Дарханы зам эхэлсэнээс хойш УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хөрөнгө орлого өсчээ

Admin | 2022-08-15


   АТГ-аас ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ. Тодруулбал, 2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, тус яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Х.Оргил-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн байна. Мөн тухайн үед Дарханы замын ажлын тендерийн ажилд оролцож байсан албан тушаалтнуудын 30 гаруй объектд нэгжлэг хийсэн байна.

Х.ОРГИЛ-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ?  

Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга Х.Оргил-Эрдэнэ нь Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож тангарагаа өргөсөн ч тухайн ажлаа огт хийгээгүй нэгэн гэдэг. Учир нь төд удалгүй тэрээр ЗТХЯ-ны газрын даргаар томилогдсон юм. Энэ томилгоонд нутгийн ах одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын оролцоо байсан гэлцдэг.

Х.Оргил-Эрдэнэ нь тухайн албан тушаалд байхдаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11км авто замын баруун аймгууд руу салдаг уулзвараас 52-ын даваа хүртэлх авто замын ажилд оролцсон “Хэйлонжиан жинье рөүд энд бридж” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаас (2019.12.30) албан өрөөндөө 20000 юань буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 7.882.400 төгрөгийн авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан нэгэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН ДАРХАНЫ ЗАМ ЭХЭЛСЭНЭЭС ХОЙШ ХӨРӨНГӨ ОРЛОГО НЬ ӨСЧЭЭ

“Мишээл экспо”-ийн эзэн одоогийн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн. Тухайн үед Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг хар толгойгоороо хариуцна хэмээн амлаж замыг хуулсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн зам ашиглалтанд оролгүй өөрөө ч тэр хэрэгтээ ороогдсон бололтой АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн байх юм. АТГ-ын шалгалт үндэслэлтэй ч байж магадлалтай. Учир нь Б.Энх-Амгалангийн орлого сайд байх үед нь өссөн байх юм.

Сайдаар ажиллаж эхэлсэн он буюу 2019 онд түүний орлого 147 сая төгрөг байжээ. Харин 2020 онд 387 сая 646 мянга болж өссөн байх юм.

Орон сууц: Барилга байгууламжийн тухайд 2 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшин, 1 өвөлжөөний байшинтай бөгөөд эдгээр хөрөнгө нь 1 тэрбум 752 сая төгрөгийн үнэлэмжтэй аж.

Автомашин: Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, RX 350- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200 хөлөглөдөг тэрээр нийт үнэ нь 352 сая 500 мянган төгрөгийн үнэлгээтэй байна

Мал, аж ахуй: 500 хонь, 50 үхэр, 96 адуутай бөгөөд нийт үнийн дүн нь 557 сая 500 мянган төгрөг. Харин 185 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй.

Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 152 сая 825 мянга бол гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, дансгүй хэмээжээ.

Хувьцаа: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь 2018-2019 онд Их Монгол Алтай Групп ХХК, Мишээл Экспо ХХК, Алтан-Уул интернейшнл ХХК, Говь-Алтайн Мааньт ХХК, Мандал хүдэр ХХК нараас хувьцаа эзэмшдэг байсан бөгөөд 2021 онд Мишээл Экспо ХХК, Их Монгол Алтай Групп ХХК нараас 20% болон 100%-ийн ногдол хувь эзэмшдэг хэмээн АТГ-т мэдүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)