Х.НЯМБААТАР: Төрийн өмчит ААН-үүд орлогынхоо 90-95 хувийг зарлагадаа зарцуулж байна

Admin | 2022-06-09


Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр "Төрийн өмчит компаниудын алдагдал хэрээс хэтэрсэн гэдгийг олон жил ярьж байгаа. Тиймээс эдгээр компаниудын үйл ажиллагааг ил тод болгож, алдагдлыг бууруулахын тулд нээлттэй компани болгох шаардлага бий. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эдгээрийг боловсронгуй болгож, төр хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг өөрчлөхийг зорьсон. Төр дахиж хувийн хэвшлийн боломжийг хааж, хувийн хэвшилтэй уралдаж бизнес хийхгүй.

Тухайлбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2019 оны нийт орлого 9.7 их наяд төгрөг, үүнээс зардал нь 7.6 их наяд төгрөг, нийт ашиг нь 1.5 их наяд төгрөг байсан бол 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг гарсан байна. Гэвч нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олсон цэвэр ашгаас бүрдүүлсэн байна. Бусад 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч зардал нь өндөр, орлогынхоо 90-95 хувийг зардал нь бүрдүүлж байна гэж байлаа" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)