Алдаа гаргасан Засгийн газар огцордог байхад “НОЙРГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА” гээд зандардаг болжээ

Admin | 2022-09-30


  Саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл ард түмнээ доромжилсон хэр нь “бид нойр хоолгүй ядууралтай тэмцэж байна” хэмээн гоншигносон. Түүнд олон нийтийг доромжилсондоо уучлал гуйх ухаан байсангүй. Зөвхөн өөрийгөө өмөөрч, өөд уруугүй ажиллаж байхад хэмээн ялархаад авсан. Түүний дараа Сангийн сайд Б.Жавхлан мөн л нийгмийг доромжилсон бичлэг хийлгэчихээд “нойр хоолгүй ажиллаж байна. Би бичлэгийг мэдээ ч үгүй” гэж бас ярив. Үүнээс харахад сүүлийн үеийн Засгийн газрын гишүүд улс эх орноо авч явах ажил, үүргээ ял мэт хүлээн авдаг нь харагдаж байна. Ерөөс ард түмэн тэднийг сайдад суудалд гуйж суулгаад биднийг ядуурлаас гаргаад өгөөч гээд сөгдөн мөргөөд байгаа бололтой дог шүү.

Гэхдээ улс орноо өнөөгийн байдалд хүргэсэн хүмүүс нь тэд. Бүхэл бүтэн улсын Засгийн газар хэр нь олигтойхон бодлого ч үгүй ажиллаж байх гэж. Салбарын яам толгойлж байгаа сайд нь сам, сэнс өгч иргэдийг үсчний сургалтад хамруулна гээд ярьж суугааг харахад яам нь ч бодлого байна гэсэн үг. Шат шатандаа ямар ч бодлогогүй учраас л өөрсдөө ч нойргүй яваа бололтой. Тэглээ гээд ард түмэнд бурууг тохож болох уу. Бараг л та нарын өмнөөс нойргүй ажиллаж байхад олон юм битгий яриад бай гээд байгаа аятай л аяглах юм.

Үнэндээ энэ Засгийн газарт өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөөд ганц уучлалт гуйчих хүн ч байхгүй юм байна. Бүгд л дуртайдаа сайдлын суудалд суучихаад хариуцлага ярихаар хүчээр суулгачихсан аятай авирлаж байна. Одоогийн Засгийн газрын  нас дуусахад бага хугацаа үлдсэн. Гэвч улс орны байдал байдгаасаа ч дордсон. Одоо сэхэл авахад тун ч хэцүү боллоо. Харин Засгийн газар битгий хэл нэг ч гишүүн буухдаа хариуцлага хүлээх үү. Үгүй л болов уу. Хамгийн сүүлд тавчигтай эмэгтэйгээс болж Засгийн газар огцорч байсан. Харин өнөөдрийн Засгийн газрынхан алдаа гаргачихаад юун хариуцлага хүлээх, бүр зандраад суудаг болжээ.

Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)