Сайн байна уу, Ерөнхий Сайд аа

Admin | 2022-09-18


   Улаанбаатар хотын түгжрэлийг улсын хэмжээнд анхаарч Хотын даргаас гадна Хот хариуцсан сайд, Хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Энэ олон дарга нар Ерөнхий сайдтай, сайдгүй хотынхоо асуудлыг шийдчих биз.

Харин Ерөнхий сайд хөдөө орон нутгаа нэг тойрохгүй бол хэцүүдэх нь. Энэ жил их л хатуу өвөл болно гэж аль зунаас анхааруулах боллоо. Баруун аймгуудад өвөлжилт хүндрэх, олон жилийн дунджаас ахиу цас унах, эрт хүйтрэх гээд ойрын хэдэн жилдээ байгаагүй хүйтнийг бид энэ жил туулах нь. Үе үеийн Ерөнхий сайдууд 21 аймаг 360 сумаа тойроод дөрөө мултлах завгүй л явдаг байв. Орон нутгийн иргэдтэйгээ уулзаж, нөхцөл байдалтай танилцаж урьдаас өвөлжилтөд бэлтгэж ирсэн нь бичигдээгүй хууль.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотынхоо асуудалд хэтэрхий улайрч, эсвэл гадаад гэж гүйгээд хөдөөгийн иргэдээ мартсан бололтой.  Ялангуяа Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар энэ зун хур бороо багатай гандуу орж, бэлчээр муу байна.

Салбарын яам нь болж өгвөл малаа эртхэн зарж, борлуулах хэрэгтэй гэж малчдад зөвлөж байгаа ч олигтой тарга аваагүй малыг наймаачид тоож авахгүй байгаа талаар малчид ярьж байна. Гэтэл өвлийн зуднаас өмнө сургуулийн хүүхдийн хувцас, оюутны төлбөр гээд намрын асуудлаа шийдэж чадахгүй малчид халаглаж сууна.

Хот газрын хүмүүс яах вэ, тог цахилгаан, түлээ түлш нь байвал өвлийг өнтэй давчихна. Харин хөдөөгийн малчид хөр цасны хайрууд хэдэн малаа туучих гээд их л зутруухан онд ордог. Дээр нь энэ жил баруун аймгууд тэр чигтээ зуданд нэрвэгдэх нь. Тиймээс орон нутагт ажиллаж эртнээс зохицуулалт хийж малчдыг өнтэй давахад анхаарах нь Ерөнхий сайдын гол ажлуудын нэг. Энэ улс чинь ганц Улаанбаатар биш шүү дээ. Бүхэл бүтэн 21 аймаг, 360 сумтай улс. Монгол Улсын Ерөнхий сайд хэр менежмент сайтай ажиллана төдий чинээ улсаараа хүн, малын хохирол багатай өвлийг давна. Үгүй бол хэдэн малчид малаа зуданд тууж, модоо барина. Модоо барьсан малчид аргагүйн эрхэнд хот бараадаж, чадалтай ажил хийж чадалгүй нь Улаанчулуутын хог түүгчдийг тоог нэмэгдүүлнэ.

Тиймээс Ерөнхий сайд орон нутгийн амьдралтай нэг танилцаж  ажлаа хийнэ байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)