Зогсоолоо шийдэхийн оронд ИРГЭДИЙН дунд "ЯС" хаяж байна

Admin | 2022-10-26


  Улаанбаатарын нэгдүгээр зовлон замын түгжрэл гэж бодвоос хоёрдугаар зовлон автомашины зогсоол. Энэ бол зөвхөн автомашинтай хүмүүсийн зовлон шүү. Тэрнээс нийслэлийн тэргүүн зэргийн зовлон бол арай өөр зүйлүүдийг нэрлэхэд хангалттай их. Гэхдээ түгжрэл, зогсоол хоёрыг сүүлийн жилүүдэд манай хотын удирдлагууд шийдэх гээд шийдэж чадахгүй зовж байгаа юм. Бүр түгжрэл хариуцсан сайд гаргаад ч нэмэргүй зүйл гэдгийг нэгэнт бид ойлгосон. Дээр нь зогсоол. Улаанбаатар тийм хангалттай зогсоолтой билүү. Бүгд л алга дарам зайгаа хашиж, хаалт хийгээд төлбөр авдаг. Төлбөртэй нь ч одоо олдохоо байсан. Бид төлбөртэй зогсоолд амжиж тавихын тулд 9 цагт эхлэх ажилдаа 7 цагт ирдэг болоод удаж байна. Төлөвлөлтгүй хот, зохицуулалтгүй нийгмийг иргэд шүүмжлэхээр зүгээр л үнэ төлбөр, хураамжийг нь нэмчихдэг. Зунжин л зогсоолын төлбөрийг цаг нь 3000 төгрөг болгоно. Хотын төвд орж ирэхдээ татвар төлнө гэх мэтчилэн дандаа иргэдийн халаас руу шууд чиглэсэн ажил ярьдаг.

Эсвэл за та нар тэгвэл чамайг хохироогоод байгаа наад хүнээсээ мөнгөө гаргаж ав гээд л хүчээр тулгачихдаг. Үүний тод жишээ бол явган хүний зам дээр машины тавьсан хүний зургийг та дараад бидэн рүү аль болох олныг явуулаарай. Тэгвэл танд тэдэн төгрөг өгье гэдэг ажлыг өчигдрөөс эхлүүлж. Үүнийгээ "E-police" апп гээд их гоё нэр өгчхөж байгаа юм. Угтаа иргэдийн бухимдлыг ашиглаж хүний гараар могой барьж буй төрийнхний ажил. Замын цагдаагийн ажлыг машин ачилтаар бас хөнгөлдөг. Иргэд машин ачилтынхныг хүн чанаргүй гэж муулдаг байсан бол одоо тухайн зураг явуулсан иргэнийг муулах ажил гарах нь. Товчхондоо нэг нь нэгнийхээ мууг үзэж, нөгөөгийнхөө хараалыг хүртэх нь. Хэдий буруу үйлдэл гаргасан ч хүн гэдэг бусдыг л шүүмжилдэг хойно олон торгуулаад ирвэл мэдээлэл өгсөн хүнийг л буруутгаж хараах нь ойлгомжтой.

Явган хүний зам дээр мэдээж машин тавьж болохгүй. Гэхдээ жолоочдыг ийм байдалд хүргэхгүйн тулд зогсоолыг л хангалттай болгох нь энэ бодлого гаргагчдын ажил. Ялангуяа хотын төлөвлөлт хариуцаж буй хүмүүсийн ажил. Харин тэд маань өөрсдийн ажлаа зүгээр л иргэдэд даатгаад ард түмний яс хаяад өгчхөж байгаа юм. Энэ бол эрүүл систем яав ч биш. Уучлаарай, ард түмэн та нарын нохойд барьдаг мод биш. Тиймээс иргэд ч нэгнийхээ мэдээллийг явуулж торгуулъя гэхийн оронд нэгдээд зогсоол, зөв зохион байгуулалт нэхэхийг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)