“Суруга Монгол” компанийн эзэнд хар тамхины хэрэг тохсон томчуудын нэр ил болох нь

Admin | 2022-10-19


  Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн хэргүүдийг дэлгэрэнгүй танилцуулна гэж хэллээ. Ингэхдээ энэ сарын 28-нд гэж бүр өдөр товлов. Өдөр товлохыг бодоход нэлээдгүй баримт дэлгэх нь ойлгомжтой болоод явчихлаа.

Олон нийтийн дунд Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон Япон хөрөнгө оруулагчид хар тамхины хэрэг тохоод хилээр хар тамга дараад гаргасан гэдэг яриа их удаан явсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй уг ярианы талаар өнгөрсөн есдүгээр сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ноцтой мэдээлэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Тэрбээр “Суруга Монгол” компанийн хохирогчийг Японоос авчрахаар хууль хяналтын байгууллага хөөцөлдөж байгаа. 70 гаруй насны хүн байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг хэрэгт өндөр албан тушаалтнууд ч холбогдоно” хэмээн ярьсан. Тэгвэл тухайн хэргийн талаар өнөөдөр ахин мэдээлэл хийв. Ингэхдээ 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргүүдийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулахаа мэдэгдэв. Бүр Ерөнхий прокурор, тагнуулын байгууллагын дарга, Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс холбогдсон гэдгийг ч хэллээ.

                                  Хэн хэн хэрэгт холбогдсон бэ?

Тэгэхээр нэлээд ширүүхэн үйл явдал болох нь тодорхой боллоо. Учир нь ХЗДХ-ийн сайд Ерөнхий прокурор, тагнуулын байгууллагын дарга, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс холбогдсон хэргүүд ч бий гэсэн. Тэгвэл “Суруга Монгол” компанийн захирал Цүнэяки Хараг хар тамхины хэрэгт холбогдуулж Монголоос хөөж гаргаж байсан хэргийн эзэд тодорхой зарлагдах бололтой. Тус хэрэгт Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан М.Ганболд, Тагнуулын ерөнхий газрын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Ц.Уугангэрэл болон Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц нар холбогддог. Тэднийг өнгөрсөн сараас шалгаж эхэлсэн мэдээлэл ч цацагдсан.

Товчхондоо, 2012 онд “Суруга Монгол” компанийн захирал 67 настай Цүнэяки Хараг “Палас” зочид буудалд байхад нь хууль хүчнийхэн хар тамхины хэргээр баривчилсан. Улмаар дөрвөн сар хорьж шалгасны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Удаа ч үгүй дээрх Япон захирал нутаг буцаж дахин Монголд орж ирэх боломжгүй болж хар тамга даруулсан гэдэг.

             Хууль, хүчний байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хүмүүс дундаа нэг компанитай юу?

“Суруга Монгол” компани анх “Жапан таун” хорооллыг барьсан бөгөөд тэр орчмын 88 га газрыг эзэмшиж байсан аж. Харин үүний дараа дээрх хүмүүсийн ойр дотны хүмүүс нийлсэн долоон хүний хувьцаа эзэмшигчтэй компани байгуулагдаж “Суруга Монгол” компаниас 10 га газар шилжүүлсэн талаар хэвлэлүүд олон ч удаа мэдээлсэн. Нэг хүний 1.6 га газар эзэмшдэг гэсэн үг. Базаад хэлэхэд хууль хүчний байгууллагын удирдлагууд Японы эзэнд нь хар тамхины хэрэг тохож гаргасныхаа шагналыг газраар хүртсэн гэж харагдаж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь “Суруга Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Чинбаяр ажилладаг бөгөөд дээрх долоон хүний нийлж байгуулсан “Нью даун таун” компанийн нэг хувьцаа эзэмшигч нь. Дээрх долоон хүний бүрэлдэхүүний холбоо хамаарлыг дурдвал аалзны торноос ч илүү албан тушаал, ашиг сонирхол, улстөр, нам эвслийн сүлжээ үүсч байгаа юм. Товчхондоо “Суруга Монгол” компанийн эзэмшиж байсан газрыг түүнээс хойш хэд хэд хувааж “Хүннү”зэрэг үнэтэй хорооллууд сүндэрлээд буй. Тиймээс дээрх хэргийн холбогдогчдоос эхлээд өөр иймэрхүү замаар гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж хөөж гаргасан хэргүүд олны нийтэд ил зарлагдаад эхэлбэл нэлээд шуугиан тарих нь дамжиггүй. Ямартай ч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг бүлэгтэй хийх тэмцэл тэдний нэрийг ил зарлахаас эхлэх нь.

Д.СҮРЭН

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)