Банкууд зээл олголтоо ХЯЗГААРЛАЖ, банк бусууд ХААЛГАА БАРИАД эхлэв үү

Admin | 2022-06-26


   Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн зарлаж бараг ам нээх болгондоо энэ үгээ улиг болтол хэлж байгаа. Гэвч сэргэж байгаа нэг ч юм энэ улс оронд чинь алга. Харин ч сэхээ авалгүй улам л дордсоор. Горыг нь ард түмэн нуруундаа үүрсээр сөхөрч унах нь.

Үүний тод жишээ бол эдийн засгийн гол хөшүүрэг болсон банкууд зээл олголтоо хязгаарлаад эхэлжээ. Тухайлбал, Монголын хамгийн олон харилцагчтай гэгддэг “Хаан” банк хадгаламж барьцаалсан зээл, цалингийн зээлээс бусдыг зогсоожээ. Мэргэжилтний өгсөн мэдээллээр энэ сарыг дуустал бусад төрлийн зээл олгохгүй гэв. “Голомт” банк цалингийн зээл, тэтгэвэрийн зээлээс өөр зээл олгохгүй байгаа аж. Харин “Худалдаа хөгжлийн банк”, “Төрийн банк” зэрэгт зээл хэвийн олгогдож байгаа гэв. Ер нь банкууд тодорхой хэмжээгээр зээлээ хязгаарласан байна. Тэтгэвэрийн зээлийг 3 сараас дээш хугацаагаар олгохгүй, орон сууцны зээлийн хүсэлт хүлээж авахгүй гэх. Түүнчлэн банкуудаас гадна иргэдийн түгээмэл үйлчлүүлдэг, чирэгдэл багатай гэх банк бус санхүүгийн байгууллагууд зээл бага гаргах болсон байна. Машины зээлтэй иргэн зээлээ хаагаад, дахин нэмж зээл авах тохиолдолд гаргахгүй гэнэ. Мөн зээлийн дээд хязгаарлалт тогтоосон газрууд байгаа аж. Бүр зарим банк бус санхүүгийн байгууллага дахин шинэ зээл олгохгүй үйл ажиллагаагаа зогсоох талаар харилцагчдадаа яриад эхэлжээ.

Энэ байдал зээлээс зээлийн хооронд амьдардаг ард түмний хувьд хүнд тусах боллоо. Монголд зээлгүй айл бараг байхгүй. Орон сууцны зээл, цалингийн зээл, автомашины зээл, хэрэглээний зээл гээд бичээд байвал дуусахгүй. Хот суурин газар гэлтгүй хөдөө уулын бэлдэх айл ч малчны зээлтэй байгаа. Аалзны тор шиг зээлийн торонд арай гэж аж төрж байгаа нь бидний үнэн. Тиймээс банкууд зээл олголтоо зогсоовол монголчуудын амьдрал ч зогсоно гэсэн үг.

Тэгвэл банкууд зээл олголтоо зогсоогоод эхэлсэн шалтгаан нь санхүүжилтын хөрөнгө багассантай холбоотой аж. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид мөнгөө банк бус санхүүгийн байгууллагад эргэлдүүлж байсан гэх мэдээлэл ч цацагдсан. Хэрвээ энэ үнэ бол олон ББСБ хаалгаа барих бололтой.

Ерөөсөө л улс орон мөнгөний эргэлтгүй болж байгаа нь эдийн засгийн хувьд томоохон цохилт өгч тэг зогсолт хийхэд ойрхон байна. Эдийн засагчид ч энэ талаар ам нээх боллоо. Тухайлбал, Д.Ангар “Мөнгөний эргэлтгүй болсон. 2023 он гэхэд бид ипотекийн зээлээ ч төлж дийлэхээ байна. Монгол банк ч доргино” гэсэн.  Мөн тэрбээр “Ний, нуугүй хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн эрсдэл Шри Ланкаас 4.2 дахин том байгаа. Тодруулбал, Шри Ланка улс  50 тэрбум ам.долларын өртэй, 22 сая хүн амтай. Нэг хүнд ногдох өр нь 2.272 ам.доллар. Гэтэл Монгол 3.4 сая хүнтэй ч 33 тэрбум ам.долларын өртэй. Нэг хүнд ногдох өр нь 9.705 ам.доллар байна. Шри Ланка Монголыг бодвол харьцангуй үйлдвэрлэгч улс. Монгол Улсын хувьд уул уурхайгаас өөр ямар ч үйлдэрлэл байхгүй. Хил дээр гацаа үүсэхээр улсаараа хямарчихдаг өрсөлдөх чадваргүй эдийн засагтай. Өлсгөлөн,  сүйрэл гэх зэрэг  маш том эрсдэлүүд бий. Ер нь Монгол, Шри Ланкын араас орох вий" хэмээн ярьсан байдаг. Магадгүй Монгол банкны бодлого байгаа онохгүй байгаа шалтгаан ч бий байх. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл ирэх онд Монгол Улс эдийн засгийн хувьд ч, бодлогын хувьд ч дампуурлаа зарлаж ард түмэн бүрэн утгаараа хүнд байдалд орох аюул нүүрлээд байна..!!!

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)