М.ЕНГИЛИК: Баяннуур, Сагсай, Цагааннуур, Өлгий сумд хөрөнгөгүй учраас өвс нөөцөлж чадахгүй байна

Admin | 2022-09-29


Баруун аймгуудаар зун гандуу болж мал тэвээрэг муу авчээ. “Өвөлжилт хүндэрч мал онд орох хэцүүдлээ, мал үнэгүйдлээ” гэж малчид ярьж байна. Үүнтэй холбогдуулан бид Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тус аймгийн Мал үржлийн албаны дарга  М.Енгиликтэй ярилцлаа.                    

-Энэ жил баруун аймгуудаар өвөлжилт хүндэрнэ гэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил ямархуу байна?

-Манай аймаг 13 сум 95 баг 1 тосгонтой. Мал аж ахуйн өвлийн бэлтгэлийг эртнээс зохион байгуулан бүрэн хангах тухай сум албан байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлаа эртнээс хангахаар ажиллаж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх ажлыг аймаг сумдын Засаг дарга нартай хамтран зохион байгуулж байгаа.

-Баян-Өлгий аймагт зуншлага хэр болов?

-Энэ онд нийт нутгаар бороо хур багатай зуншлага нэлээд таруу байлаа. Бэлчээрийн ургамлын гарц  муу малчдын хадлангийн гарц урьд оныхоос бага байна. 

-Эрсдэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна. Малчдадаа ямар үүрэг, чиглэл өгч байгаа вэ?

-Өвлийн бэлтгэлийг эртнээс хангаж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчид уулын хадлан бэлтгэх, гар тэжээл бэлтгэн нөөцлөх, малдаа дэд зэргийн тарга хүч авхуулах үүрэг даалгавар өгч байгаа. Мөн дулаан цагт отор зохион байгуулах, ирэх өвөл, хавар гарз багатай гарахыг эртнээс зохион байгуулах талаар сумдын Засаг дарга нарт ХААГ-ын даргын албан тоот явуулан  үүрэг  чиглэл өгсөн .

-Танай аймаг хичнээн толгой малтай вэ?

-Урьдчилсан байдлаар 2.583.298 орчим мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Үүнээс Улсын тусгай хамгаалалттай газарт 747 өрхийн 254.507 толгой мал, Хилийн зурвас газарт 225 өрхийн 92061 толгой мал, Аймаг дундын отрын бүс болох Ачит нуурын сав газарт 15 өрхийн 5100 толгой  бод мал, өөрийн аймгийн бусад суманд 272 өрхийн 116.573 толгой мал, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт 585 өрхийн 109.333 толгой мал, 1.829 нийт өрхийн 572.474 толгой мал оторлохоор болж байна. Мөн хэрэглээнд гаргах малын тоог тодорхойлоход 325 мянган толгой малыг айл, өрхүүд хүнсэнд хэрэглэнэ, 350 мянган толгой малыг үндэсний үйлдвэрүүдэд болон зах зээлд  борлуулна гэж тооцоо гарсан.

-Хичнээн тонн өвс, тэжээл бэлтгэв?

-Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахад сумдын малчдын түвшинд 62.600 тн бэлтгэх өвс, 7.700тн гар тэжээл болон сумын аюулгүй нөөцөд сум бүр 50 тн өвс, 30 тэжээл, аймгийн нөөцөд 100 тн өвс, 35 тн тэжээл бүрдүүлэх төлөвлөгөө гарсан.

-Аймаг, сумын үндсэн нөөцөөс аюулгүй нөөц гэж бас давхар бэлддэг шүү дээ?

-Аймгийн аюулгүй нөөцөд 145тн өвс,100тн хивэг бэлтгэн нөөцөлсөн байна. Сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн хувьд Алтай сум 20тн өвс, Алтанцөгц сум 15тн тэжээл, Бугат сум 30тн өвс, Буянт сум 12тн өвс, Булган сум 23тн тэжээл , Дэлүүн сум 30тн өвс, 25тн тэжээл, Толбо 35 тн өвс, 20тн тэжээл, Цэнгэл сум 16тн өвс, 25тн тэжээл, Ногооннуур сум 6тн тэжээл, Улаанхус сум 5тн өвс, 5тн тэжээл тус тус бэлтгэн нөөцөлсөн бол Баяннуур, Сагсай, Цагааннуур, Өлгий   сумууд аюулгүйн нөөцөд огт өвс тэжээл бэлтгэн нөөцлөөгүй , одоогоор ямар ч хөрөнгө зардал хуваарилагдаагүй  байна.

-Өнөөдрийн байдлаар өвс, тэжээлийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна?

-Есдүгээр сарын 29-ний  байдлаар малчид иргэдийн оролцоотойгоор   51.477тн өвс, 7.599тн гар тэжээл, 3.609 тн давс хужир шүү бэлтгэж малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл 86 хувьтай байна.

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)