Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД АА ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БАРИЛГА БАРЬДАГ 1000 ОРЧИМ КОМПАНИ ДАМПУУРЛАА

Admin | 2022-09-14


 

                  Төсвийн хөрөнгөөр барилга барьдаг компаниудын өнөөгийн нөхцөл байдал

Барилгын салбарын онцлог нь 100 хувь хувьчлагдсан, гүйцэтгэлийн үйл ажиллагааг хувийн хэвшил дангаараа авч явдаг мөн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрээсээ хамаараад хоёр хуваагддаг.

1. Төсвийн хөрөнгөөр барилга  угсралт засвар үйлчилгээ гүйцэтгэдэг  аж ахуй ахуй нэгжүүд 

2. Хувийн хөрөнгө оруулалтаар орон сууц, оффиссын барилгын ажил гүйцэтгэдэг компаниуд гэж ангилдаг

Бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьдаг компаниудын төлөөлөл бөгөөд энэ салбарт тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг танилцуулж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа 1142 төсөл арга хэмжээг гүйцэтгэж байгаа 800 орчим компанийн санхүүгийн байдал эрс хүндэрч дампуурлын ирмэгт байна.Ажил гүйцэтгэгч компаниуд банк, ББСБ, хувь хүмүүсээс зээл авч төрийн ажил хийсээр асар их өрөнд орж дампуурах эрсдэлтэй тулгарсан шалтгаан нь Тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн төсөв нь хуучин төсөв буюу  цалингийн зардал нь 2009 оны, машин механизмын зардал нь 2012 оны, тээврийн зардал нь 2019 оны тарифаар бодогдож байгаагаас  гүйцэтгэгч компаниуд асар их алдагдал хүлээж цаашид тухайн барилгуудыг барих боломжгүй болсон. Мөн  2020 оны 1-р сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр Монгол улсын хил бүрэн хаагдаж хил гаалийн нэвтрүүлэлт саатсанаас үүдэлтэй бараа материалын хомсдол, үнийн хэт өсөлтөөс үүдсэн өндөр хэмжээний бодит алдагдлыг компаниуд хүлээсэн.

Эдгээр шалтгааныг харвал 1. Төрийн  үйл ажиллагаанаас болсон хүндрэл 2. Цар тахлын нөлөөгөөр үүссэн хүндрэл гэж хоёр хувааж болохоор байна. Ингээд дээрх хоёр шалтгааны талаар товч бичье.

   1.Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүндрэл бэрхшээл

  • Төсвийн тодотгол

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулдаг бүх хувийн хэвшлийн байгууллагууд төсвийн хуулийн дагуу үйл ажиллагаагаа төлөвлөж явуулдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж төсвийн тодотгол хийж байгаа нь тэдгээр ААН-үүдийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж байна. Төсвийг тодотгохдоо түүнд нийцүүлнэ үйл ажиллагаа явуулж байгаа бараа ажил, үйлчилгээ нийлүүлдэг ААН-үүдээс санал авахгүйгээр УИХ-с шууд алх цохиж шийдэж байгаа нь ихэнхи компаниудыг санхүүгийн хүндрэлд оруулж байна. Энэ бол хамгийн том нийтлэг алдаа.

Жишээ №1: 2020 онд нэгэн компани банкнаас 800 сая төгрөгийн зээл аваад барилгын ажлаа гүйцэтгэж байх явцад ковидын шалтгаанаар төсөв тодотгохдоо тухайн жилд суугдсан 2.7 тэрбум төгрөгөөс 70 хувийг нь шууд хасч 600 сая төгрөг үлдээсэн. Ингэснээр тухайн ААН банкны зээлээ төлж чадалгүй зээлээ сунгаснаар зээлийн хүүгийн дарамтад орсон. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 470 сая төгрөг. 2020 оноос хойш жил бүр 120 орчим сая төгрөгийн хүү жил бүр төлж байгаа. Одоо цаашид төлж чадахааргүй болсон.

Жишээ №2:  2022 он. Нэгэн компани ажлын тендерт шалгараад хувь хүнээс 300 сая төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлээд ажлаа эхэлсэн. Ингээд анхны санхүүжилтээ авахаар бүх холбогдох газруудаар нь явж гар хөлийн үсгээ   зуруулаад сангийн яаман дээр очиход Төсвийн  тодотголоор бүх мөнгийг нь татсан байсан. Одоо зээлийн хүүгийн дарамтад орсон. Гурван зуун саяын зээл нь одоогийн байдлаар зургаан зуун сая төгрөг болсон.

  •  Төсвийн хувиарлалт

Энэ бол бэрхшээл биш боломж байх байсан боловч сүүлийн жилүүдэд төлөвлөгдөж байгаа барилгуудыг эдийн засгийн нөхцөл байдал болон сонгуультай уялдуулан ашиглалтад хүлээх авах сонирхолтой болсноор тэрбумын томоохон төсөвтөй барилгуудыг жил бүр 50, 100 сая төгрөгийн санхүүжилт төлөвлөж төсөвт тусгадаг байдал газар авсан. Зүй нь Төсвийн тухай хуулийн 29.3.5- т “ шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хувиарласан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгэх.” гэж заасан. Өөрөөр хэлбэл Та 3 тэрбум төгрөгийн ажил 3 жилийн хугацаатай гүйцэтгэхээр гэрээ хийсэн гэвэл жилд ноогдох хамгийн бага санхүүжилтийн хэмжээ 1 тэрбум төгрөг байна гэсэн үг. Гэтэл энэ хуулийн заалт сүүлийн жилүүдэд хэрэгжих байтугай үлгэрийн далай болж байгаа маш олон тохиолдол байна.  

Жишээ нь: Нэгэн компани 13 тэрбумын тендерт ялаад 494 сая төгрөг гүйцэтгэлийн баталгаанд  банкинд байршуулсан. 2022 онд 1.5 тэрбум төсөвт тусгагдсан байхад тодотголоор 300 сая төгрөг болгож танасан. 2 жилийн гэрээтэй.

  •  Ажлын гэрээний 30 хувиа өгөөд ажил эхлүүлдэг байдлыг зогсоосон явдал

2012 оноос өмнө Ажлын гэрээ байгуулсан компаниудтай гэрээ байгуулаад санхүүжилтийн 30 хувийг Төр шууд олгодог байсан. Энэ үед компаниуд санхүүжилтээ аваад шууд ажилдаа ордог байсан. Энэхүү журам байхгүй болсноос хойш компаниуд гэрээ байгуулаад шууд банкны үүдэнд очдог болсон. Ингээд ААН-д банк, ббсб, ломбард, мөнгө хүүлэгчдийн халаасанд орж зээлийн хүүгийн дарамттай учирсан. Мөн ажлын гүйцэтгэлийн хугацаа зээл бүтэх хугацаанаас шууд хамаарч ажил эхлэх, үргэлжлэх хугацаа уртассан. 2022 оны УИХ-ын хаврын чуулган дээр С.Даваасүрэн гишүүн бидний үед санхүүжилтийн 30 хувийг нь төр өгөөд ажил хийлгэдэг байсан шүү. Нэг их луйвардаад алга болоод байдаг компани байгаагүй шүү гэж хэлж байсан. Энэ нь санхүүжилтийн хамгийн зөв тогтолцоо байсныг илэрхийлж байна. Тиймээс энэхүү санхүүжилтийн тогтолцоог сэргээх цаг нь болсон.

  •  Тендерийн хуулийн хамгийн бага үнийн санал хамгийн сайн тендер гэж шалгаруулдаг явдал

Энэ бол маш олон жил яригдсан асуудал. Хамгийн бага үнэ бол хамгийн хямд материал, хамгийн хямд ажиллах хүч /мэргэжлийн бус /, хамгийн чанаргүй барилга гэсэн үг. Гэхдээ үүнийг төр засгийн түвшинд ойлгосон учраас Худалдан авах ажиллагааны хуульд өөрчлөлт оруулсан.

  •  Санхүүжилтийн гүйцэтгэлд хэт олон гарын үсэг зурж санхүүжилтийг удаадаг байдал

Энэ бол Гүйцэтгэгч нарын хувьд хамгийн их тохиолддог зовлон. Үүнтэй нүүр учраагүй нэг ч барилгын компани байхгүй гэдэгт итгэлтэй байна. Жишээ нь: Нэгэн компани 2021 оны 7-р сарын 5-ны өдөр гүйцэтгэлээ бичээд гарын үсэг зуруулж явсаар 9-р сарын 7-ны өдөр санхүүжилтээ авсан. Мэдээж наадмын олон хоногийн амралт бол аймаар. Энэ хугацаанд тухайн барилгаа барихад зориулж авсан ГЭРЭЭ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ХҮҮНД   банкинд  14 сая төгрөг  төлсөн. Хэрэв 10 хоног дотор санхүүжилтээ авч чаддаг механизм байсан бол ийм их хүү ТӨРӨХГҮЙ, ТӨЛӨХГҮЙ байсан.

  •  Зураг төсөлгүй, магадлалаар ороогүй барилгуудыг тендер зарлаж ажил эхлүүлдэг байдал

Нэг дарга,УИХ-н гишүүн төсөвт мөнгө суулгана. Тэрэндээ таарсан сургууль цэцэрлэг гм ажил эхлүүлнэ. Эцэст нь тендерт орсон компани хохирно. 29.4.Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана. гэж заасан энэ заалт ихээхэн зөрчигддөг. 2021 оны 01-р сарын 1-ний өдрөөс өмнөх төсөл арга хэмжээнүүдэд иймэрхүү зөрчил маш элбэг байсан.

  •  Царцаах

Төр концессийн гэрээ байгуулж аж ахуй нэгжүүдээр зам барилгын ажил хийлгэнэ. Эцэст нь мөнгөө өгөхгүй мурихыг царцаах гэнэ. Баахан компаниуд өөрийн хөрөнгөөр болон банкны зээлээр ажил хийгээд дампуурна. Ийм явдал барилгын салбарт нэг бус  удаа гарч байсан. Маш олон компаниуд хэдэн зуун тэрбумаар хохоирч дампуурч алга болсон.

  •  Авлига

Сүүлийн 20 жил авлигагүй тендер гэж байхгүй болсон байхаа. 10 хувийн авлигаа аваад дээрээс нь ашиг хуваана гэдэгтээ тулсан дуулдаж байсан даа. Одоо бүгд дампуурвал авлигачдаа зарлах нэг л гарц байна. Үүний дараа барилгын салбар авлигаас ангижирч магадгүй.

  •  Хууль, дүрэм, гэрээний үүргээ биелүүлдэггүй явдал

Төр өөрөө хууль дүрэм гаргаж хэрэгжүүлдэг. Ард иргэд, аж ахуй нэгжүүд түүнийг мөрдөж ажилладаг. Гэвч төр байгуулсан гэрээний үүрэг, хуулиар хүлээсэн үүргүүдээ биелүүлэхгүй тохиолдол хэвийн үзэгдэл болсон.

Жишээ нь: Төсвийн тухай хуулийн 29.2.2.барилга байгууламжийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан зураг төсөл, төсөвтэй байх; гэж заасан боловч 2021 оны 01-р сарын 1-ний өдрөөс өмнөх он дамжин хэрэгжиж байгаа ажлууд хуулийн энэ заалтыг хангахгүй байгаа. Бүгд хуучин төсвөөр тооцогдож явж байгаагаас ААН-д ихээхэн хэмжээний алдагдал хүлээж цаашид дампуурах эрсдэлтэй нүүр тулсан нөхцөл байдалтай байна.

 29.7.Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө. гэж заасан. Гэвч өнөөдрийн байдлаар 2021 онд үүссэн хуулийн энэ нөхцөл байдлыг 2021 онд тооцож 2022 оны төсөвт тусгаж шийдэх байсан атал үнийн зөрүүг бүтэн жил алдаж тооцож 2023 оны төсөвт тусгахаар ажиллаж байгаа нь мөн компаниудыг санхүүгийн эрсдэлд учруулж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4.Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараахь тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно:

40.4.1.хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн;

40.4.2.суурь үнэ огцом өөрчлөгдсөн. гэж заасан заалтын дагуу 2 жилээс дээш үргэлжилж байгаа төсөл арга хэмжээнүүдийн төсөвт өртөгт магадлал хийх үндэслэл болох боловч энэ ажил хийгдээгүй, барилгын төсөвт өртөг тооцдог шууд зардал болох цалин, материал, машин механизм, тээврийн зардлуудаас зөвхөн материалын үнийн өсөлтөд магадлал хийсэн нь өрөөсгөл бөгөөд ААН-үүдийн бодит алдагдлыг нөхөх боломжгүй байна. УИХ-ын 88-р тогтоолын 4,5 дахь хэсэгт заасныг зөрчиж байна гэж бид үзэж байна.

Барилгын тухай хуулийн 24.5.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн, зохих журмын дагуу баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно.

 2. Цар тахал, хил гааль тээвэр ложистикоос үүдэлтэй хүндрэл бэрхшээл

  • Цар тахал

 2020 оны 1-р сард БНХАУ-н Ухань хотод короно вирус илэрч тахал хэлбэрээр тархсанаар дэлхий нийтэд тархаж ДЭМБ-с дэлхий нийтийг хамарсан пандемик буюу цар тахал хэмээн зарласан. Монгол улс дэлхий бүх улсаас хамгийн түрүүнд хил гаалиа хааж хаалттай орон болсон ба энэ цагаас эхлэн бид форс мажорын нөхцөлд амьдарч эхэлсэн. Ингээд төр засаг ард иргэд, ААНүүдээ дэмжсэн олон арга хэмжээг авч эхэлсэн. Гэрэл цахилгааны үнэ даах, зээлийн хүү бууруулах, 3 хувийн зээл олгох гм. Гэвч барилгын компаниудад нэг их наалдсан шийдвэр гараагүй.  Хөл хорио, 2020 оны зун бид анх цементийн үнийн өсөлттөй нүүр тулсан. Учир нь хил хаасан учраас цементийн үйлдвэрийн туслах материал, нарийн мэргэжилийн хятадууд орж ирээгүй учраас үйлдвэрлэл саатаж, нийлүүлэлтийн хомсдол бий болсон. Ингээд 2021 оны есөн сард үнийн өсөлтийн эсрэг жагсаал хийж үнийн өсөлтийг 2020 оноос тооцуулах тухай ярьж эхлэхэд 2020 оны цементийн үнийн өсөлт түр зуурын байсан учраас та нар эрсдэлээ даа гэдэг байдлаар хандаад үнийн өсөлтийн 2021 оны 01-р сарын 01-ний өдрөөс тооцох журам гарсан. Мөн л олон компани 2020 оноос үнийн өсөлт тооцоогүйгээс хохирч байна.

 Олон жилийн турш барилгын үнэ бүрдэл, зардлын тарифаа шинэчлээгүй явсаар эдийн засгийн хямралд өртөх нь тодорхой болж байсан төсвийн хөрөнгөөр барилга барьдаг барилгын салбарын 1000 орчим компанийн нөхцөл байдал короно вирусын үе болон өнөөдрийн нөхцөл байдлыг давж чадалгүй хүндэрч энэ байдлаараа 2023 онтой залгавал компаниуд зуу зуугаараа дампуурах нь тодорхой боллоо.  Шинэ сэргэлтийн Засгийн газрын 100 дах хоногоос эхлэн Төсвийн хөрөнгөөр барилга барьдаг компаниуд зуу зуугаараа дампуурах эрсдэл бодитой нүүрлэсэн. Цаг хугацаа яг ингэж таарч байна.

 Жич: Гарц гаргалгаа байгааг дахин уламжлъя.

 УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ СОЁЛЫН ТӨВ, СПОРТ ЗААЛ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДНЫ БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА 21 АЙМАГ 9 ДҮҮРГИЙН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛГАЧДЫН  НЭГДЭЛ” ТББ-ын ТЭРГҮҮН Ч.НАРАНБААТАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)