хүнсний хомсдол ч монголчууд биднийг хүнсний хувьсгал хийхийг шаардаж байна. Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал гэдгийг Та бүхэн ухааран мэдэж байгаа. Нөгөө талаар манай улсад алдаж үл болох шинэ боломж нээгдэж байхыг үгүйсгэхгүй.

Дэлхийн долоон тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхий хүн ам хурдацтай өсөх нь тодорхой бөгөөд хүнсний асуудал ч хурцаар тавигдах нь ойлгомжтой боллоо.

Бид усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай ард түмэн. Энэ бол монголчууд биднийг тойрсон агуу том зах зээл юм. Монголчууд бид энэ зах зээл рүү гарах ёстой. Ингэж чадвал бид амжилт олно.

Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа энэ том зах зээл рүү монголчууд бид гарч, органик хүнс экспортлогч улс болох ёстой.

Бид зөвхөн уул уурхайн салбарыг шүтэн амьдардаг биш, хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, энэ салбараас асар их ашиг олох боломж байгаа. Үүнийг Та бүхэн мэдэж байгаа. Одоо харин ажил хэрэг болгох явдал чухал байна. Энэ алтан боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах ёстой" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)