ТОГ ХЯЗГААРЛАЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ бухимдуулаад ЭХЭЛЖЭЭ

Admin | 2022-09-20


   Эрчим хүчний яамнаас энэ өвөл тог, цахилгаан хязгаарлана шүү, ард түмэн минь эртхэн лаа шүдэнзээ бэлдээрэй гэж хэнэгчгүй захих болсон. Тэгвэл яриад байгаа цахигааны хязгаарлалтаа хийгээд эхэлсэн бололтой. Манай томоохон үндэсний үйлдвэрлэгчид бухимдаад эхэлжээ. Учир нь хэсэгхэн зуурын тог хязгаарлалт ч үйлдвэрийн горим алдуулж маш их хэмжээний хохирол учруулдаг байна. Ямартай 21-р зуунд тог хязгаарлаж, лаагаа асаа гэсэн Засгийн газрын хэмнэлт эхнээсээ үндэсний үйлдвэрлэгчдийг бухимдуулж, хохиролд оруулах болжээ. Энэ талаар тэд цахим хуудсандаа ийн илэрхийлсээр байна.

                 Л.АРИУНБОЛД: Урьдчилсан сануулгагүй тог тасалж байна

“Монгол Базальт” компанийн захирал Л.Ариунболд:  Өнгөрсөн шөнө 19:35-21:40 хүртэл 2 цаг, iөнө 3:15-3:45 хүртэл 30 минут ямар ч урьдчилсан сануулгагүй тог тасалж байна. 2000 хэмийн өндөр градуст ажиллаж байгаа шугамд технологийн маш ноцтой горим алдуулж буцаан сэргээн ажиллахад асар их зардал хүч ордогийг Төр яахан мэдэх билээ. Урд нь ч зөндөөн ийм явдал болдог. Чадварлаг ажилтан нарынхаа туршлага авьяас самбаагаар зардалтай ч сэргээн ажилласаар өдий хүрсэн. Эрчим хүчний салбар маань хүнд байгааг мэдэж буй тул тэр болгон дэлгэдэггүй л байлаа.

Зууханд буй базальт хайлшийг царцаахгүйн тулд хэдэн тонн хайлш сул асган юулж байж зуухаа аюулгүй аварч гарна. Цаашид аж үйлдвэр яаж хөгжүүлнэ гэж боддог юм болдоо манай Засгийн газар. Ямар их хохирол гарч буйг Засгийн газар, улстөрчид юугаа ч мэдэхгүйдээ л үндэсний үйлдвэр нартаа өстэй мэт авирлах юм даа. Харамсмаар…5-р Цахилгаан станцаа барьчихсан бол…15 жил гаруй улс төрчид өөрсдөө л гацааж байна шүү дээ.

               Л.ЧИНБАТ: Ургац хураалт эд өрнөж буй чухал үед аймгаас тог тасалж засвар хийнэ гэх юм

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат: Мөрөөрөө ажлаа хийх, хүнс үйлдвэрлэх  боломж олгооч. Ургац хураалт эд өрнөж буй яг энэ чухал үед аймгаас тог тасалж засвар хийнэ гэх юм. Агуулах, хатаагч, үрийн үйлдвэр гээд олон хүний тарьж ургуулсан их хэмжээний хүнсний ногоо, тариа муудах эрсдэлд ороод байна.

Салбарын сайд дарга нар үүнийг анхааралдаа авч хэвийн ажиллагааг тасалдуулахгүй байх талаас нь анхаарч өгөөч. Тариаланчид бид дотоодынхоо нөөцийг тасалдуулахгүй байх гэж байдгаараа хичээн ажиллаж байна. Төр засаг харин энэ чухал өдрүүдэд тог цахилгаанаараа л тогтвортой хангаад өгөөч, баярлалаа. Хүнсний аюулгүй байдал үндэсний аюулгүй байдал!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)